АНУ-д хөдөлмөр эрхлэх H 2 виз олгоно

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

АНУ-д хөдөлмөр эрхлэх H 2 виз олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан ч 11.00 цаг дөхүүлж байж эхэллээ.

Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яам хамтран хариуцлагатай аялал жуулчлалыг сурталчлах замаар ирээдүйд Монгол Улсыг АНУ-ын Визгүй зорчих хөтөлбөрт багтаах боломжийг хэлэлцэх гэж буй тухай сонсоод сэтгүүлч миний бие хамгийн түрүүнд Монгол Улс ямар шалгуураар энэ хөтөлбөрт багтаж чадахгүй байгааг мэдэхийг хүссэн. Гэтэл Монгол Улсын иргэд АНУ-ын Визгүй зорчих хөтөлбөрт багтахад саад болж ирсэн гол зүйл нь хариуцлагагүй байдал гэж АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Галтын хэлсэн үг намайг хэлэх үггүй болгож орхисон юм.

Монголчууд хэдийгээр галт зэвсгийн хүчээр асуудлыг шийднэ гэж үздэг зарим улс орны иргэдийг бодвол төлөв даруу ард түмэн боловч цөөхөн хүмүүсийн хувиа хичээсэн хариуцлагагүй үйлдлээс болж олон улсад Монгол гэдэг нэр хууль бус гэдэг үгтэй голдуу хамт сонсогдох болжээ. АНУ-д аялагч монголчууд визний хугацааг хэтрүүлэх, оюутны визээр зорчигчид хууль бусаар үлдэх, зөвшөөрөлгүй ажил эрхлэх нь улам нэмэгдэж байгаа нь дараа дараагийн зорчигчод тус улсын виз авахад улам хүндрэлтэй болж байгаа ажээ.

Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам хамтран “Хариуцлагатай аялал” олон нийтэд хандсан аяныг эхлүүллээ. Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд энэ сарын 13-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Женнифер Галт нар “Хариуцлагатай аялал” аяныг нээж үг хэлсэн ба Консулын хэлтсийн ажилтнууд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Гадаад харилцааны яамнаас монголчуудын АНУ-д аялах визний асуудлыг хөнгөвчилж өгөх хүсэлт байнга тавьдаг тухай Элчин сайд Женнифер Галт хэлсэн юм. Дахин дахин сөхөгдөж буй энэ асуудлыг шийдэхэд олон талын хүчин чармайлт шаарддаг байна. Элчин сайд Женнифер Галтын хэлснээр монголчууд визээ хуурамчаар мэдүүлдэг, хууль журмыг нь мөрддөггүй, зөвшөөрөлгүй ажил эрхэлдэг зэрэг олон асуудал байдаг гэнэ.

2016 онд АНУ-д аялсан монголчуудын найман хувь нь визний хугацааг хэтрүүлсэн, оюутны визээр зор чигчдын 20 хувь нь тус улсад хууль бусаар үлдсэн, зөвшөөрөлгүй ажил эрхэлжээ. Энэ мэт шалтгаан нь монголчуудад АНУ-ын виз авахад улам хүндрэлтэй болгож байгаа юм.

Иймээс Гадаад харилцааны яамны олон удаагийн хүсэлт болон АНУ-ын элчин сайдын яамны хүчин чармайлтаар “Хариуцлагатай аялал” олон нийтэд хандсан аян эхлүүлж байгаа юм байна. Энэ аяны зорилго нь тун энгийн. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидгийн адилаар нэг хүний амиа бодсон, хариуцлагагүй үйлдэл бусдад ямар муу үр дагавар авчирч байгааг анхааруулахын зэрэгцээ монголчуудад аль ч улс оронд аялсан хариуцлагатай байж, тухайн улсын хууль дүрмийг мөрдөхийг уриалж байгаа юм.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ “Гадаад харилцааны үе үеийн сайд нар монголчуудаа аль болох олон оронд визгүй зорчуулах нөхцөл бүрдүүлэхээр зорилго тавьж ажиллаж ирсэн. ” гэсэн юм. Монгол Улсын иргэд өнөөдөр энгийн паспортаар 16 оронд, албаны болон дипломат паспортаар дэлхийн 29 оронд визгүй зорчиж байна. Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яаманд монголчуудыг тус улсад урт хугацааны гэрээгээр ажиллуулах хүсэлт тавьсны дүнд ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын элчин сайдын яам монголчуудад H2 виз олгох асуудал яригдаж байгаа ажээ. H2 виз нь мэргэжил онцгой шаарддаггүй хөдөлмөр түр эрхлэхийг зөвшөөрсөн виз юм. Сайд Ц.Мөнх-Оргилын хэлснээр Гадаад харилцааны яам 6-7 жилийн яриа хэлэлцээрийн дүнд энэ шатанд хүрсэн гэж мэдэгдсэн юм.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд хэлэхдээ “2016 онд 10,000 монгол хүн АНУ-ын виз авсан. Тэдний найман хувь нь хууль бусаар үлдэж, зөвшөөрөлгүй ажил эрхэлж байна” гэсэн юм.

Н.ЭНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж