-Тус хотхоны 2000 гаруй оршин суугчид төвийн шугамд холбогдохыг хүслээ-
“Зайсан дулаан өргөө” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ болон “Могул таун” хотхоны оршин суугчид өнөөдөр /2017.10.16/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхонд 350 айлын 2000 гаруй оршин суугч өнөөдрийг хүртэл халаалтгүй амьдарч байна. Тодруулбал уг хотхоныг барьсан “Могул скай” ХХК нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүй , дулаантай холбоотой гэрээгээр гуравдагч этгээд болох хувийн компанийн ЦТП /дулаан дамжуулах байгууламж/-д өр төлбөрөө төлж барагдуулаагүйн улмаас энэ хотхоны айл өрхүүд өнөөг хүртэл дулаанаа авч чадахгүйд хүрсэн байна. 2011 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл төвийн дулаанд холбогдоогүй, нам даралтын зуухаар дулаанаа хангаж иржээ.
Хүмүүс Богд уул руу аялах, амрах нь ихэссэн учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Агаарын чанарын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уурын зуухаа буулгах шаардлага тавих болсон. Бид ч хүмүүсийн аялж зугаалдаг газрын ойр орчимд зуух галлаад суухыг хүсэхгүй байна шүү дээ. Хотхоныг ашиглалтад орж , төв шугамд холбосны дараа уурын зуухаа нураана гэж хэлсэн ч биднийг хуурсан, одоо болтол дорвитой арга хэмжээ авсангүй гэж оршин суугчид хэлж байв.
“Гурван жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл, тохь тухгүй байранд амьдарч байна. Зөвхөн нам даралтын зуухаар дулаанаа хангадаг ч нам даралтын зуух нь хүчин чадал муутайгаас айлуудын өрөөний температур 4-5 градус л байна. Дулаан хангамж дутагдсанаас болж айл бүр тень залгаж давхар бойлур ажиллуулж байгаа болохоор өдөр бүр цахилгааны хэт ачааллаас болж гал гарах болсон” гэж “Могул таун”-ны оршин суугч Э.Амар хэлж байлаа.
Оршин суугчид энэхүү асуудлыг шийдэх ганц хувилбар бол ЦТП-г улсын мэдэлд хүлээн авснаар дундын зуучлагчгүйгээр эцсийн хэрэглэгчдэд дулаанаа шууд нийлүүлэхийг оршин суугчид хүсч байна.
Э.Сосорбурам