Шүүхийн шийдвэр гарсан ч байдал өөрчлөгдсөнгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэр гарсан ч байдал өөрчлөгдсөнгүй

Хан-Уул дүүргийн I хороо 120 мянгатын 14, 15 дугаар байрны цонхыг сүүдэрлэж зочид буудлын барилга барьсан талаар “Дахин хот төлөвлөхөөс нааш нар үзэхгүй нь, тэд” нэртэй сурвалжлага манай сонинд нийтлэгдсэн билээ. Сурвалжлага уншигчдад хүрсний дараа оршин суугчид нь бидэнд хандсан юм. Тус байранд олон жил аж төрж байгаа  оршин суугч Ч.Цэцэгмаатай ярилцлаа.

-Цонхыг тань хааж барьсан барилгын талаар уншигчид мэдэж байгаа байх. Танай байр өмнө нь ямар байсан тухай бэ?

-Манай байр 1963 онд ашиглалтад орсон. Олон жил би энэ байрандаа амьдарч байна. Хот одоогийнх шиг утаа, шороо ихтэй байгаагүй цагт үнэхээр сайхан байсан. Өглөө нар мандаж цонхоор тусч, өдөржингөө гэр маань дулаахан, гэрэлтэй бай­гаад, орой нар жаргаж байгаа нь цон­хоор харагддаг байлаа. Урагшаа хара­хад чинь уул, мод, Зайсан толгой харагдаад л. Бүр дээхнэ үед урд уул­наас манай байрны гадаа буга ирж хэвтчихсэн байдаг байсан. Бид цонхоороо талх, боов шидэж өгөөд, ямар байсныг сайн санаж байна. Тэр үед байрныхаа гадуур мод тарьж, их сайхан зүлэгжүүлсэн. Гэтэл энэ зочид буудлын барилгыг барьж эхлэхэд тарьсан модыг бүгдийг нь тайр­чихсан. 40 гаруй жил ургасан мод­дыг ганц өдрийн дотор юу ч үгүй бол­тол нь булгалсан гээд бод доо. Бас оршин суугчдийн усалж торддог байсан зүлэг нүдэн дээр нь хар шороо болж хувирсан. Тэгээд гаднаас гэрэл тусахаа байчихаар байр маань хүйтэн, чийгтэй, мөөгөнцөртэй болчихоод байна.

-Зэргэлдээх хоёр байшингийнх нь дунд бас зочид буудал барьж байгаа гэж сонссон?

-Тийм. Манай байрнаас гадна 15,16 дугаар байрны хооронд зочид буудал барих гээд “Цаст констракшн” газар аваад одоогоор барилгын ажил нь түр зогсчихсон байгаа. Хажуугийн 13 дугаар байрны орчимд ч зочид буудал бий. Ингээд зэрэгцээ гурван байшингийн завсар болгонд зочид буудалтай болж байгаа юм. Ямар гээчийн хот төлөвлөлтөөр яваад байгааг үнэхээр ойлгохгүй байна.

 -Шүүхийн шийдвэр оршин суугчдын талд гарсан байх аа?

-Анх 2009 онд нийслэлийн Захир­гааны хэргийн шүүхийн шийд­вэ­рээр цонх хааж барьсан барил­гын зөвшөөрлийг хүчингүй болго­сон. Мөн энэ шийдвэрийг үндэс­лэн нийслэлийн Засаг даргын захирам­жаар газар чөлөөлүүлэх шийдвэр гарсан юм. Одоогоор нийслэлийн Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх алба шийд­вэрийг албадан гүйцэтгэж байгаа гэсэн нэр төдий, юу ч хийхгүй бай­на. Энэ барилга миний судалж үзсэ­нээр 50 гаруй хуулийн 200 гаруй заалтыг зөрчсөн. Одоогоор байдал нам жим болчихоод байна. Барил­гын ажлыг эсэргүүцэж дөрөв, таван жил хөөцөлдсөн хөгшид бид эрүүл мэндийн хувьд сайнгүй байна. Би л гэхэд одоо сувилалд эмчлүүлж бай­гаа. Хөгшид нарлаж суух талбай ч үгүй, гэртээ ороод ч нар үзэхгүй байхаар аргагүй шүү дээ. 

-Одоо ямар шаардлага тавьж байгаа вэ. Барилгыг нь шууд буулгах боломжгүй болсон юм биш үү?

-Тийм л дээ. Энэ зочид буудал 7.8 тэрбум төгрөгийн өртөгтэй юм билээ. Одоо үүнийг буулгана гэвэл дуу чимээ, шороо тоос болоод барьж байсан үеэсээ ч илүүгээр биднийг зо­вооно биз. Тэгэхээр ерөөсөө оршин сууг­чид маань нөхөн төлбөр авъя гэж шийдээд байгаа. Бид чинь нар тусдаггүй гэртээ өдөржингөө гэрлээ асаа­на. Ийм байхаар чинь тогны мөнгө төлөхдөө хүртэл бид хохирч байгаа биз. 

-Хохирлынхоо хэмжээг гаргачихсан юм уу?

-Үгүй ээ. Ямар байдлаар хохирч байгаагаа л судалж үзсэн. Байгаль орчин, эрүүл мэнд гээд 10-аад төрлийн хохирол амсч байна. Түүнээс биш яг одоо тэдэн сая төгрөг өг гээгүй.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж