"АХБ-ны 1,2 тэрбум долларын санхүүжилт орж ирлээ"

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

"АХБ-ны 1,2 тэрбум долларын санхүүжилт орж ирлээ"

Өмнөд Солонгосын “Samsung” компанийн Galaxy сүүлийн гурван сард смартфоны зах зээлд тэргүүлэн дээд амжилт тогтоогоод байгааг өнөөдөр тус компанийн эх сурвалжуудад мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Н.Энхбаяр өнөөдөр /2017.10.16/ мэдээлэл хийлээ. Азийн хөгжлийн банк /АХБ/ 2017-2020 онд Монгол Улсад 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх болсон бөгөөд энэхүү санхүүжилт ямар чиглэл, зориулалттай байх талаар танилцууллаа. Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн гурван багц асуудалд төвлөрч санхүүжилт олгохоор болсон байна. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-АХБ өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт олгож байсан бол энэ удаад 3 жилийн хугацаанд 1.2 тэрбум ам.доллар олгох боллоо. Ямар шалгуураар энэ шийдвэрийг гаргав?

-Монгол Улс 1990-1991 онд зах зээлийн эдийн засагт шилжээд олон улсын банк санхүүгийн байгууллагад анх элссэн. Хамгийн эхэнд элссэн байгууллага нь Дэлхийн банк, ОУВС, АХБ байсан. Олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажилласнаас хойш өнөөдрийн байдлаар 25 жил болж байна. Дөрвөн жил тутамд бид хамтын ажиллагааны стратегиа тодорхойлж ирсэн. Энэ хүрээнд АХБ-ны суурин төлөөлөгч Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаж, ирэх дөрвөн жилийн стратегиа ярилцсан. Суурин төлөөлөгч уулзалтын үеэр өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголд нийтдээ 2 тэрбум орчим ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан бол ирэх дөрвөн жилийн хугацаанд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх болсноо онцолж хэлсэн. Эдийн засгийн хүндрэлийг даван туулж байгаа Монгол Улсын хүчин чармайлтыг олон улсын байгууллагууд бүхий л бололцоогоороо дэмжиж байгаа. ОУВС-гийн хөтөлбөр ирэх жил орчим хэрэгжээд эдийн засаг тогтворжино. Цаашдаа АХБ, Дэлхийн банк тогтвортой өсөлтийг улам баталгаажуулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд илүү гүнзгийрүүлсэн хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээр дээрх шийдвэрийг гаргасан.

-Нийт 25 жилийн санхүүжилттэй дүйцэхүйц энэ их хэмжээний мөнгийг юунд зориулахаар тохиролцсон бэ?

-Монгол Улс 2017-2020 он хүртэл АХБ-тай хамтран ажиллах стратегийн бичиг баримтаа тохирч, хэрэгжүүлж эхлээд байна. Ирэх дөрвөн жилийн гол зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах юм. Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн гурван багц асуудалд төвлөрч ажиллана. Нийтдээ 1.2 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний төслийг хэрэгжүүлэхээр болсноос одоогийн байдлаар Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 246 сая ам.долларын 10 гаруй төсөл хэрэгжиж эхлээд байна. Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд 328 сая ам.долларын 12 төсөл хэрэгжиж байгаа. Ирэх 2018-2019 онд Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр 500 орчим сая ам.доллар, Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр 290 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, техникийн туслалцаа үзүүлнэ.

-Хэрэгжүүлэх төсөл, хөнгөлөлттэй зээл ямар салбар, чиглэлийг хамрах вэ?

-АХБ ажлын байрыг дэмжих, ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр багагүй хөнгөлөлттэй зээл олгодог. Энэ төслүүд үргэлжлээд явна. Мөн олон жилийн турш хэрэгжүүлэхээр зорьж буй мэргэжилтэй ажилчныг бэлтгэх, МСҮТ-үүдийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд цаашдаа хэрэгжинэ. Эдийн засгийн төрөлжүүлэх чиглэлээр ХАА-н салбарт нэмүү өртгийн сүлжээг бий болгоход зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнээс гадна хот, нийтийн аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэхэд АХБ техникийн туслалцаа үзүүлж ирсэн. Энэ чиглэлийн хамтын ажиллагаа үргэлжилнэ. Үндсэндээ ирэх гурван жилийн хугацаанд Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн эхний хоёр чиглэлийн хүрээнд 800 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно.

-Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, хүү ямар байх вэ?

-Олон улсын байгууллагын зээл учир өмнөх жилүүдийн адил нэн хөнгөлөлттэй байна. Төсөл тус бүрээр батлах учир тухайн үед нөхцөл тогтоно. Гэхдээ урт хугацааны зээл учир маш хөнгөлөлттэй, бага хүүтэй байна.

-Эдийн засаг тогтворжиж, өсөлт нэмэгдэх хэрээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлага анзаарагдаж байна уу?

-Өнгөрсөн дөрвөн жилийн турш Монгол Улсын эдийн засаг уруудах хандлагатай байсан. 2015 онд ОУВС-тай хөтөлбөр тохирох талаар ярилцсан ч амжилттай болоогүй. Ингээд өнгөрсөн хавар ОУВС-тай хөтөлбөр тохирч, хэрэгжүүлээд явж байна. Тодорхой улс төрийн шалтгаантай төсөл, хөтөлбөр удаашралтай явж байгаа. Гэсэн ч энэ долоо хоногт АНУ-ын Вашингтон хотод болж буй Дэлхийн банкны жилийн уулзалтын үеэр манай улсад хэрэгжиж буй ОУВС-гийн эхний шатны хөтөлбөрөө эцэслэн дүгнэхээр тохиролцоонд хүрч байна. ОУВС-гийн ажлын хэсэг ирэх долоо хоногоос манай улсад ирж, энэ сарын сүүлээр хөтөлбөрөө дүгнээд дараагийн шат руугаа орно. Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулагчдад маш таатай мэдээлэл болж байгаа. Ирэх онд тулгамдаад байгаа Засгийн газрын бондыг хөрвүүлэх ажилд маш чухал хөрс суурийг бүрдүүлж өгч байна. Монгол Улсын Сангийн яам, Монголбанк хамтраад бондоо хөрвүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр ажиллаж байна.

-Хөрвүүлэх бондын хүү ямар байх талаар мэдээлэл өгөөч?

-Эдийн засгийн нөхцөл байдал улам сайжирч байгаа учир өнгөрөгч хавар гаргасан “Хуралдай” бондоос бага хүүтэй гаргахаар ажиллаж байна. Гагцхүү тухайн үеийн хөрөнгө оруулагчдын сонирхол, зуучлагч компаниудын хүчин чармайлтаас хамаарч хүү тогтоно.

-АХБ-ны 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилтээс тусдаа хэрэгжих үү?

-ОУВС-гийн хөтөлбөрөөс тусдаа, АХБ бие даан өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд байна. Зөвхөн эдийн засгийн хүндрэлийг даван туулах бус цаашдаа урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэл, эдийн засгийн төрөлжилт, дэд бүтэц гэсэн дунд хугацааны асуудлуудад илүү түлхүү чиглэгдэнэ.

-ОУВС-гийн хөтөлбөр болон АХБ-ны дээрх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлт ирэх онд хэдэн хувьд хүрч болох төсөөлөл байна вэ?

-Өнгөрсөн оны хүндрэлтэй үеэ бид үндсэндээ даван туулж, 2017 онд 3-4 хувийн өсөлт ажиглагдах боломжтой болж байна. Манай улсын эдийн засаг гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Монгол Улсын эдийн засаг хараахан бүрэн төрөлжилт рүүгээ ороогүй байна. Экспорт талдаа төрөлжилт ажиглагдаж байгаа ч экспортын 90 гаруй хувь нь түүхий эд хэвээрээ байна. Бид жилдээ 10 гаруй нэр төрлийн 5-6 тэрбум ам.долларын түүхий эд экспортод гаргаж байгаа нь том амжилт. Энэ оны эцсээр 6 тэрбум ам.долларт хүрэх найдлага байна. Гагцхүү ирэх онд энэ амжилт тогтвортой байх эсэх нь олон улсын байдлаас хамаарна. Вашингтонд болж буй олон улсын банк санхүүгийн байгууллагын хурлаас харахад дэлхийн эдийн засгийн байдал ерөнхийдөө өсөлтийн төлөвтэй байна. Хоёр хөршийн эдийн засаг хоёулаа нааштай байна. Өмнөд хөршийн эдийн засаг буцаад унах нь гэсэн эргэлзээтэй байсан ч сүүлийн жилүүдэд байнга 6.7-8 хувийн тогтвортой өсөлтөө хангаж чадаж байгаа. ОХУ-ын хувьд хэдийгээр олон улсын эдийн засгийн хоригтой байгаа ч эдийн засгийн өсөлт нь нааштай гарч, хүндрэлээ даван туулж, өсөлтийн замдаа орлоо гэсэн мэдээлэл хийж байна. Хөрш орны эдийн засгийн таатай байдал нь манай улсад таатай нөлөө үзүүлнэ. Гагцхүү экспортод саад болж буй дэд бүтцийн хүндрэлээс гарч чадвал ирэх жилийн эдийн засгийн өсөлт үүнээс ч илүү өндөр гарч, хөгжлийн замдаа орох бүрэн боломжтой.

ш.чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж