Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ын хоёр дахь Засгийн газар өмнөхөөсөө дордох нь тодорхой болж байна. Өнгөрсөн долоо хоногжин олны амны бай болсон энэ сэдэв долоо хоногийн шувтаргаар цэгцэрч У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдуудын нэрс тодорлоо. Хэрэв энэ Лхагва гаригаас өмнө УИХ Ерөнхий сайдын санал болгож байгаа кабинетийг хүлээн авах аваас Ерөнхий сайдаас бусад УИХ-ын танхим дотор байгаа гишүүд бүхий Засгийн газартай болох юм. Жил гаран ажиллаад огцорсон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг мэргэжлийн гэсэн мөртлөө мэргэжлийн биш гэсэн шүүмжлэл хэчнээн явлаа. Харин одоо санал болгож байгаа нэрсийг харахад Ж.Эрдэнэбатын кабинет хамаагүй чадварлаг харагдаж байгаа нь “Голсон юм голд, шилсэн юм шилд” гэдэг болов уу гэлтэй.

Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төслийг Ардчилсан намын парламент хүлээж авахгүй гэх үед эдүгээгийн МАН гудамжинд гарч улс төрийн томоохон акц хийж байсныг санаж байгаа байх. Ардчилсан намын Засгийн газрын давхар дээлтэй гишүүдийн зургийг хэвлэсэн цаасыг нүүрэндээ углаж, нөмгөн дээлтэй Сүхбаатарын талбайд зогсоцгоож байсан зураг түүх болон үлджээ. Гэтэл одоо байгуулагдах гэж буй Засгийн газар нь зуун хувь давхар дээлтэй байх ажээ. Тэгэхээр тэр акц Монгол төрийг хариуцлагатай байлгахын төлөө хийж байсан чин зорилго өвөрлөөгүй,  харин зүгээр л сэдэв олдвол улс төрийн жүжиг найруулдаг гэж ойлгогдож байна. “Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ” хэмээн хийсч явдаг хамхуул лугаа.

Салбартаа насаараа зүтгэж, юу нь болж, юу нь болохгүй байгааг мэддэг мэргэжилтнүүд л уг нь салбартаа хаан юм. Гүйцэтгэх засаглалд олон жил үргэлжилж байгаа улс төрийн томилгоо салбар салбарын хөгшчүүлийг мохоож, залуучуудыг нь нам сонгохоос өөр гарцгүй ацан шалаанд оруулж байна.

Шинэ Засгийн газрын томилгооны үйл явц Ерөнхийлөгчийн өргөө хүрээд саатаад байгаа. Ерөнхий сайд кабинетийн гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулна гэсэн заалт Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд байгаа ч энэхүү зөвшилцөлд тодорхой хугацаа заасан болон Ерөнхийлөгч эс зөвшөөрсөн тохиолдолд хэрхэх тухай зохицуулалт байхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг нам дотроосоо огцруулсан нь 1992-1996 оны Ардчилсан холбоо эвслийн эрх барих үеийг давтлаа хэмээн бид бичсэн. Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү 100 хувь парламент дотор бүрдэх аваас мөн л тэр үеийн түүхийг давтах юм. Ардчилсан холбоо эвслийн анхны Засгийн газар болон М.Энхсайханы кабинетийг огцруулсны дараа байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газар нь мөн парламент дотроос дангаар бүрдэж байсан.

Энэ бүхнээс үүдэн парламент, Засгийн газар хоёр гэдэг тийм салж болохгүй нандин уялдаатай, нэг нь нөгөөгөө нөхчихдөг институц үү гэсэн асуулт гарч ирж байна. Нэг нь хууль тогтоох дээд байгууллага, нөгөө нь гүйцэтгэх байгууллага гэсэн ерөнхий тодорхойлолттой. Парламентын 76-г сонгогчид бидний өмнөөс төр барь гэж итгэл үзүүлэн саналаа өгч УИХ-ын танхим руу илгээдэг бол энэ 76 нь миний сонгогчдод эрүүл саруул, айх аюулгүй, эрх тэгш амьдрахад ийм орчин нөхцөл хэрэгтэй, түүнийг бүрдүүл гэж Засгийн газрыг байгуулдаг хэмээн энгийн үгээр тайлбарлая. Гэтэл нөгөө 76 маань яагаад заавал гүйцэтгэх засаглалыг давхар барих гээд ийнхүү улайраад байна вэ? Гүйцэтгэх засаглалд бидний төлсөн татвар төсөв нэрээр байж байна. Энэхүү төрийн авдар л давхар дээл нөмрөн хөлсөө урсган суух сонирхлыг 76-д төрүүлж буй.

Парламентын 76 бол хаан ч биш, заан ч биш. Мэргэжлийн салбарыг ийнхүү үл ойшоож, улс төрийн томилгоо хийж байгаа нь төрийн албыг улам сулруулж, төрийн албан хаагчдын ирээдүйг хааж байгаа том нүгэл. Салбартаа насаараа зүтгэж, юу нь болж, юу нь болохгүй байгааг мэддэг мэргэжилтнүүд л уг нь салбартаа хаан юм. Гүйцэтгэх засаглалд олон жил үргэлжилж байгаа улс төрийн томилгоо салбар салбарын хөгшчүүлийг мохоож, залуучуудыг нь нам сонгохоос өөр гарцгүй ацан шалаанд оруулж байна. Ерөнхий сайд болгон салбараа мэргэжлийн хүнээр удирдуулна гэж ам гардаг ч ажил болохын цагт улс төрийн бялуу хуваалт болоод дуусдаг. Энэ үлгэрээс У.Хүрэлсүх ч гажсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж