Өмнөд бүсэд 31 орны 1000 гаруй гадны иргэн амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Өмнөд бүсэд 31 орны 1000 гаруй гадны иргэн амьдарч байна

МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, УИХ-ын гишүүн Ц.Цолмон тэргүүтэй хүмүүс маргааш болох “Ард түмний шударга их хуралдай”-н талаар мэдээлэл хийлээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдээллээр хангах зорилготой мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ намрын хоёр дахь ээлжийн сургалтын үеэр боомт, орон нутагт олон жил ажилласан, мэргэшсэн албан хаагчдын нэг Өмнөд бүс дэх газрын мэргэжилтэн С.Мөнхтүвшинтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Гадаадын иргэн харьяатын байгууллагатай хэрхэн холбогдох болов?

-Намайг Сандрын Мөнхтүвшин гэдэг. Би 2006 онд их сургуулиа төгсөөд л хил хяналтын байгууллагатай ажил амьдралаа холбосон. Анх Хил хамгаалах байгууллагаас ажлын гараагаа эхэлснээс хойш Сэлэнгэ аймаг дахь газар, Буянт-Ухаа дахь газар, Замын-Үүд боомт зэрэг газруудын хилийн шалган нэвтрүүлэх албанд 10 гаруй жил ажилласан байна. 2014 онд Хилийн тухай хуульд өөрчлөлт орж, хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллах болсон. Өнгөрсөн онд Хилийн тухай хууль ахин шинэчлэгдэн батлагдаж Гадаадын иргэн, харьяатын газрын Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад эргээд шилжсэн ч би өөрийн хүсэлтээр энэ байгууллагадаа мэргэжилтнээр үлдэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт боомтод мэргэжилтнээр ажиллаж байгаа.

-Өмнөд бүсэд хичнээн гадаадын иргэн ажиллаж амьдарч байна? Бүсийн онцлог юу вэ?

-Энэ бүсэд Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгууд болон хилийн Гашуун сухайт, Шивээхүрэнгийн боомтууд харьяалагддаг. Энэ оны байдлаар 31 орны 1000 гаруй түр ирэгч болон оршин суух зөвшөөрөлтэй гадны иргэд ажиллаж, амьдарч байна.

Өмнөд бүс нь агаарын болон төмөр замын боомт байхгүй хирнээ ачаалал ихтэй онцлог бүс. Тэр дундаа Гашуун сухайт боомт хамгийн их ачаалалтай. Гашуун сухайт боомт нь хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай, автозамын боомт юм. Манай боомтоор Таван толгой, Ухаа худаг, Энержи ресурс, Эрдэнэс таван толгой гэх мэт томоохон уурхайнууд нүүрс, Оюутолгой уурхайгаас зэсийн баяжмал экспортод гаргадаг. Тэр дундаа нүүрс тээвэрлэлтийн ачаалал маш их. Өнөөдрийн байдлаар нүүрс тээвэрлэсэн машинууд 160 километрийн дараалал үүсгэсэн байдалтай, нэг машин 10-15 хонож байж хилээр гарч байх жишээтэй.

-Боомт дээр өдөр тутамдаа ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Боомтоор ид ачаалалтай үед өдөрт 100-150 гадаадын иргэн зорчин өнгөрдөг. Манай боомтоор визийн шилжүүлэг голчлон хийгдэж байна. Мөн хөдөлмөр эрхлэх, гэрээгээр ажиллаж байгаа гадаадын иргэдэд гарах-орох визийг олгодог. Түүнээс гадна төвөөс өгсөн зөвшөөрлийн дагуу бүх төрлийн визийг хил дээр олгож байна. Мэдээж үйл ажиллагаа явуулахад янз бүрийн зөрчил гарна. Үүнийг хяналтын улсын байцаагч нар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуультай уялдуулсан удирдамжийн дагуу, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах зэргээр өдөр тутмын үйл ажиллагаа өрнөнө дөө.

-Ер нь зөрчил хэр гардаг вэ? Гадаадын иргэд ихэвчлэн ямар зөрчилд холбогддог вэ?

-Гашуун сухайт боомтоор аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээгээр ажиллаж байгаа гадны иргэд эсвэл хөрөнгө оруулагч ачаа тээврийн компани болон нүүрс авч буй томоохон компаниудын төлөөлөгчид орж, гардаг болохоор зөрчил харьцангуй бага. Гарч буй цөөн тооны зөрчлийн дийлэнхийг визийн хугацаа болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчил эзэлдэг. Эдгээр хүмүүст өнгөрөгч долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн дагуу зохих торгуулийг ногдуулж, зөрчлийг арилгуулж байна.

-Та боомт, орон нутагт буюу хилийн бүсэд олон жил ажиллаж байна. Таны мэргэжлийн онцлог болоод сайхан нь юундаа байдаг вэ?

-Гадаадын иргэн, харьяатын газар нь харьцангуй “залуу” байгууллага бөгөөд үндэсний аюулгүй байдлын чухал чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тэр дундаа Монголын Улсын нүүр царай болж гадны иргэдтэй харьцдагаараа онцлог. Иймд бидэнд биеэ зөв авч явах, гадны ямар ч иргэнд зөрчил гаргахаас урьдчилсан сэргийлэх зөвлөгөө өгөх хэмжээний хуулийн мэдлэг, мэргэжлийн ур чадвартай байхыг шаарддаг өндөр хариуцлагатай алба л даа. Миний аав бас хил хамгаалах байгууллага, хилийн боомтод насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бэлтгэл хурандаа Сандр гэж хүн бий. Багаасаа л аавыгаа дагаж хөдөө хилийн боомтуудад амьдарч, боомтын амьдрал, хил хяналтын байгууллагын онцлогийг мэдэх болсон болохоор боомт, орон нутагт ажиллахад сэтгэлд ойр, их сайхан байдаг. Тэр утгаараа аавынхаа мэргэжлийг өвлөн, хил хяналтын байгууллагуудын нэг болох Гадаадын иргэн харьяатын газарт ажиллаж, хилийн боомт дээр төрийн ажлыг гүйцэтгэж байгаадаа баяртай байдаг.

-Орон нутагт албан хаагчдын нийгмийн баталгаа болоод ажиллах, амьдрах орчин нөхцөл ямар байна вэ?

-Бид гэр орноосоо хол, хилийн боомтод томилогдож ажилладаг. Бусад төрийн захиргааны албан хаагчдаас өөр онцлогтой алба хашдаг гэсэн үг л дээ. Энэ онцлогийг маань харгалзан хилийн боомтод ажилласан 1 жилийг 1.3 жилээр тооцож, 5 жил тутамд 30 сарын цалинтай тэнцэх хэмжээтэй мөнгөн урамшуулал олгодог.

Мөн манай өмнөд бүсийн Шивээхүрэн, Гашуун сухайт боомтууд нь албан хаагчдын өөрийн байртай. Саяхан аймгийн засаг даргын санхүүжилтээр Шивээ хүрэн боомтын албан хаагчдын байранд бүрэн засвар хийгдэж, амьдрах орчин улам сайжирсан. Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар Улаанбаатар хотод албан хаагчдын орон сууц барьж, зах зээлийн үнээс хямд үнээр албан хаагчдаа хамруулж, байртай болголоо. Мөн улирлын онцлогт тохирсон, чанар сайтай хувцас хэрэгслээр бүрэн хангаж байна. Энэ мэтчилэн удирдлагууд албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах талаас багагүй ажлууд хийж байгаад талархалтай ханддаг.

-Энэ удаагийн сургалтын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Маш өгөөжтэй сургалт байлаа. Бид хилийн боомт дээр зөвшөөрлийн дагуу виз олгоод, материалаа төв рүү явуулдаг хэдий ч виз зөвшөөрлийн газар, нэг цонхны үйлчилгээ дээрх бүхий л үйлчилгээг хийж үзлээ. Материалаа хэрхэн яаж хүлээж авдаг, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хэрхэн олгодог зэрэг бүхий л тал дээр өөрөө дадлагажаад хийгээд ирэхээр их зүйлийг мэдэж авдаг юм байна. Ер нь албаны онцлогийг бүхий л чиглэлээр таниулж үр өгөөжөө өгсөн сайхан сургалт боллоо гэж бодож байна. Мөн Буянт-Ухаа дахь олон улсын боомт дээр ажиллахад сурах зүйл их байлаа. Буянт ухаа боомтоор гадны иргэд хамгийн зорчдог. Тэр утгаараа онгоц ирж буй богино хугацаанд ур чадвар гарган ажиллаж байгаа албан хаагчдаа хараад бахархаж байлаа.

Түүнчлэн хичээл орж буй багш нар ГИХГ-т олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн хүмүүс байсан нь энэ сургалтын өгөөжийг улам нэмэгдүүлж байна. Тэднээр онол, практик хосолсон хичээл заалгаж, суралцах үр өгөөжтэй байлаа. Тэд өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, практик дээр хэрхэн ажиллах талаар маш сонирхолтой лекцүүдийг орсон. Мөн шинэчлэн батлагдсан хуулиудыг тайлбарлаж, бид ч хэрэглээ талаас нь ойлгохгүй байсан зүйлээ асууж, мэдэж авлаа. Бидэнд боомт дээр очоод асуух хүн байхгүй учраас энэ сургалтад хамрагдаж байгаа дээрээ мэдэхгүй зүйлээ туршлагатай хяналтын улсын байцаагч, багш нараасаа л асууж байна. Одоо энэ сурсан мэдсэн зүйлээ орон нутагтаа буцаж очиж хэрэгжүүлж ажиллах л үүрэг үлдэж байна даа.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж