Эдийн засагч С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсанаас хойш жил гаруй хугацааны эдийн засагт ногоон гэрэл асаалаа гэж дүгнэсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засагт ногоон гэрэл асав уу. Та юу гэж дүгнэж байна?
-Эдийн засагт ногоон гэрэл аслаа гэдэг нь ард түмэн, өрх гэрийн амьжиргаанд гэрэл гэгээтэй, бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарсан эсэх талаас нь дүгнэж хэлсэн байх. Эдийн засгийн өсөлтийг аль ч Засгийн газрын үед манай, танай гэж “булаацалддаг”. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газрын үед ийм өсөлт гарсан, танай үед ийм байсан гэж. Уг нь бол тэр өсөлтийн чанар нь юу вэ гэдэг нь хамгийн чухал. Эдийн засгийн өсөлт бидний, айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн үүд хаалгаар орсон эсэхээр нь дүгнэх учиртай. Өсөлтийн хурдцаас илүү хүртээмж, тогтвортой чанар чухал. Нүүрс, зэсийн үнэ өсөхөд эдийн засаг дагаж өсч байгааг бодит өсөлт гэхгүй. Засгийн газар эдийн засгийн өсөлт 5,3 хувьтай гарсан гэсэн. Эдийн засаг ингэж өссөн юм бол миний амьдралд яаж нөлөөлсөн юм бэ гэдэг практик асуулт иргэд тавьж байна. Энэ жилийн өсөлтийг задаргааг харж байхад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнөөс экспортын хэмжээ өссөнтэй холбоотой байгаа юм. Өсөлтийг тодорхойлохдоо эдийн засгийг нийлүүлэлт талаас буюу өрх гэр, бидний орлого, хэрэглээ нэмэгдсэн эсэхээр нь тодорхойлох хэрэгтэй.
2017 оны эхний хагас жилийн 5,3 хувийн өсөлтийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар өөртөө их нааж ярьж байх шиг байна. Засгийн газрын бүхэлд нь хэрхэн ажилласан бэ гэвэл муу ажилласан гэж хэлэхгүй. Эдийн засгийн өсөлтийг “булаацалдах”-ын тулд өсөлтийн задаргааг маш сайн ойлгох хэрэгтэй. Барууны улс орнууд эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас нь илүү их дүгнэдэг. Эдийн засгийн 5,3 хувийн өсөлтийг задлаад үзвэл, өрхийн хэрэглээ 1,7 хувь, материаллаг эргэлтийн хөрөнгийн нөөц 7,6 хувь, хөрөнгө оруулалт 5,6 орчим хувь, цэвэр экспорт, импортын зөрүү нөлөөлөл нь хасах байсан. Энэ бүхнийг нэгтгэж, дунджаар нь 5,3 хувийн өсөлт гэж яриад байгаа юм. Нүүрсний зах зээл сайжирч, нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр уул уурхайн өсөлтдөө орно. Гэтэл уул уурхайн өсөлтийг нийлүүлэлт талаас нь үзвэл 2017 онд хасах үзүүлэлттэй, уул уурхайн бус нь нэмэх үзүүлэлттэй байгаа ч уул уурхайн бүтээгдэхүүний нөлөөтэй. Эдийн засгийг эрэлт болон нийлүүлэлт талаас нь тайлбарлаж байж эдийн засгийн өсөлтөө “булаацалдах” ёстой. Ерөнхийдөө эдийн засгийн өсөлт гэнэт өсдөг зүйл биш. Монголын хувьд өсөлт нь хүртээмжтэй, тогтвортой болж чадаагүй учраас гадаад зах зээлийн нөлөө их, мөчлөг дагасан орлого орж ирэх нь их. Тиймээс ямар нэг улс төргүй анализ хийх ёстой. Сүүлийн хэдэн жил өрхийн бодит орлого олигтой өсөөгүй, эцсийн хэрэглээний зардал нэмэгдсэнгүй. 2015, 2016 онд өрхийн эцсийн хэрэглээний зардал хасах хувьтай байсан бол 2017 оны эхний хагас жилд бага зэрэг сайжирч нэмэх болсон байна. Гэвч эцсийн хэрэглээний хамгийн гол үзүүлэлтээр өсөлтийг тодорхойлдог чиг хандлага Монголд төлөвшөөгүй хэвээр байна. Одоо эдийн засагт жаахан эерэг өөрчлөлт гарах гарц харагдаж байна. Үүнийг шийдвэр гаргагчид цаашид онцгой анхаарч багш нар зүгээр ч нэг ажил хаяад цалин нэмэхийг шаардаад байгаа юм биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн. Эмч, багш нарын цалин нэмэх нь эдийн засагт, төсөвт ачаалал өгнө гэх мэтээр олон янзаар дүгнэж байна. Та тэгэхээр багш нарын цалинг нэмэх нь зөв гэж бодож байна уу?
-Төрийн албаны ажилчдын цалинг нэмнэ гэсэн ерөнхий зүйл эрх баригчид хэлсэн. Гэтэл төрийн алба дотор цалинг нь нэмэх шаардлагагүй 40 гаруй мянган хүн, төрийн үйлчилгээний алба дотроо хамгийн их цалинг нь нэмэх шаардлагатай багш, эмч, цагдаа нар байна. Цалин нэмэх төсвийг 2018 оны төсөвт суулгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 2018 оны төсөвт төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Түүнээс гадна төсвийн орлого, зарлага талаасаа хүмүүс, өрх гэр, бизнесийн байгууллагууд руу хандсан өөрчлөлт хийгдсэн эсэхийг зөв тодорхойлох шаардлагатай байна. Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд инфляцийг найман хувьд барина гэсэн. Гэтэл төрийн албан хаагчийн цалин нэмэх гэхээр инфляци нь найман хувиас хэтрэхгүй байх боломж бий юу гэдгийг харах хэрэгтэй. Жишээлбэл, Бодит цалингийн дундаж 422 мянга төгрөг. Гэтэл инфляци нэмэхгүйгээр цалин нэмнэ гэвэл 490 орчим мянган төгрөг болгож нэмэхээр байгаа юм. Энэ мөнгөөр бас амьдрах боломжтой юу гэдгийг бодолцох ёстой. Цалин нэмэх асуудал ОУВС-нд таатай санагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ тэдэнд Засгийн газрын зүгээс тайлбарлах, нотлох нэг гол үндэслэл нь эдийн засгийн өнөөгийн өсөлт нь өрхийн эцсийн хэрэглээний өсөлтийн хувьд нэмэр багатай, өрхийн орлого, бодит цалингийн өсөлт тогтвортой бус, хүлээгдэж буй инфляцид үзүүлэх нөлөөлөл нь бага үед нийгмийн тодорхой хэсгийн цалинг нэмэх нь зөв хандлага, бодит шаардлага юм гэдгийг ойлгуулах нь чухал.
-Төсвийн алдагдлыг бууруулах асуудлыг ОУВС-тай хамтарсан хөтөлбөрт тусгасан. Тэр дундаа цалин нэмэхгүй гэж. Гэхдээ шинэ Засгийн газар ОУВС-тай хамтрах эсэх нь хүлээлт үүсгэчих шиг боллоо?
-Бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид ОУВС-нд хэний цалинг, яагаад нэмэх ёстой вэ гэдгээ зөв ойлгуулах ёстой. Орлогоо зөв хуваарилах нь зарлагаа хэмнэхээс шалтгаална. Жишээлбэл, жил бүр малчдад ноосны урамшуулал гэж 22 тэрбум төгрөг олгодог. Гэтэл тэр мөнгө яг хэнд очиж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мал ихтэй хүмүүс нь илүү их ноос тушааж илүү их урамшуулал авна. Тэгэхээр зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу, үгүй юү гэдгийг бодох хэрэгтэй. Улсын хэмжээнд бодит цалин 540 мянган төгрөг. Энэ мөнгөөр юу авч болох вэ, худалдан авах чадвар нь ямар байх вэ гэдгийг нь бодох ёстой. Багш нарын цалинг нэмснээр боловсролын салбарт ямар эерэг өөрчлөлт гарах вэ гэдгийг зөв тайлбарлах нь чухал. Сүүлийн үед муу л бол ОУВС руу чихэх, эсвэл ОУВС зөвшөөрөхгүй гэх хандлага гарах болж. Уучлаарай, ОУВС нэг л зарчим баримталдаг. Тухайн орны аливаа бодлого түүний дотор ОУВС-тай тохирсон бодлогын өмчлөгч нь тухайн орон нь өөрөө байна. ОУВС-ийн хөтөлбөр биш Монгол Улсын хөтөлбөр. Хамтын ажиллагаа бол хууль биш тохироо. Хамтын ажиллагааны хөтөлбөрт зайлшгүй өөрчлөх шаардлагатай бол нотолгоог нь сайн гаргаж, өөрчилж болно.
Сайд нар төсөв нь алдагдалтай байхад яамныхаа том том төслүүдээ батлуулах гэж оролддог. Өөрөөр хэлбэл, хямралын бодлогын мэдрэмж маш сул байдаг. Тиймээс салбарын яамд төсвийн бодлогод оруулах хамгийн том хувь нэмэр нь том том төсөл биш төсвийн алдагдлыг бууруулахад өөрийнх нь салбарын орлого зарлага яаж нөлөөлөх вэ гэдгийг л бодох ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүх сайд яг ийм хандлагаар хандвал маш сайн Засгийн газар байна.
-Удахгүй 2018 оны төсөв, мөнгөний бодлого батлах ёстой. Шинэ Засгийн газар байгуулагдаж амжаагүй. Цаг хугацаа ийм давчуу үед төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах нь чухал. Гэтэл сүүлийн хэдэн жил мөнгөний бодлого нь төсөв сөрсөн биш дагасан бодлоготой явж ирсэн гэж та шүүмжилсэн байсан?
-Мөнгөний бодлого төсөвтэйгөө уялдахгүй байсаар ирсэн. Мөнгөний бодлогын баримт бичигт өнгөрсөн жилүүдийн төсвийн алдаа одоо хэрэгжиж байгаа төсвийн хэт тэлсэн бодлогыг дагасан, төсвийн мөчлөгийг сөрсөн биш дагасан бодлого явж байгаа юм. Энэ нь Монголбанкинд таалагдахгүй. Өмнө нь ч таалагдаж байгаагүй. Яагаад гэвэл Монголбанк үнийг тогтвортой байлгах үндсэн зорилгоо биелүүлэх эсэх нь эргэлзээтэй болж байгаа. Тиймээс олон жил тогтсон зарлагын ухамсартайгаар багасгах ёстой.
Төсвийн алдагдал 8,6 хувь байгааг 65 хүнтэй МАН байгаа дээрээ таван хувь болгоосой гэж боддог. Төсвийн алдагдал 3,6 хувиар буурвал Монгол Улсад асар том дэвшил болно. Улстөрчдийн субектив хүсэл зорилгоор өнгөрсөн жилүүдээс уламжлагдаад ирсэн хандлагыг зогсоохгүй бол Монголын эдийн засаг эмзэг хэвээр, гадаадын эдийн засагт зээлжих зэрэглэл өсөхгүй, эдийн засгийн өсөлтийн үр дүн ард иргэдийн цалин, амьжиргаа, бизнесийн байгууллагын ашиг орлогод наалдахгүй гэсэн үг. Төсвийн алдагдлыг бууруулж чадах реформыг хийж чадах эсэх нь шинэ Засгийн газрын оруулж ирэх 2018 оны төсвөөс хамаарна.
-2017 оны эхний хагас жилд төсөв давсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхэд бүрт мөнгө тараасан. Энэ мөнгийг төсөв давж биелсэн учраас тарааж байгаа гэж тайлбарлаж байсан?
-Тэр бол хортой улс төрийн тоглоом. Орлого яаж орж ирдэг, өнгөрсөн онуудын хэрэгжүүлсэн зарим төрийн бодлого зэргээс төсвийн орлого нэмэгдэх нөхцөл үүсч байгаа юм. Тухайлбал, Татварын өршөөлийн хуулиар 30 гаруй их наядын хөрөнгө нь ил болсон компаниуд татвараа төлж эхэлсэн, НӨАТ-ын үр нөлөө гэх мэт нөлөөлөл байсан. Эдийн засгийн нийлүүлэлт талаас нь 5,3 хувийг задлаад үзвэл хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь бүтээгдэхүүний цэвэр татвар.
-Монголбанкны хараат байдлыг хангах хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Монголбанкны хараат байдлыг хангаж чадах болов уу. Та сонирхов уу?
-Би 2015 онд Төв банкны тухай хуулийг шинэчлэх өөрийн хувилбарыг гаргасан. Төв банкны хараат бус байж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Төсвийн тэлсэн бодлого яваад байхаар мөнгөний бодлого нь юу болох, хэнд хохиролтой вэ гэдэг талаас нь бодоход Төв банкны үйл ажиллагааны хараат бус байдал их чухал. Мөнгөний бодлого, валютын ханш ямар дэс дараалалтай байх вэ гэдэг ч бас чухал. Жишээлбэл, сүүлийн 10, 20 жил мөнгөний бодлого боловсруулахдаа валютын ханшийн бодлогыг “валютын ханш чөлөөт буюу уян хатан байна” гэсээр явж ирсэн. Манай улсад валютын ханшийн дэглэм, зохицуулалттай байх ханшийн дэглэм дутуу байгаа. Энэ бүхнийг хуулиар зохицуулах ёстой. Төв банк реформын шинжтэй чухал суурь хуулиудыг батлуулаад, төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдаад ирэхэд Монгол Улсын өсөлтийг “булаацалдахаас” илүү чанарт анхаардаг болно.
Улс төрийн шийдвэрүүдийн улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь тогтворгүй байдлын хууль болон хувирчхаад байгаа юм. Өмнөх парламентын үед төсөв батлах ажлын хэсэгт орсон гишүүд лобинд автах, өөрсдийн тойрогтоо илүү төсөв хуваарилах зүйлс ажиглагдаж байсан. Энэ нь сонгуулийн системтэй холбоотой. Жижиг мажоритор нь төсвийн бодлого талаасаа төсвийг алдагдлыг нэмэгдүүлэх талтай систем. Харин холимог тогтолцоо нь Монгол Улсын төсвийн алдагдлыг бууруулах талаас нь бодохоос А, Б аймгийн төсөв ярьдаггүй байсан. Дараагийн сонгуулиас өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөр бол төсвийн бодлого талаас нь бодож, өөрчлөх нь зөв.
-ОУВС-ийн зүгээс банкны салбарт шинэчлэл хийхийн тулд банкуудад шалгалт хийсэн. Энэ шалгалтаар мал, уурхайн лиценз барьцаа хөрөнгө биш гэж дүгнэсэн байсан. Нөгөө талаар энэ шалгалтыг эдийн засагчид, банкны салбарыхан их шүүмжилж байх шиг байна?
-Хэвлэл мэдээллээр ОУВС-аас банкуудад шалгалт хийгээд малчдын малыг барьцаа хөрөнгө гэж үзэхгүй гэсэн гэж мэдээлж байсан. Энэ бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө гэж юу вэ, малчдын хувьд хөрөнгө нь яагаад барьцаа хөрөнгө болж байгаа вэ гэдгийг ойлгуулж, тайлбарлаагүйгээс үүссэн болов уу гэж бодож байна. Олон улсад малыг эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгө гэсэн ангилалд оруулдаг. Тэр ангиллаар тооцсон байх. Монголын малчдын амьжиргааны эх үүсвэр бол мал гэдгийг манай талаас ойлгуулах ойлголт дутуу байснаас ийм зүйл үүссэн гэж бодож байна. Түүнээс гадна ОУВС-аас банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн гэх. Уг нь энэ активын чанарын үнэлгээг жил бүр хийж, Төв банкны тухай хууль, банкны зохистой байдлын хяналтын хуулиудаар зохицуулж, активын чанарыг үнэлдэг. Олон нийтийн дунд үнийг шинэ зүйл мэтээр ойлгоод байх шиг байна. Шалгалтын явцын талаар сонсч байхад хэрэглэгчдийн нууц алдагдсан юм болов уу гэж бодож байлаа. ОУВС-аас шалгалт хийж байхад бүх хэрэглэгчийнхээ нууцыг дэлгээд өгч болж байна уу гэдэг дээр анхаарах ёстой. Аль ч банкинд харилцагчийнхаа мэдээллийг нууцлах, гаргаж өгөхгүй байх нь нээлттэй асуудал. Олон нийтийн дунд ОУВС-ийн шалгалтаар зарим банк нь дампуураад, зарим нь муу, сайн гэж үнэлэгдэх нь гэсэн яриа их байна лээ. Тийм зүйл байхгүй гэдгийг би онцолж хэлмээр байна. Арилжааны банк болон Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гарч, банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөж судалж эхэлсэн. Зээлийн хүү буураад ирэхээр зээлдэгчдийн чанар болон тоонд өөрчлөлт орж эдийн засгийн идэвхжил, санхүүгийн боломж байна гэдгийг харж байгаа учраас ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэгт Төв банк, арилжааны банкууд, эдийн засагчид орсон. ОУВС хэрэв банкны салбарт өөрчлөлт оруулах, дэмжлэг үзүүлэх гэж байгаа бол зээлийн хүү бууруулах олон улсын жишиг талаас нь дэмжлэг үзүүлбэл зүгээр гэж санагдаж байна. Яагаад гэвэл манай банкны системд өөрчлөлт хийгээд байх шаардлагагүй. Тэд олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.
-Ирэх онд Төсвийн тогтвортой байдлын хяналтын зөвлөл байгуулна гэсэн. Энэ зөвлөл хараат бус байж чадах уу?
-2018 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй Төсвийн хяналтын зөвлөл байгуулна гэсэн. Бие даасан, хараат бус есөн экспертийн тэдний санал жинтэй байж Төсвийн байнгын хороон дээр УИХ-ын гишүүдийн тойргийн төсвийг нэмэгдүүлэхгүй байх бололцоо бүрдэнэ. Хэрэв ингэж чадвал төсвийн зарлагын реформын эхлэл болно. Энд тэнд хэмнэлтийг хайхаас илүү Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа тогтвортой мөрдөх явдал. Одоо бол улс төрийн шийдвэрүүдийн улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь тогтворгүй байдлын хууль болон хувирчхаад байгаа юм. Өмнөх парламентын үед төсөв батлах ажлын хэсэгт орсон гишүүд лобинд автах, өөрсдийн тойрогтоо илүү төсөв хуваарилах зүйлс ажиглагдаж байсан. Энэ нь сонгуулийн системтэй холбоотой. Жижиг мажоритор нь төсвийн бодлого талаасаа төсвийг алдагдлыг нэмэгдүүлэх талтай систем. Харин холимог тогтолцоо нь Монгол Улсын төсвийн алдагдлыг бууруулах талаас нь бодохоос А, Б аймгийн төсөв ярьдаггүй байсан. Дараагийн сонгуулиас өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөр бол төсвийн бодлого талаас нь бодож, өөрчлөх нь зөв.
-2018 онд шинэ Засгийн газар Чингис бондын үндсэн төлбөрийн эхний санхүүжилтийг төлнө. Тэр мөнгийг төлж чадна, чадахгүй гээд л яриад эхэллээ. Бондын өрөө төлөх чадамж бий юу?
-Бондын төлбөрийг төлөх боломжтой. Энэ бол мэдээж өрийн удирдлагын механизм нь тогтоогүй, төсөв баталдаг хүмүүсийн бодлогын сэтгэлгээнд төсвөө хэтрүүлэх, тэлэх асуудал салаагүйгээс л ийм зүйл яригдаж байгаа байх. Төсвийн зарлагыг танах талаар хамгийн их хашгирч байсан хүн бол Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар бид хоёр байсан. Одоо Ч.Хүрэлбаатараас одоо оруулж ирэх төсөв чинь 8,6 хувийн алдагдлыг хэдэн хувиар бууруулах вэ гэдгийг л асууна. Төсөв дотор зохистой байршуулах, сэлгэж байршуулах боломжийг бүрдүүлснээр дараа жилийн өсөлт дотор одоогийн 1,7 хувьтай өрхийн эцсийн хэрэглээ өсөх байх. Түүнээс гадна сайд нар төсөв нь алдагдалтай байхад яамныхаа том том төслүүдээ батлуулах гэж оролддог. Өөрөөр хэлбэл, хямралын бодлогын мэдрэмж маш сул байдаг. Тиймээс салбарын яамд төсвийн бодлогод оруулах хамгийн том хувь нэмэр нь том том төсөл биш төсвийн алдагдлыг бууруулахад өөрийнх нь салбарын орлого зарлага яаж нөлөөлөх вэ гэдгийг л бодох ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүх сайд яг ийм хандлагаар хандвал маш сайн Засгийн газар байна.
-Шинэ сайд нарын нэрс тодорч байна. Та шинэ Засгийн газарт ямар зөвлөгөө өгөх вэ?
-Би өөрийн твиттер хуудастаа бас шинэ сайд нарт гээд нэг хуудас зөвлөгөө бичсэн. Ямар ч сайд гарсан хүлээж авч байгаа салбартаа юу хийх, юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг нь сануулж бичсэн. Жишээлбэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд юу хийх ёстой вэ. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн олонх нь элсэлтийн шалгалтад бүдэрсэн. Үүнээс харахад ерөнхий боловсролын сургууль төгсч буй хүүхдүүд тэнэг болсон юм уу, зааж байгаа хичээлийн хөтөлбөр нь буруу юм уу гэдэгт томилогдох сайд дүгнэлт хийх ёстой. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг хүүхдүүдэд стипент өгдөг байхад суралцагчдын тоо нэмэгдэж байсан бол тэтгэлэг өгөхөө больсноос хойш суралцагчдын тоо буурчсан үзүүлэлттэй. МСҮТ-д тракторчин, хүнд механизмын засварчин бэлтгэдэг. Тэр нь Монгол улсад өнөөдөр эрэлттэй мэргэжил үү гэхээр бас биш. Тэгэхээр энэ салбарт шинээр томилогдох сайд мэргэжлийн боловсролын сургалт зах зээлийн нийлүүлэлттэйгээ яагаад зөрж байна вэ гэдэгт дүгнэлт хийж, ажлаа тэндээс эхлэх ёстой. Энэ мэт яам бүрт анхаарах ёстой бодлогын хэдхэн асуудлыг л шийдэх ёстой. Энэ бүхний илэрхийлэл нь улсын төсөвт суух ёстой.