Японы хот төлөвлөлтийн 1960-аад оны жишээг харуулсан үзэсгэлэнг өнөөдөр /2017.10.16/ Монгол, Японы төвд олны хүртээл болгож байна. Мөн энэ сарын 25-нд “Хот төлөвлөлтийн хүндрэлүүд ба түүнээс гарах арга зам”хэлэлцүүлгийг зохион байгуулахаар хоёр орны мэргэжилтнүүд цуглаж, туршлагаасаа хуваалцах гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр Монгол, Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн зохицуулагч Такигүчи Рёотой цөөн хором ярилцлаа.
-Япон улсын 1960-аад оны хот төлөвлөлтийг харуулсан үзэсгэлэнг толилуулж байна. Яагаад заавал жараад оныг онцолсон нь сонирхолтой юм?
-Бид Япон улсын 1960-аад оны хот төлөвлөлтийг уг үзэсгэлэнгээрээ танилцуулж байна. Яагаад 1960-аад оны хот төлөвлөлтийг онцолсон гэхээр дайны дараа ихэнх хотын барилгууд нурсан. Тэгээд л дахин шинээр хотыг хэрхэн төлөвлөх асуудал гарч ирсэн юм. Тухайн үед олон ч архитектур хот төлөвлөлтийн шинэлэг санааг гаргаж байсан. Одоо тэрхүү шинэлэг санаануудаас хэрэгжсэн нь ч бий, хэрэгжээгүй орхигдсон санаа цөөнгүй байгаа.
-Япон улсын хувьд дэлхийн хот төлөвлөлт сайтай хотын нэг. Гэхдээ одоо ч хот төлөвлөлтийн хувьд тулгамдсан асуудал байсаар байна уу?
-Хотыг төлөвлөхийн тулд олон нийтэд зориулсан төлөвлөлт хийх нь маш чухал. Зарим газрууд хувийн өмч байдаг учраас өргөн зам тавихын тулд нүүлгэн шилжүүлэх асуудал тулгардаг хэвээр. Улаанбаатар хоттой харьцуулахад хот төлөвлөлт сайжирсан ч зарим газраа засах шаардлагатай, хуучирсан газрууд их бий. Японд үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр болохоор хурдны зам тавихад асуудал тулгарч байгаа.
-Харин Улаанбаатар хотын хот төлөвлөлтийг та хэрхэн харж байна вэ?
-Улаанбаатар хотын хувьд 1950, 1960-аад онд бүтээн байгуулалт эхэлсэн. Гэтэл 2000 оноос хойш хүн ам олширч хот төлөвлөлт замбараагүй болж ирсэн. Япон улс галт тэргийн өртөөний сүлжээг сайн хөгжүүлж, өртөө дагуух хот сууринг ихээр хөгжүүлсөн. Ингэснээр хотын төвлөрөл үүсэхгүй байхад нөлөөлдөг. Энэ сарын 25-нд болох хэлэлцүүлгийн үеэр “ЖАЙКА” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төслийн хотжилтын чиглэлээр ажилладаг мэргэжилтэн арга зам, туршлагаас хуваалцана. Замын цагдаагийн мэргэжилтэн машин урсгалыг сайжруулах талаарх ярилцах юм.
А.Сүрэн