Аравдугаар сарын 20-нд бүх нийтээр амрахгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 20-нд бүх нийтээр амрахгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, ‘Монгол бахархлын өдөр’ тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд буюу ирэх  арваннэгдүгээр сарын 19-ний ням гаригт тохионо. Шинжлэх ухааны академиас  Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд аравдугаар сарын 20-ны өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож, бүх нийтээрээ амрах тухай мэдээлэл тархсан юм.

Энэ амралтын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Одоогоор Аравдугаар сарын 20-нд бүх нийтээр амрах тухай албан ёсны ямар ч шийдвэр гараагүй байна. Харин ‘Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай’ хуулийн дагуу арвандүгээр сарын 19-нд Чингис хааны мэндэлсэн ‘Монгол бахархлын өдөр’ таарч буй тул бүх нийтээр амрах юм. Энэ нь билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр. 2017 оны энэ өдөр Ням гариг юм байна. Тиймээс амралтыг ажлын өдөр рүү шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ” гэв.

2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу ‘Монгол бахархлын өдөр’-үүд нь:

  • 2012 он: арваннэгдүгээр сарын 14
  • 2013 он: арваннэгдүгээр сарын 4
  • 2014 он: арваннэгдүгээр сарын 23
  • 2015 он: арваннэгдүгээр сарын 12
  • 2016 он: арваннэгдүгээр сарын 30
  • 2017 он: арваннэгдүгээр сарын 19
  • 2018 он: арваннэгдүгээр сарын 8
  • 2019 он: арваннэгдүгээр сарын 27
  • 2020 он: арваннэгдүгээр сарын 16
  • 2021 он: арваннэгдүгээр сарын 5
  • 2022 он: арваннэгдүгээр сарын 24 таарч буй юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд  үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг ‘Монгол бахархлын өдөр’ болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр зургаа дахь жилтэйгээ золгож байна. ‘Монгол бахархлын өдөр’-ийг Бүх нийтээр тэмдэглэх баяр хэмээн зарлаж, хуульд тусгаснаар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Мөн энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Түүнчлэн Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхчүүд барилддаг юм. 

Д.УУДАМ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж