“Тод магнай”-гаар эхэлсэн тод мөр

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

“Тод магнай”-гаар эхэлсэн тод мөр

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэгтэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэй гишүүдээс цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны мөнгө зэрэг нийгмийн асуудлыг нь анхаарч ажилладгаараа ялгардаг.

Жүжигчин Мягмарын Дорждагвын амьдралын хуудсыг эргүүллээ. “Тодмагнай” киноны Түмэнгийн дүрээр эхэлсэн түүний уран бүтээлийн зам үргэлжтод явсан гэлтэй. Ер нь энэ эрхэм их урлагийн замд эгэлгүй амьдарсан нэгэн юм. Амьдралынхаа 35 жилийг тайз, дэлгэцийн урлагт зориулж, энэ л замаасаахазайлгүй, өдийг хүртэл зүтгэж байна.

“Ээж минь ажилдаа явж ирчихээд орой нь дээл эсгээд суудагсан. Өглөө сэрэхэд дээлээ оёод дууссан эвхээд аваад гардаг байлаа”

ТОГЛОЛТ ХИЙЖ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛНА

Тэрээр “Тод магнай” киноны Түмэнгийн дүрд галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насандаа тогложээ. Залуу насаа дэлгэцэнд мөнхөлсөн энэ бүтээл нь түүний амьдралын нэгэн ололт, олз байсан гэлтэй. Кинонд хайртай монгол түмэндээ хүндлэгдэж, энэ л бүтээлээс урам зориг авч, урлагийн замд шулуудсан байдаг. Анх киноны пробонд орж тэнцэхдээ Дорждагва тэрүүхэндээ ихэд баярлаж бас эмээж байсан гэдэг. Зураг авалт Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгий нуур суманд болж Өвөрхангайд үргэлжилсэн байна. Багаасаа моринд эрмэг өссөн болоод ч тэр үү. Зураг авалтын үеэр барьц алдсангүй. Тэрээр “ Бага байхад морь их унадаг, сургадаг байлаа. Хаана л эмнэг хангал морь байна тэр лүү асаж очмоор санагддаг байж билээ. Тэр ч утгаараа моринд их хайртай, элэгтэй байдаг. “Тод магнай”-гаар эхэлсэн миний амьдралын мөр бүдгэрч баларч байсангүй. Хийморьлог сайхан явна. Мөн тухайн үеийн мундаг уран бүтээлчидтэй хамтран ажилласан учраас уран бүтээлүүд маань “амьд” болдог. Би ч амьдарч чаддаг. Түүнээс дан ганц миний хичээл зүтгэл биш юм даа” гэлээ. Ер нь уулзаж ярилцаж суухад М.Дорждагва гуай ихэд даруухан нэгэн гэдэг нь анзаарагдаж байв. Тод магнай”-гаар овоглодог уран бүтээлч маань удахгүй киноныхоо нэрээр нэрлэсэн өглөг хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаагаа ярив. Энэхүү тоглолт нь мөн л түүний хүсэл сонирхол биш гэнэ. Найз нөхөд, нутгийн зон олон, хамтран зүтгэгчид нь тоглолт хийх хүсэлт тавьжээ. Мөн 80 хол гарсан настай буурал ээж нь “Хүү минь тоглолт хийгээч” хэмээн хэлэх болсон байна. Тиймээс найз нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ даалгавраар настай буурал ээжийгээ баярлуулж, тайзан дээр нэгэн үдэш уран бүтээлээ тайлагнахаар болжээ. Түүний тоглолт “Тод магнай” өглөг хүндэтгэлийн цэнгүүн нэртэй. “Тод магнай” бол мэдээж түүний тодотгол харин өглөг хүндэтгэл гэдэг нь ямар учиртай талаар асуухад “Би амьдралынхаа 30 гаруй жилийг урлагт өргөжээ. Энэ хугацаанд алдаж асгасан зүйл мэдээж бий. Гэхдээ уярал ухаарал, үнэн зөв нь алдаанаасаа илүү жин дарж байна. Уран бүтээлийн хувьд хүнээс илүү гарч хийсэн зүйл алга. Гэхдээ урлагийн тэр нэг жимээр өөрийн мөрийг гаргаад алхаад л байсан байгаа юм. Энэ тоглолтоор урлагийн замд мөр гаргасан 30 жилийнхээ уран бүтээлийг ард түмэндээ өргөж байна. Мөн тэднийгээ хүндэтгэж байна. Ер нь урлагт үзэгч үгүй бол тэгээд юу ч үгүй юм. Тиймээс өргөл хүндэтгэл гэж тодотгосон” гэлээ. Дууны уран бүтээлчид жилд нэг удаа тайлан тоглолтоо хүргэх нь бий. Харин тайз дэлгэцийнхэн тоглолт гэж нэг их шуураад байдаггүй. М.Дорждагва гуай гэхэд 35 жилийн дараа сая нэг юм уран бүтээлээ тайлагнах гэж байна. Кино урлагийн дунд үеийн төлөөлөл болсон түүний тоглолт өвөрмөц болох нь ойлгомжтой. Тоглолтын эзэн маань ч анх удаа хийж байгаа учраас сайн зохион байгуулж, өндөр настай ээжийгээ болон үзэгчдээ баярлуулахаар ихэд хичээж байна.

“Миний хань ямар нэгэн юм болоход яагаад ингээд байна вэ гэж учир шалтгааныг нь хамгийн түрүүнд хайдаг. Ийм зан чанар хүнд тэр бүр байдаггүй”

ЭЭЖИЙН МИНЬ ХАТАН УХААН

Уран бүтээлчийн ээж 80 нэлээд гарсан настай буурай бий. Таван хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж амьдралын хатуу хөтүүг нугаралгүй туулсан. Жүжигчин М.Дорждагва Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харъяат. Бага байхад нь аав нь автомашины ослоор өөд болж, ах дүү тав, ээжтэйгээ үлджээ. Сумын төвийн буйдхан амьдрал, аавыгаа, хань ижилээ алдсан гунигтайхан амьдрал дунд нэг жилийг үдсэн гэдэг. Нэг л өдөр ээж нь шийдвэр гаргаж, таван хүүхдээ аваад аймгийн төв рүү нүүжээ. Ах дүү нар нь “Энэ хэдэн хүүхдийг чи өлсгөж алах гээ юү, малынхаа захад байсан дээр. Ядаж гэдэс цатгалан мөр нь бүтэн байна” гэж хэлээд хүчрээгүй гэдэг. Энэ шийдвэр ээжийнх нь хатан ухаан байсныг хүү нь хожим мэджээ. Тэрээр “Ээж минь хөдөө байвал хүүхдүүд маань сумын айлуудад зарагдсан амьтад л болох юм байна гэдгийг мэдээд шууд л нүүхээр болсон юм билээ. Хэдийгээр боловсрол мэдлэг дутуу байлаа ч амьдралын ухаан, алсыг харах бодол гэдэг агуу юм. Бид аймгийн төв дээр хэдхэн жил амьдраад дахиад хот руу нүүсэн байдаг. Тэрнээс хойш нутагтаа тухтай очоогүй юм байна” гэлээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сум жаахан хүү М.Дорждагвын сэтгэлд морины гэдэс шүргэсэн өвс ногоотой, цэцэг алаглаж, буга урамдаж хөхөө донгодсон тийм сайхан хангайгаар дүрслэгдэн үлджээ. Хангайн бүхий л зэрлэг амьтад бүрдсэн зоопарк шиг нутаг даа гэлээ. Үнэхээр л үүрийн таван жингээр босоод харахад модны захаас буга гарч ирэн сүрэглэн харагддаг сан. Мөн зээр гөрөөс, жи¬гүүртэн шувууд сүлэлдэн байдаг. Ийм л сайхан хан¬гайд эгэл даруухан жүжиг¬чин маань мэндэлж, хүн болжээ. 1973 оны тэр нэгэн нартай өдөр М.Дорждагвын ээж та¬ван хүүхдээ дагуулан гэрээ замын машинд ачин Улаанбаатарыг зорьжээ. Одоогийн Дөлгөөннуурын хойно байрлах ахынхаа хашаанд гэрээ барьж ажил хийх болжээ. Мөн том эгч нь тусад орж дүү нараа харж хандан хүн болгожээ. Тэрээр ээжийнхээ тухай “Миний ээж ямар ч эр хүнээс илүү эрэмгий, дайчин хөдөлмөрч эмэгтэй. Өглөө ажилдаа явна, орой ирээд дээл эсгээд сууж байдаг. Өглөө сэрэхэд дээлээ оёод дууссан эвхээд аваад гардаг байлаа. Ийм л ажилсаг бахархмаар ээж дээ” хэмээн хоолой нь зангирч байв. Багадаа амьдралын хатуу хөтүүг мэдэрч, хат суусан хүн муу явна гэж байдаггүй гэдэг нь бараг л амьдралын батлагдсан хууль гэлтэй. Жүжигчний бага нас хөлс хөдөлмөр үнэртсэн, тийм нэг үнэ цэнэтэй амьдрал дунд өнгөрчээ.

“НАЙРУУЛАГЧ Б.МӨНХДОРЖ, Б.БААТАР НАРЫН ГАРААР ОРЖ ЖҮЖИГЧИН БОЛСОН”

М.Дорждагва багаасаа л хөгжимд дуртай нэгэн байж. Ямар ч хөгжмийг арга эвийг нь олоод тоглочихно. Тэгээд Хилийн цэргийн 019 дүгээр ангид алба хааж байхдаа цэргийн хөгжимчин болжээ. Энэ л үеэс тэр урлагт дурлаж эхэлсэн байдаг. “Би ер нь цэрэгт байсан гурван жилд урлагт илүү дуртай, хайртай болсон байдаг. Хилийн ангиудаар явж хөгжмөө тоглоно. Тайзан дээр зогсоод алга ташилт сонсоно гэдэг миний хувьд бороо шаагиж байгаа мэт сайхан сэтгэгдэл төрдөг байлаа” гэж байв. Цэргээс халагдсаныхаа дараа театрт ямар л шинэ жүжиг, кино, цирк тоглоно түүнээс хоцорно гэж байдаггүй. Драмын театр, Хүүхэд залуучуудын театрт тавигдаж байгаа жүжиг болгоныг үздэг, мундаг шүүмжлэгч, судлаач нөхөр болсон байжээ. Тэгээд урлагийн сургуульд явах гэсэн ч нас хэтэрсэн гээд явуулаагүй гэдэг. “Насаа дарж хүртэл үзсэн. Бараагүй л дээ” гэлээ. Сургуульд орж чадаагүй ч түүний урлагийг гэх сэтгэл нь бөхсөнгүй. Тэгээд 1986 онд Армийн театрт байгуулагдахад дагалдан жүжигчнээр оржээ. Тухайн үед түүнтэй зэрэг зургаан хүн дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн байдаг. Уран бүтээл, цаг хугацаа, урлагт хайраа өгсөн шалгуураар н.Батбаяр М.Дорждагва нар тунаж үлдсэн. Тэрээр “Миний зүрх сэтгэлийн татах хүч нь урлаг юм. Одоо ч байна. Мөнхөд байна гэж боддог. Эгэл хүмүүн нэг л зөнгөөр амьдардаг шүү дээ. Харин жүжигчин хүн өдөр бүр өөр дүрээр амилж, амьдарч байдаг. Үүнд тэр нэг татах хүч нь байдаг юм” гэлээ. Мөн “Сайхан найз нөхөд, мундаг уран бүтээлчидтэй хамт ажиллаж ирсний хүчинд их зүйл зурсан. Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар хоёр намайг театрт мэргэжлийн жүжигчин болоход урам хайрлаж сайхан дүрүүдийг өгч байлаа. Б.Баатар найруулагч бид хоёр насаар ойролцоо шүү дээ. Гэхдээ яалт ч үгүй миний багш. Намайг театрт орж байх үед тэр хоёр ид байлаа. Гадаадад урлагийн сургууль төгсөөд ирсэн. Монголын мэргэжлийн том театрт хэд хэдэн жүжиг тавьсан бяр тэнхээ нь жигдэрсэн гэдэг шиг л нөхөд байсан. Би энэ хоёр мундаг найруулагчийн гараар дамжиж жүжигчин болсон доо” гэлээ. Түүний анхны уран бүтээл нь “Хэзээ ч мартахгүй” гэдэг жүжиг байв. Халх голын дайн япон цэргүүдийн амьдрал зөрчил тэмцлийн тухай өгүүлэх энэ жүжиг түүнийг тайзны уран бүтээлч болсныг анх зарлан тунхаглаж байжээ.

“ҮҮЛЭН ХЭЭТЭЙ ОРЧЛОН” КИНО ИРЭХ НЭГДҮГЭЭР САРД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Түүнийг уран бүтээлч болох үед гуравдагч орон гэсэн ойлголт нийгэмд төдийлөн байсангүй. Америк, Франц гэж ямар орон байдаг талаар төсөөлөлгүй байсан. ЗХУ-ын урлаг уран сайхан, спорт нийгмийн бодлого тэр бүхнийг уран бүтээлчид үзнэ. Армийн театрын залуухан жүжигчин М.Дорждагва хойд хөршийн кино уран бүтээлүүдийг үзэж нэг иймэрхүү юм хийхсэн. Ийм дүрд тоглох юмсан гэж шатаж нойргүй хүртэл хонож байсан удаатай. Тэрээр энэ тухайгаа “Сайхан дүрд, сайн уран бүтээлд тоглоно гэдэг өдрийн бодол шөнийн зүүд байлаа. Мөн тухайн үед жүжигчин цөөхөн байсан. Тоотой хэдэн бүтээл гарна. Жүжигчин нэртэй бүхэн тэр бүтээлд ордог. Өөр хүн байхгүй юм чинь орохгүй байх ч аргагүй. Одоогийнх шиг урлагийн ийм олон сургууль байгаагүй. 1990 оны сүүлч, 2000-аад оноос л гэнэтхэн хүн бүхэн кино руу ороод, бизнес гэж харж эхэлсэн. Нөгөө хэдэн жүжигчид нь хүрдэггүй. Наадахаа дуусаад манайх руу ирнэ шүү гээд л ийм л үе байлаа. Одоо бол жүжигчин мэргэжлийг талх зүсч байгаа юм шиг л бэлтгэж байна” гэлээ. Түүний уран бүтээлийн зонхилох хувийг түүхэн бүтээлүүд эзэлдэг. Анхны кино нь “Тод магнай” байсан бол түүнээс хойш Д.Наваансүрэн гуайн “Минжийн хангай” зо¬хио¬лоос сэдэвлэсэн бү¬тээл, Шадарван Чингүн¬жав, Галданбошигт гээд түүхэн хүмүүсийн дүрд их тоглосон байна. Мөн хамгийн сүүлд тог-ло¬сон гурван уран бүтээл нь гэхэд түүхэн сэдэвтэй байна. “Зүрхний хилэн”, “Х-ТҮЦ” про¬дакшны “Солиот эх”, Б.Шүүдэр¬цэцэгийн зохиол “Үүлэн хээтэй орчлон” кинонд тоглоод байгаа юм байна. Мөн “Үүлэн хээтэй орчлон” киноны зургийн даргаар ажиллажээ. Тэрээр “Энэ кино хийхэд туслалцаа үзүүлсэн БХЯ-ны генерал Болдбаатар, БХИС-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Кино хамтын бүтээл байдаг. “Үүлэн хээтэй орчлон” кино маань ирэх нэгдүгээр сард нээлтээ хийнэ. Богд хааны дэргэд хуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж байсан юм байна. Тэр хааны тушаалаар олны сэтгэл сэрдхийлгэм хэргүүдийг мөрддөг байж. Тэгэхээр үүнийг цагдаагийн үүсэл гаралтай холбоотой бүтээл гэж бас хэлж болохоор юм” гэлээ.

“ХҮНИЙ АМЬДРАЛ, АЗ ЖАРГАЛЫН 90 ХУВЬ НЬ ХАНИАС ШАЛТГААЛДАГ”

Түүний хань Ч.Өлзийням сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Тэд ханилаад 20 гаруй жил болжээ. Хүү нь киноны операторын ангид суралцдаг байна. Тэрээр “Хүний амьдрал, аз жаргалын 90 хувь нь ханилсан ханиас шалт¬гаалдаг. Би 30 нас нэлээд гартлаа ганц бие явж байгаад ханьтайгаа таарсан. Надад байхгүй бүхнийг бий болгож, нөхөж чадах хэмжээний хүн хажууд минь байгаа учраас би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Мөн хүү минь хэнээс ч илүү миний амьдралын баяр баясал юм. Миний хань ямар нэгэн юм болоход миний хань яагаад ингээд байна вэ гэж учир шалтгааныг харж ханддаг. Ийм зан чанар тэр бүр хүн байдаггүй гэж боддог” гэлээ. Мөн тэрээр ханийнхаа хамгийн сүүлд өөрт нь зориулж бичсэн сэтгэлийн үгийг онцолж байв. Сэтгүүлч Ч.Өлзийням ханьдаа “Услан ургуулж өнгөлөн тордож чадахгүй дээ гэв үү хань аа. Өглөө бүр хүүгээ үнэрлэж сэрээдэг эцгийн хайранд чинь ээнэгшиж, үдэш бүр эрхлүүлж тэвэрдэг эрийн хайранд чинь нялхамсаж, хэн хүнээс илүү мэдрэмж ухаанд нь омогшиж байхад намайг усалж тордоогүй гэв үү миний хань. Брэнд өмсч, “Бенз” унахыг халамж гэж андуурдаггүй дээ би бүтэн хайрандаа өнгөжиж бүүвэйн дуундаа намбажиж явна аа. Хэд тасалсан ч үл гандах сарнай хэвээр ургахыг хүснэ, хань минь. Ханиар чинь томилсон Бурханд талар¬хая хамтдаа” хэ¬мээжээ. Тэдний хайр 20 гаруй жилийн дараа ч шинэхэн орсон цас мэт гялалзан, гялтганаж байгаа мэт сэтгэгдэл төрж байв. Ийнхүү Монголын урлагт “Тод магнай”-гаас эхлэн мөрөө гаргаж, тод атлаа даруухан амьдарч яваа нэгэн уран бүтээлч эрхмийг энэ удаа онцоллоо. Ээжийгээ баяр¬луулж, элгэн садан, ард түмэндээ өргөх тоглолт нь удахгүй болно. Уран бүтээлчдээ амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж