Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав өнгөрч буй долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай уулзаж, Гашуунсухайт – Ганцмод боомт дээр үүсээд буй Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж буй автомашины түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцжээ.
Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомт дээр өнгөрсөн долдугаар сараас саатал, түгжрэл үүссэнээр экспортын үзүүлэлт саарсан юм.
Тодруулбал, нүүрсний экспорт оргил үедээ хоёр улсын боомтоор өдөрт 1600 хүртэлх машин гарч байсан бол өнөөгийн түвшинд гурав дахин буурч, 450-500 машин гарах болжээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймины хэлж буйгаар хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлж байх талтай. Нэг талаас тээвэр хийж буй машины тоо сүүлийн саруудад огцом өссөн. Хоёрдугаарт, Монголын талын дэд бүтцийн хөгжил муу байгаа нь урт дараалал үүсэхэд шууд нөлөөлж байгаа гэнэ. Үүнээс гадна өнгөрсөн долдугаар сараас хойш БНХАУ-д олон улсын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь мөн тээвэрлэлтэд нөлөө үзүүлсэн байх талтай аж.
Г.ХОРОЛ