Хувьцааг давхар бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Хувьцааг давхар бүртгүүлнэ

Монголд бүртгэлтэй хувьцааг лондоны хөрөнгийн биржид давхар бүртгүүлнэ

Лондоны Хөрөнгийн биржийн төлөөлөгч болон Монголын талын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр  Лондоны Хөрөнгийн биржийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал, Лондоны Хөрөнгийн бирж группийн гүйцэтгэх хорооны гишүүн, “Millenium IT” компанийн захирал Антони Виерсингээс зарим асуултад хариулт авсан юм.

-“Mille­nium IT” прог­раммыг ашиглах нь Мон­голын Хө­рөнгийн бир­жийг Лондоны Хөрөнгийн бир­жээс ха­раат болгоно гэ­сэн хардлага бай­гаа. Яагаад заавал энэ прог­раммыг Мон­голын Хөрөнгийн бир­жид нэвтрүүлэх санал тавьсан юм бэ?

-“Millenium IT” программыг ашигласан  автомат  арилжааны системд өдөрт 25 сая ширхэг хувьцааны захиалга авч, ойролцоогоор 300 мянган удаа арилжаа хийж, гурван их наяд ам.доллар босгож байна. Энэхүү программыг Европт I CAP, Лондоны металлын бирж, Америкийн АMEX болон Бостоны Хөрөнгийн бирж зэрэг дэлхийн 22 Хөрөнгийн бирж үүнийг арилжаандаа ашигладаг. Ирэх хоёрдугаар сарын 14-нөөс Лондоны Хөрөнгийн бирж энэхүү системээр бүх үйл ажиллагаагаа явуулах бэлтгэл ажлаа хангасан. Өнөөдрийн байдлаар автомат арилжааны системүүдээс “Millenium IT” программыг дэлхийн хамгийн хурд сайтай системд тооцож байгаа. Ирээдүйд энэ систем дэлхийд ноёрхлоо тогтоох учир Монголын Хөрөнгийн бирж ч үүнийг хэрэглэх  ёстой. Ингэснээр тус биржээс дэлхийн томоохон биржүүдтэй холбогдох дэд бүтэц бүрдэж байна гэсэн үг.  Монголын Хөрөнгийн бирж байгуулагдаад 20 жил болж байгаа учир  ашиглаж байгаа техник, технологи нь үнэт цаасны зах зээлтэй хөл нийлүүлэн алхахад хүндрэл учруулж  байгаа. Тиймээс хамгийн түрүүнд техникийн шинэчлэл хийхээр болсон юм.

-Манай улсын Хөрөнгийн бирж шиг түүхтэй биржийг хөл дээр нь босгож байсан туршлага танайд бий юү?

-Энэ төрлийн туршлага бидэнд хангалттай байгаа. Зүүн Европт Хорватын Хөрөнгийн биржийг хөгжүүлсэн бол Ази болон Африкт Хөрөнгийн биржийнх нь үйл ажиллагааг тэгээс эхлээд томоохонд тооцогдох хэмжээнийх болгож чадсан.

-Монголын  Хөрөнгийн бирж­тэй хамтрах нь Лондоны Хөрөн­гийн биржид ямар ашигтай вэ?

-Монголын Хөрөнгийн бирж бол хөгжиж байгаа зах зээл. Үнэт цаасны зах зээлд гарах өсөлт, ирээдүй Азид байгаа. Тиймээс энэ өсөлтийг дагаад өөрсдөдөө ч гэсэн өсөлт авчрах зорилготой байна. Мөн Лондоны Хөрөнгийн биржийн гишүүн 560 компанид Азиас арилжаа хийх боломжийг бүрдүүлэхийн сацуу монголчууд Лондоны Хөрөнгийн биржээс хувьцаа авах боломжийг бий болгох  гэсэн юм.

-Хамгийн эхэнд техникийн өөрчлөлт хийх гэж байгаа гэлээ. Харин үүний дараа юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ оны эцсээр бүтцийн өөрчлөлт хийж дуусгахаар ажиллаж байна. Бидний өгсөн зөвлөгөөг дагаж,  Монголын ТӨХ болон СЗХ-ноос Монголын Хөрөнгийн биржийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэх байх гэж найдаж байгаа.

Лондоны Хөрөнгийн биржийг төлөөлж ирсэн Антони Виеринг ийнхүү хариулсан юм. 

Харин тэдний зөвлөгөөг хэрхэн дагах талаар Сангийн дэд сайд Ч.Ганхуяг доорх хариултыг өглөө.

-Антони Виерсинг Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан компаниудын хувьцааг Лондоны Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй арилжина гэж байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид шимтгэл бага гэдэг утгаараа Лондоны Хөрөнгийн бирж рүү хошуурах юм биш үү?

-Хууль, эрх зүйн орчны хувьд Монголын Хөрөнгийн биржид өөрчлөлт  оруулах нь  мэдээж. Манай улсад хэрэгжүүлж байгаа Иргэний, Компанийн, Үнэт цаасны, Банкны тухай хуулиудын  зохицуулалт нь гадны Хөрөнгийн биржүүдийн зохицуулалттай зөрчилддөг. Үүнийг л нэг стандартад оруулж чадвал Лондон, Хонконгийн аль ч биржийн шимтгэлтэй Монголын Хөрөнгийн биржийн шимтгэл тэнцүү болж, хөрөнгө оруулагчдад 24 цагийн турш арилжаа хийх боломж нээгдэх юм. Тухайлбал, Лондон, Улаанбаатарын хооронд найман цагийн зөрүүтэй. Хөрөнгө оруулагчид Лондоны Хөрөнгийн бирж ажлын шинэ өдрөө эхлэхийг хүлээж байхын оронд Улаанбаатарын арилжаанд оролцох боломжтой болно гэсэн үг. Үүний тулд адилхан хууль эрх зүйн орчинг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй байна.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж