Хүний авиаг намнаж, өөрийнхийгөө гамнацгаая

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Хүний авиаг намнаж, өөрийнхийгөө гамнацгаая

Хүний авиаг намнаж, өөрийнхийгөө гамнацгаая

Энэ бол “Егөөтэй ерэн есөн тайлбар”-ын 1058 үгтэй хамгийн урт өгүүллэг. Өнөөг хүртэл  800 үгтэй “Христийн номлогч Кирил аавтай монгол цагаан толгой” өгүүллэг эхний байранд байсан юм. Гадныхныг дуурайгаад илүү, дутуу үсэгтэй “но”-той цагаан толгойгоо түмэн олондоо таниулах гэсээр байгаад тэр л дээ. “Но”-той тэр цагаан толгойгоор харь хэлний үгийг зөв бичих “но”-той дүрмийг тайлбарлаж, хоёр “но”-г давхцуулсан учир энэхүү өгүүллэг ийм урт болсонд эрхэм танаас хүлцэл өчье. Та төвөгшөөлгүй уншиж, харь хэлний үгийг бичих “но”-той дүрэм, түүнийг хөнгөн хялбар болгох шаардлагын талаарх тайлбарыг минь ухан ойлгоорой…

…Ямар ч эр эгшиг байхгүй бол эм гэж бодоод “физикийн, менежерийн, элементээр” гээд эм нөхцөлүүдийг залгана. Эр, эм холилдоод байвал хамгийн урт дуудагдаж байгаа эгшгийнх нь хүйсийг тогтоогоод “дипломын, кабинетийг, профессорийг, магистрийн” гэж эгшиг зохицуулан нөхцөлөө залгана. Энэ бас л “но”-той дүрэм. Энэ үгсийг бид “кабинет, профессор, магистр” гэж гадаадаар нь алдалгүй бичдэг ч кавнийт, порфийсор, магийстар гээд монголжуулсан. Үүний баталгаа нь кабинетээр, кабинетээс; профессорөөс, профессорөөр; магистрээр, магистрээс” гэх к(г)авнийтруу, к(г)авнийтаас, порфийсроор, порфийсроос, магистраар, магистраас гэж хэлж байгаа нь бодит үнэн

Орос хэлний “геометрия, станция, комиссия, лекция” мэт үгсийн“-ИЯ”-уудыг авч “геометр, станц, комисс, лекц” болгоно. Харин “биология, химия, армия”-ын -г нь л авч “биологи, хими, арми” болгох дүрэмтэй. “-ИЯ”-аар нь авчихвал зөөлөн гийгүүлэгчүүд хатуурчих гээд байна гэнэ ээ. Гэхдээ л “биолог, хийм” гэж хэлж байгаа болохоор яг ингээд биччихэд болохгүй зүйл байхгүй л болов уу.

“Форма, физика, машина” мэт үгийн эцсийн өргөлтгүй богино эгшгийг хасна, “кино, пальто, вино” мэт өргөлттэйг нь хасахгүй. Гадаадын олон хэлнээс олон үг орж ирсэн энэ үед энэ дүрмийг ч эргэж хармаар санагддаг…

Заа, сүүлийн бүлэг нь гадаад үгэнд л хэрэглэдэг К, П, Щ, Ф-тэй холбоотой хэсэг дүрэм. Нэгд, “Щ”-г халах нь зөвийг баталж “Щ(иш чээ)”-г “Ш” гэж бодоорой, яг адилхан шүү гэсэн эхний дүрэм. Хоёр дахь нь гадаад үгийн “К” бол манай “баг, тог, туг”-ийн “хэлний угийн Г”-шүү. Тийм учраас “багийн, тогийн, тугийн” гээд А, О, У-тай эр үг байсан ч “Г”-ээр л төгссөн бол “-ийн, -ийг” залгадаг шигээ “практикийн, математикийн, аркийг” гэж залгаарай гэдэг дүрэм. Үнэн л дээ, монгол хэлний бүх “К”-г “Г”-тэй ойролцоо дууддаг юм. Гурав дахь нь, үгийн эцсийн “П, Ф, Б, В” дөрвийг өөрийнхөө “В” гэж бодоод “клубт, шкафт, сейф бэ?” мэтээр “В”-ийн араас залгадаг дагавар, нөхцөлөө залгаарай гэдэг дүрэм.

Эхний хоёр нь монгол хэлээ өмөөрч хамгаалсан гоё дүрмүүд бол сүүлийнх нь дагаж мөрдөөд байхаар тийм ч “боловсон” дүрэм биш л юм байна. Гэхдээ дүрмээ сайжруултал мөрдөж л байхаас яах вэ дээ.

“Сигнал”-ыг чагнаал, “паравоз”-ыг бярвааз, “daumkroft”-ын данхраад болгож хүний авиаг “намнасан” шигээ харь үгийг хэлснээрээ бичдэг болчихвол хэрэглэх дүрэм нь хөнгөрнө. Харин өөрийнхийгөө “гамнаж”, үндэс язгуураа эвдэлгүй хав дарвал эх хэлний минь дархлаа сайжирч, “хүний цус холилдохгүй”. Иймд аль ч орны, ямар ч гадаад үгийг буулгах нэг зарчимтай болох зайлшгүй хэрэг байгаа юм. Гол зарчим нь монгол хэлний авиазүй, зөв дуудах зүй л байх болов уу…

Хүний авиаг намнаж, өөрийнхийгөө гамнацгаая!

“Егөөтэй 99 тайлбар” номын ““Но”-той юм их тайлбар нэхэх юм аа” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж