
-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар намын даргадаа захидал хүргүүлээд удаагүй байна. Гэтэл та бүхэн Ардын намын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг, Хяналтын ерөнхий хороонд шаардлага гардуулна гэлээ. Яагаад?
-Манай нам XXVI их хурлынхаа үеэр ууган нэрээ сэргээсэн. Үүнтэй холбоотойгоор намын бат илэрхийлэх шинэчлэх ажил орон даяар үргэлжилж байна. Одоогийн байдлаар, намын 150 мянга гаруй гишүүний 90 орчим хувь нь шинэ бат илэрхийлэхтэй боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр Ардын намд 13 мянга гаруй залуус шинээр элссэнийг дуулгахад таатай байна. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр шинэчлэлийн үйл явц ийн эрчимжингүүт зарим хүн намыг зориудаар хагалан бутаргах оролдлого хийж, УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээлгэх гэсэн башир аргаа идэвхжүүлж байгаа. Тийм учраас НАМЗХ-оос 8-9 мянган залуус оролцсон цуглааныг маргааш (өнөөдөр) зохион байгуулна. Цуглаанд оролцогсдын зүгээс намын удирдах түвшний байгууллагуудад шаардлага хүргүүлэх юм. Шаардлагын тухайд “Намын шинэчлэлийг удаашруулах оролдлого хийж, элдэв шантааж хийж буй хүмүүстэй хатуу тэмцээч. Ардын нам бол зөвхөн УИХ-ын 45 гишүүний эрх ашгийн төлөөх улс төрийн хүчин биш, олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг нам. Тиймээс Ардын намын нэр хүндэд харшлахуйц үйлдэл хийж байгаа хүмүүст улс төрийн хариуцлага тооцьё. Шаардлагатай бол тэднийг намаас гарсанд тооцооч. Ийм арга хэмжээ яагаад авахгүй байгаа юм бэ” гэдэг үндэслэлээр гардуулах болно. Залуус шударга ёс, эв нэгдлийг хүсч байна. Тийм учраас манай холбооныхон энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар шийдлээ.
-Гэвч яагаад заавал та нар гэж. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва генсек У.Хүрэлсүхэд “Залуучуудтай чинь үзэлцэнэ” гэсэн бол У.Хүрэлсүх “Чамайг залуусаар айлгана” гэж хэлсэн гэх мэт явган яриа дуулдаад л байгаа шүү дээ. Та бүхний зохион байгуулах гэж буй арга хэмжээ иймэрхүү учир шалтгаантай юм биш биз?
-“Тэгж магадгүй шүү” гэж хардсан хүмүүс анагаах ухааныхны хэллэгээр урьдчилан сэргийлэх “вакцин” тарьдаг. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ингэж бодсон уу, яасан “У.Хүрэлсүх залуучуудаа хөдөлгөнө гэсэн” гэх мессежийг олон нийтэд зориуд тараасан. Биднийг хэн нэгэн дарга командалж, ийм алхам хийхэд хүргээгүй. Өөрсдийнхөө ирээдүйн төлөө тэмцэх гэж байна. Гэхдээ Шударга ёс, эв нэгдлийн төлөөх цуглааныг тайван замаар хийнэ. Залуучуудын итгэл, сэтгэлээр УИХ-д сонгогдсон зарим гишүүн тэднийг үгүйсгэж, сэтгэл рүү нь ус цацах болсныг таслан зогсооё гэж бодож байна. Тэд залуусыг өдөр, шөнөгүй нойр, хоолгүй ажиллуулж байж УИХ-ын гишүүн болсныг хүн бүр мэднэ шүү дээ. Ер нь нийгэмд бугшсан авлига, хүнд сурталтай тэмцэхийн тулд эхлээд намаа цэвэрлэе. Намдаа “Цэвэр агаар” оруулснаар элдэв бохир үзэгдлүүдээс нийгмийг салгана. Бид авлига, хээл хахууль, хүнд суртлын хана хэрмийг нураана. Тэр тусмаа энэхүү хана хэрмийг босгосон эзэдтэй нь хамт нураахыг гол зорилгоо болгосон юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва биднийг “Ална шүү” гэж яагаад хэлсэн гэж бодож байна вэ. Өөрийнх нь хүнийг Сонгинохайрхан дүүрэг дэх НАМЗХ-ны тэргүүн болгоогүйнх нь төлөө 80-90 мянган гишүүнтэй залуучуудын холбоо руу дайрч давшилсан хэрэг. Энэ бол байж болшгүй үзэгдэл. Д.Тэрбишдагва гишүүн намынхаа залуучуудаас уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйхыг ч бид шаардана.
-Намын дэргэдэх залуучуудын байгууллагыг гартаа авах гэсэн оролдлого тасрахгүй бол яах вэ. Нөгөөтэйгүүр та бүхнийг золигт гаргачих вий гэсэн болгоомжлол нэгэнт үүсчээ?
-Шударга ёсыг тогтоож, намын “салхивч”-ийг нээн цэвэр агаар оруулахын тулд бид ийм шийдвэр гаргасан. Холбооны маань ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ Ардын намын Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажилладаг. Миний хувьд ч ялгаагүй, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөс гадна намынхаа нэгэн хэлтсийг удирдаж байна. Уг нь бидэнд тэдгээр нөхөд шиг амбиц, ашиг сонирхлын зөрчил байхгүй. Залуу насны эрч хүч, сэтгэл зүрхээр залуучуудын байгууллагаа өнгөтэй, өөдтэй удирдъя гэдэг ч бидэнд янз бүрийн дарамт, шахалт үзүүлдэг. Иймэрхүү байдлаас болж, Л.Оюун-Эрдэнэ Намын байгуулалтын хэлтсийн даргын ажлаа өгөхөөр шийдсэн. Намын Удирдах зөвлөлд маргааш /өнөөдөр/ өргөдлөө өгнө. Тэгээд ч залуучууд бид нийгэмд үзэл бодол, байр сууриа тодорхой болгохын тулд тэмцэхээр шийдлээ. Хэн нэгэн мөнгөтэй хүн бүхнийг худалдан авч, албан тушаалын “Цахилгаан шат”-аар өгсдөгийг таслан зогсооё л доо. Хэн нэгэн даргад таалагддаггүй ч гэсэн нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэх чадвартай залуус зөндөө байхад тэднийг үгүйсгэж, дарамталдаг. Аль эсвэл тэр даргынх, энэ даргын хүн гэж нэр, хаяг зүүдэг. Энэ нь хэрээс хэтэрч зарим хэвлэлд төлбөр төлөн “Сүрэг чоно” гэж бичүүлэх боллоо. “Сүрэг чоно сүргээсээ тасарсан гөрөөсийг барьж иднэ” ч гэж байх шиг. Юу яриад байгаа юм бэ. Тэгж яривал бид тэр хүмүүсээс хамаагүй нэр цэвэр шүү. Ц.Даваасүрэн гишүүн шиг Төрийн сангийн 10 хувиар баяжаагүй. Д.Тэрбишдагва гишүүнтэй адил хуучнаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны хөрөнгөөр хөлжөөгүй. Мах, газар тариалангийн бизнестэй хутгалдаагүй.
-Цуглаанд оролцох 8-9 мянган хүний дунд орон нутгийн төлөөллүүд байх уу?
-Дархан-Уул, Төв аймгаас залуучууд маань ирж оролцоно. Цаашид дорвитой шийдэлд хүрэхгүй бол бүх аймгийн залуучуудыг оролцуулах болно. Тэгээд ч бидний үйл ажиллагааг дэмжин гарын үсгээ зурж ирүүлсэн хүн маш олон байна. Үүнийг намын удирдлагуудад хүргүүлэх шаардлагадаа хавсаргана. Гэхдээ цуглаан зохион байгууллаа гээд намын залуус, ахмад үеийнхэн хагаралдсан гэж ойлгож болохгүй. Зөвхөн “Цөөхөн тооны хог, шаарыг зайлуулаач” гэж бид шаардаж байна. Цуглааныхаа зарыг интернэт, телевиз, сониноор дамжуулан түгээж байгаа. Тиймээс төлөвлөснөөс олон хүн ирж оролцохыг үгүйсгэхгүй.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!
Зохиогчийн эрх: