Хохирогч охиныг хойд аавд нь биш дүүдээ үлдээгээд явжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Хохирогч охиныг хойд аавд нь биш дүүдээ үлдээгээд явжээ

 16:07

Бидний олж мэдсэнээр, таван настай хохирогч охиныг ээж нь гурван сарын өмнө самарт явахаар гарахдаа төрсөн дүүдээ үлдээжээ. Харин охиныг авч үлдсэн дүү нь эгчийгээ холбоо барихгүй удахаар нь охиныг нь тээр шааж, өмнө нь эгчтэй нь хамт амьдарч байсан эрэгтэйд буюу хойд аавд нь өнгөрсөн долоо хоногт хүргэж өгсөн байна. Долоо хоногийн дараа охиныг эргэхээр ээжийнх нь дүү буюу нагац эгч нь гэмт этгээдийнд очсон аж.  Ингэхэд  эгчийнх нь хүүхэд буюу таван настай охин алхаж чадахгүй байжээ. Охиныг яагаад явж чадахгүй буйг хойд ааваас нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” гэх хариултыг өгчээ. Удалгүй тэд хамт архи уусан байна.  Хойд эцэгтэй нь архи уусан нагац эгч  охиныг маргааш өглөө нь сэрээд гэр лүүгээ дагуулан харьжээ. Гэтэл гэртээ харих замдаа охины гуяыг  даган цус урсаж байжээ. Тэгээд энэ тухай нагац эгч нь нөхөртөө хэлж нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авчирсан байна.  Хохирогч охин, түүний ээж, нагац эгч нь бүгд Баянгол дүүргийн харьяат.  Харин бяцхан охиныг хүчирхийлсэн гэмт этгээд орцны жижүүр хийдэг, Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, “Монель” орчимд амьдардаг гэнэ. Хэрэг гэмт этгээдийнд болжээ.



12:33

Таван настай хохирогч охины ээжийг эрэн сурвалжилж эхэллээ

Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэргийг хохирогчийн нагац эгчийнх нь нөхөр анх мэдэж, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн амралтын өдөр хуулийнханд хандсан билээ. Гэтэл шүүх эмнэлгийн эмч нар хойд аавдаа хүчиндүүлж алхаж чадахгүй, үхэхээс наах нь байсан хохирогч охиноос хураамжийн 10 мянган төгрөг нэхсэн нь төрийн үйлчилгээний үнэн төрхийг харуулсан баримт боллоо.


Хойд аавдаа хүчиндүүлсэн таван настай охин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын хамгаалалтад байна. Хохирогч охин алхаж чадахгүй, сэтгэл санааны гүн хямралд оржээ. Түүний бие махбодын гэмтэл болоод сэтгэл санааны хохирлыг нь тогтоохоор Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шаардлагатай шинжилгээнүүдийг авчээ. Гэмтлийн зэрэг нь энэ долоо хоногтоо багтан гарчих  аж.  

Харин самарт явлаа гээд долдугаар сард гэрээсээ гараад ор сураггүй болсон ээжийг нь цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэллээ.  ГБХЗХГ -ын хамгаалалтын байранд хохирогч охиныг хэдий болтол байлгаж, цаашид түүнийг хэрхэн хамгаалах вэ гэдгээ дүүрэг, хорооны нийгмийн ажилтан, цагдаа, хүүхдийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг хуралдаж байна.

Тэд өнөөдөртөө /2017.10.16/ багтаад хохирогч охиныг цаашид дэргэдээ байлгаж хамгаалах хүн байна уу?, ар гэрт  нь буцаавал дахин бэлгийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртөхгүй гэдэг нь баталгаатай эсэхийг тогтоох хэргийн нөхцөл байдлын үнэлгээг  гаргах юм. Одоогоор хохирогч охинд эрүүл мэндийн болоод сэтгэл заслын нөхөн сэргээх эмчилгээг хүүхдийн байгууллагынхан хийж байна.

ХОХИРОГЧ ОХИНООС МӨНГӨ НЭХСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР
ШШҮХ ДОТООДДОО АУДИТ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

 

ШШҮХ-ийн Дэд захирал Ц.ГАНТУЛГА

Хойд эцэгтээ хүчиндүүлж, хохирогч болсноо тогтоолгохоор үхэхээс наах нь ирсэн тавхан настай охиноос  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-ийн жижүүр эмч шинжилгээний 10 мянган төгрөг нэхээд зогссон нь  шүүх эмнэлгийн үйлчилгээний үнэн дүрийг харууллаа.  Энэ асуудалд ШШҮХ-ийн Дэд захирал Ц.Гантулга “Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин хүчирхийлэлд өртөж, манайд шинжилгээнд орсон. Энэ дагуу манай байгууллагын дотоод аудитыг шалгалтад оруулж, бүх асуудлыг нарийн шалгаж тогтоохоор ажлын хэсэг гараад ажиллаж байна. Шинжилгээний хариу гараагүй. Нарийн лабораторийн шинжилгээ хийж байгаа. Энэ долоо хоногт багтаж гарна. Хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байна” гэсэн юм. Үйлчилгээний төлбөрийн тухайд амьдралын боломжгүй иргэд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахын тулд заавал хорооны Засаг даргын тодорхойлолтоо авчрах аж. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарч гаргасан тушаалаараа Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмыг баталжээ. Ингэхдээ хохирогч охинд тохиолдсон хэргийн үед буюу нэн яаралтай тохиолдолд үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн үзүүлэх тухай тусгаагүй байна. 

16 нас хүрээгүй хүүхэд Эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн үйлчилгээг үнэгүй авах хуультай. Гэтэл энэ зохицуулалт ШШҮХ-д үйлчилдэггүй аж.  Гэхдээ энэ асуудлыг зохицуулахын тулд 18 нас хүрээгүй хүүхэд ямарваа нэгэн хэрэгт холбогдоод ирэхэд амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж үзээд үнэ төлбөргүй шийдэж өгдөг тухайгаа ШШҮХ-ийн Дэд захирал Ц.Гантулга онцлов. Цаашид яаралтай тусламж хүссэн хүүхдэд төлбөргүй үйлчилдэг байх саналыг тус газраас гаргаж, Сангийн яамд хүргүүлжээ. 

ХОХИРОГЧИЙГ АР ГЭРЭЭС НЬ ХАМГААЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БОЛ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ӨМГӨӨЛНӨ

Гурван сар гаруй хэл чимээгүй болсон хохирогч охины ээж эргэж ирсэн ч шууд охиныг нь даатгахгүй аж. ГБХЗХГ-аас ээжийг нь болоод ураг төрлийн хүмүүсийг нь сайтар судлан байж хохирогч охиныг өгөх юм. Хэрэв ах, дүү хамаатан садан, ээж нь охиныг хамгаалж чадахгүй нөхцөл байдал илэрвэл шууд ГБХЗХГ-аас өмгөөлөгч, гаргаж хуулийн байгууллагаар хэрэг шийдтэл хамгаалж ажиллахаа тус газрын дарга О.Алтансүх мэдээлэв. Түүний хэлснээр, 2017 он гарсаар нийт 157 хүүхэд “Хүүхдийн 108” утсанд хандан бэлгийн хүчирхийлэлд өртөж буйгаа хэлжээ. Дуудлагын дагуу хүүхдийн мэргэжилтнүүд шалгалт хийж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй 122 хүүхдийг хяналтдаа авсан байна.

ГБХЗХГ-ын дарга О.АЛТАНСҮХ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж