Хүүхдээ хамгаалж чадаагүй эцэг, эхчүүд буруутай юу?

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хамгаалж чадаагүй эцэг, эхчүүд буруутай юу?

Нийслэлийн 373 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Тавхан настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн харамсалтай хэрэг гарч, олныг цочирдуулаад байна. Хохирогч охины ээж нь гурван сарын өмнө самарт явахаар гарахдаа төрсөн дүүдээ үлдээжээ. Харин охиныг харж үлдсэн дүү нь эгчийгээ холбоо барихгүй удахаар нь тээршааж, өмнө нь эгчтэй нь хамт амьдарч байсан хойд эцэгт нь өнгөрсөн долоо хоногт хүргэж өгсөн байна. Бяцхан охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа этгээд Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, “Монель” орчимд амьдардаг тухай манай сурвалжлагч өчигдөр /2017.10.16/ мэдээлсэн билээ.


Эцэг, эх нь хүүхдийг 0-18 нас хүртэл хамгаалж,
хүн болгох үүрэгтэй

 

Хүүхдийн дөрвөн багц эрхийн нэг бол “Хүүхдийн эрхийн хамгаалал”. Үүнд, “Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаална гэж тусгасан байдаг. 

Гэтэл өнөөдөр эцэг, эхийн хараа хяналтгүй, хариуцлагагүй байдлаас болж, бага насны хүүхдүүд хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй, хохирсоор байна. Энэ талаар Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн ярихдаа “Сүүлийн үед 13 настай охин амиа алдсан, таван настай охин хүчирхийлэлд өртсөн эмгэнэлтэй хэрэг гарсанд гүнээ харамсч байна. Таван настай охины хувьд нэгдүгээрт, ээж нь үл хайхарсан нь хүчирхийлэлд өртөх шалтгаан болсон  Эцэг, эхийг яагаад хууль ёсны асран хамгаалагч гэж нэрлэгддэг юм бэ. Гэр бүлийн хуульд  хүүхдийг эцэг, эх нь 0-18 нас хүртэл бүх юмнаас хамгаалж, хүн болгох үүргийг нь тусгасан. Хэрэвзээ охины эцэг, эх нь ямар нэгэн асуудалтай байж байгаад хүүхэд нь хохирогч болсон тохиолдолд бусад хуулиар зохицуулах ёстой. Жишээлбэл, хүүхдээ санаатай болон санамсаргүйгээр хаяж гээгдүүлсэн, хүчирхийлэлд өртөх боломжийг бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр эцэг, эх байх эрхийг нь хасах зэргээр Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх ёстой’ гэдгийг тайлбарлалаа.
 

Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн

 

Хүүхдийн эрхийн 43 улсын байцаагч ажиллаж байна
 

“Манай нэгдүгээр ангийн хүүхдийг ахынх нь найз нь хүчирхийлэх гэж оролдсон байна” гэх гомдол долоо хоногийн өмнө Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвд иржээ. Тус төвийн зүгээс холбогдох мэргэжилтнүүдэд хандахыг зөвлөөд маргааш нь дахин утсаар лавлатал “Бид энэ асуудлыг шийдвэрлээд, тохиролцчихсон” гэсэн хариултыг гэр бүлийнхэн нь өгчээ. Энэ мэтээр бага насны хүүхдэд ойр дотны ах дүү, найз нөхөд, садан төрөл нь хүчирхийллийг үйлддэг, томчууд  буюу гэр бүлийнхэн нь  хэргийг нуун дарагдуулж, мөнгөөр тохиролцож, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал цөөнгүй гардаг талаар албаны хүмүүс онцоллоо.

Одоогийн байдлаар хүүхдийн эрхийн 43 улсын байцаагч тухайн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллаж байна. Мөн дүүргийн анхан шатны нэгж болох хороонд эмч, цагдаа, нийгмийн ажилтан, Засаг даргын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг ажиллаж, айл өрхийн судалгааг хийж, урьдчилсан сэргийлэх үйлчилгээг үзүүлж байх ёстой гэдгийг ч мэргэжилтнүүд сануулсан.

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах
бүрэн боломжтой

 

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд айдаст автах, түгших, дуугаа хураах, ганцаараа цагийг өнгөрүүлэх зэргээр зан ааш нь эрс өөрчлөгддөг байна. Хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд сэтгэл зүйн хувьд их дарамттай болдог. Тиймээс эцэг, эх нь хүүхэдтэйгээ ойр дотно байж, өөрт нь тусалж, эрүүл мэнд талаас нь анхаарч, “Энэ бол чиний буруу биш” гэдгийг ойлгуулах нь хамгийн чухал. Бэлгийн хүчирхийлэлд нийгмийн аль ч давхаргын хүүхдүүд нас, хүйс ялгаварлалгүйгээр өртөх тохиолдол гардаг. Тэр тусмаа 8-12 насныхан өртөх эрсдэл өндөр гэж судлаачид үздэг байна.

“Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах бүрэн боломжтой. Хамгийн түрүүнд эцэг, эхчүүдээс шууд хамааралтай. Хүүхэд тодорхой хэмжээний мэдээлэлтэй байвал эрсдэлээс өөрийгөө хамгаалж чаддаг. Жишээлбэл, зүй бусаар хүүхдүүдтэй харилцдаг хүмүүс худлаа ярих, мөнгөөр хуурах, айдаг зүйлийг нь ашиглах зэрэг арга заль ашигладаг. Тийм учраас бага насны хүүхдүүддээ танихгүй хүнтэй дуугарахгүй, дагаж явахгүй байх, ямар нэг зүйл болсон тохиолдолд эцэг, эхдээ хэлэх зэрэг мэдээллийг өгөх хэрэгтэй. Монголын нөхцөлд гэр бүлийн хүчирхийллийг олонд ил болгодоггүй. Эсрэгээрээ нуун далдалдаг. Үүний улмаас өсвөр насны хүүхдүүд тэр дундаа охид хүчирхийлэлд өртсөөр байгаа” тухай Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэг ярилаа.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж