Суурь боловсролын төлбөрийг төрөөс олгоё

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Суурь боловсролын төлбөрийг төрөөс олгоё

Суурь боловсролын төлбөрийг төрөөс олгоё

Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно хэмээн Үндсэн хуульд тунхаглажээ. Боловсролын тухай хуульд “Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй” гэж үүрэгджээ. Тэгвэл өнөөдөр эрхээ эдэлж, үүргээ биелүүлье гэхнээ сургуулийн хүрэлцээ тун чиг тааруухан.

Түүний нэгэн илрэл нь намаржингаа стресстэй байгаа багш нарын цалингаа нэмүүлэх шалтгаан болов.  Багш нар 50-60 хүүхдэд хичээл заах гэж ямар их чармайлт гаргадаг, түүнийгээ шударга бусаар үнэлүүлдэг тухай хөндөөд байгаа хэрэг.  Тиймээс шударгаар үнэлүүлэхийг хүсэн тэд жагсаад буй. Эцсийн эцэст ажил хаяад үзэхэд яагаад болохгүй гэж бодоцгоох болсон бололтой.  Сануулж нэг үзээд,  сууж нэг үзээд бараг л цалингаа нэмүүлэх шахав.

Гэтэл гай юм шиг засаг солигдоод  тэмцлийг нь баллах шахав.  Шинэ ерөнхий сайдад “дахин сануулах” санаа тэдэнд байж болно л доо.

…Багш нарын баяр! Бүр олон улсын багш нарын баярын өдөр! Тэмцэгч нар стрессээ тайлалгүй яахав дээ. Гол нь бид асуудлаа арай өөрөөр хараад үзэж яагаад болохгүй гэж.

Өнөөдөр улсын сургуульд хүүхдээ сургахыг хүсдэг эцэг, эхчүүд ховорджээ. Шуудхан хэлэхэд, мөнгөгүй нь л тийш зүглүүлж байна. Хүсэхгүй байгаагийн шалтгаан нь, улсын сургуулийн орчин тааруу, олон хүүхэдтэй учраас багш нэг бүрчлэн тулж ажиллах боломжгүйн дээр чадварлаг багш нарыг нь хувийн сургуулиуд үнэ цохиод авчихсан, олимпиадад гавихаа байсан гэхчилэн олон шалтгаан тогтоож болно.

Нэг ширээнд гурван хүүхэд тохой тавих зайгүй сууж байгааг болиулахыг иргэд шаардаж, төр нь чардайж байгаа ч хангалттай бус. Нөгөөтэйгүүр улсын сургуулийн боловсролын чанар тааруу гэхээсээ илүүтэй хувийн сургуулийн багш нарын хүртээмж өндөр, материаллаг бааз илүүд байна.

Дээр нь эцэг, эхээс авсан төлбөр, улсаас хүүхдийн тоогоор хүртсэн хувьсах зардалтай учраас тэдэнд илүү боломж байна гэсэн үг.

Боловсролын тухай хуульд “40.2.Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заажээ.

Түүнчлэн “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэсэн байна.

Тэд бид шинээр сургууль барьж чаддаггүй юмаа энэхүү хувийн сургуулиудад олгоод буй хувьсах зардлыг эцэг, эхчүүдэд олговол яасан юм бэ?

Үндсэн хуульд заасан суурь боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгох үүргээ биелүүлэхэд энэ заалт багагүй ач тусаа өгөх нь ойлгомжтой. Хэрэвзээ эцэг, эхчүүдийн мэдэлд энэ мөнгийг олгоод эхэлбэл, аргагүйн эрхэнд 50 гаруй хүүхэдтэй ангид хүүхдээ явуулах бус өөрсдөө нэмж, дэмнээд хувийн сургуульд өгөхийг бодно.

Ингэснээр улсын сургуулийн ачаалал ч буурна. Багш нарын ачаалал ч буурна. Сурагчтайгаа тулж ажиллах боломж нэмэгдэнэ. Төрийн ачаанаас ч тодорхой хэмжээгээр хөнгөлнө.

Түүнээс хувийн сургуулиудад өгөх нь түүнд хүүхдээ суралцуулж буй эцэг, эхэд ямар ч ашиггүй. Ингэж чадвал, эцэг, эхийн ачаа багагүй хөнгөрч, бидний бас нэгэн асуудал шийдэгдэх юм шиг санагдана.

Л.Халиу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж