Хонконгийн алдарт жүжигчин Жэки Чаны охин ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Эцгээсээ тусдаа өсөж торнисон Этта Инстаграм хуудсаараа дамжуулж, нийгмийн цөөнх гэдгээ албан ёсоор зарласан байна. Этта энэ жил 17 настай ажээ.
Тэрбээр Инстаграм хуудсандаа солонгын өнгөт гэрлийн цацрагийн өмнө зогсож буй зургаа оруулаад, тайлбар хэсэгт нь #lgbtqai #lgbt #lesbian #androgynous хэмээн бичсэн байв.
Удалгүй Этта найз бүсгүйгээ ч мөн танилцуулжээ. Тэрбээр @andiautumn гэх Инстаграм хаягтай бүсгүйтэй дотно харилцаатай тухайгаа зарласан байна.
Этта 2015 онд жүжигчин эцгээсээ бүрмөсөн холбоо тасалсан гэдэг. Жэки Чан гэр бүлтэй байхдаа жүжигчин, мисс Элейн Вутэй нэр холбогдож, удалгүй 1999 онд Элайн түүнийг охиныг төрүүлсэн юм. Гэхдээ охиноо эцгээс нь хамааралгүй, өөрөө бие дааж өсгөхөөр шийдсэн ажээ.
Жэки Чан өөрөө охиныхоо талаар олон нийтэд дэлгэж байсан удаагүй. Харин Этта “Тэр хэзээ ч миний амьдралд байгаагүй. Би түүнийг эцгийгээ гэж боддоггүй, түүнийг аав аа гэж хэзээ ч дуудахгүй. Өө, жүжигчин Жэки Чан байна шүү дээ гэж хэлнэ” хэмээн Express сонинд ярьсан нь бий.
С.ЦЭЛМЭГ