Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Хуучирсан мэдээ: 2017.10.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Швейцарийн Холбооны Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд Берн хотноо Гадаад хэргийн сайд ноён Д.Буркхалтертай уулзаж, хэлэлцээ хийлээ.

ДАВАА /X.09/

НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо. Санал хураалт хаалттай горимоор явагдсан ба 41 төлөөлөгч оролцож, С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, түүний өрсөлдөгч Д.Баярсайхан 19 санал буюу 46.2 хувийн санал авчээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өчигдөр  УИХ-ын дарга М.Энхболдод илгээв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Онц их хурлын гишүүн Г.Бямбасүрэн нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд МАХН-ын Их чуулганыг зарлан хуралдуулах шаардлага үүссэн гэж мэдэгдэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийж, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцжээ. 

Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Москва хотод албан ёсны айлчлал хийж эхлэв.

“Шүүгчийн ёс зүй ба сахилга’ сэдэвт олон улсын бага хурал “Blue sky” зочид буудлын “Кристал” танхимд болов.

Монголын буудлага спортын холбооны Их хурал зарлагдсан ч арваннэгдүгээр сарын 11-нд хуралдахаар болж хойшиллоо. Хурлын төлөөлөгчдийн хэлснээр буудлагын холбоо дүрмээ зөрчиж, 30 хоногийн өмнө зарлах ёстой хурлыг 2 хоногийн өмнө зарласан, ахмадууд, орон нутгийн төлөөллийг хурлын төлөөлөгчөөр зохих хэмжээнд сонгоогүй зэргээс үүдэн маргаан гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөрөө Д.Үүрийнтуяаг томилов.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан копперкорпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов. Хуралдаанаар, нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Анд Энерги” ХХК-ийн нэг бүр нь 1 /нэг/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 78,070,758 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ.

МЯГМАР /X.10/

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаж, Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн ч эцэслэж чадсангүй завсарлав.

Хууль зүйн байнгын хороо хуралдав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн цэцийн гишүүн байх хугацаа дуусгавар болсон тул УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг түүний оронд томилох асуудлыг хурлаар хэлэлцсэн. Гэсэн ч Байнгын хороогоор санал хураахын өмнө МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар хойшиллоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат мэдээлэл хийв. Ж.Мөнхбатын эхнэрийнх нь төрсөн ах “Засаг чандмань майнз” компанийг эзэмшдэг аж. Тус компани Дорноговь-Сайншандын чиглэлийн 130 км авто замын тендер шалгаруулалтад оролцож,  Засгийн газартай концессын гэрээ байгуулжээ. Энэ гэрээг байгуулахад өөрийгөө оролцоо, хамааралгүй гэж тэрбээр мэдэгдээд, энэ талаар шалгуулахаар АТГ, ТЕГ-т ханджээ.

“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцож, цаг үеийн мэдээлэл өгөв.

Мэргэн буучдын баярын өдөр тохиов. Олон улсад аравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас энэ баярыг онцолдгийн учир нь буудагчдыг байны 10 дээр онохыг билгэджээ.

“Улаанбаатар” олон улсын IX кино наадам эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны нээлт болов.

‘Чингис хаан’ олон улсын нисэх буудлын явах чиглэлийн танхим буюу татваргүй бараа байрлах танхимд 23.10 цагт  гал гарчээ. Тухайн үед хилийн шалганд албан үүргээ гүйцэтгэж байсан Хилийн 0218 дугаар ангийн албан хаагч, дэд ахлагч Т.Өсөхбаяр гал гарсан хэсгийг шуурхай илрүүлж, ангийнхаа 10 гаруй нөхдийн хамтаар 15 минутын дотор галын тархалтыг зогсоожээ.

Болгар улсын Пловдив хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.  Монголын тамирчдаас сонгомол барилдаанд зодоглосон М.Цанлиг 130 кг-д түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Монголбанк “Монгол алт” аяныг арилжааны банк, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Аяны хүрээнд арилжааны банкуудын үнэт металл, нөөц хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан алт худалдан авалтын тухай сургалт зохион байгууллаа.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний есөн сарын байдлыг танилцуулах мэдээлэл хийлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний есөн сард 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулав.

ЛХАГВА /X.11/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ. Асуулгад төрийн албанаас халагдсан иргэдэд нөхөн олговор олгохтой холбоотой зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгасантай холбогдуулж тавьжээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авав.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдааныг ГХЯ-нд зохион байгуулав.

Зон олны намын шинээр сонгогдсон намын дарга П.Очирпүрэвийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх хэлэлцээд, хүсэлтийг ханган, улс төрийн намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г. Крамаровскийг хүлээн авч уулзлаа.

Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар Япон улсын 17 гэрэл зурагчин Монголд иржээ.  “Японы гэрэл зурагчид Монголд” фото зургийн үзэсгэлэн Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д нээгдэв.

“Хүчирхэг хөвгүүд” хөдөлгөөнийг нийслэлийн төвийн таван дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар санаачлагчид нь мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай танилцлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын  амралтыг арваннэгдүгээр сарын 3-наас эхлэхээр зохицуулжээ.

Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ”, холбогдох журмуудаар олон нийтийн цагдаагийн давтан сургалтыг зохион байгуулав.

ПҮРЭВ /X.12/

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж,  Засгийн газрын сайд нарт нэр дэвшигчдийг өргөн барих эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

МАН-ын бүлэг шинэ Засгийн газрын сайд нарт нэр дэвшиж буй 14 хүнийг 100 хувь дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санал хүргүүлэв. Мөн АТГ-т сайд нарын мэдээллийг танилцуулахаар хүргүүлжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар УИХ-д бичиг илгээлээ.Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, “Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай уулзаж, Гашуунсухайт – Ганцмод боомт дээр үүсээд буй Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж буй автомашины түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэн, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар НИТХ-ын төлөөлөгч нарт танилцууллаа.

“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын хүрээнд олон улсын мэргэжилтнүүд кино бүтээх туршлага, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ХНХЯ-ны Хурлын танхимд болов.

БААСАН /X.13/

АТГ-аас У.Хүрэлсүхийн танхимд ажиллахаар нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг нягталж үзээд, ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариулт өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн төв байранд боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд” үзэсгэлэнг үзэж сонирхов.

Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг эхлүүлэв.  Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт нар энэ талаар мэдээлэл хийв.

Онцгой байдлын ерөнхий газраас “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарыг Төрийн ордонд зохион байгуулав.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн 2017 оны III улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулав.

“Азхур’ номын их дэлгүүрээс есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний хооронд 72 цагийн турш зохион байгуулсан 72 хувийн хямдралтай худалдаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын үеэр цуглуулсан баримтаас харахад хэрэглэгчийг  төөрөгдүүлсэн гэх үндэслэлгүй гэж ШӨХТГ үзсэн байна.

Монголын хүндийг өргөлтийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа. Хурлаар дэлхийн аваргад оролцох баг тамирчид, бэлтгэл ажлын талаар санал солилцож, бүрэлдэхүүний талаар хэлэлцжээ.

БЯМБА /X.14/

Мод тарих үндэсний өдөр тохиов. “Хүн бүхэнд цэвэр агаар-Мод бүхэнд ус” уриатай мод тарих өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 гаруй мод усалж, 600 гаруй мод шинээр тарьжээ.

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Украйны үндэсний олимпийн хороо хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Олимпийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Украйны олимпийн хорооны ерөнхийлөгч Сергей Бубка, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар энэхүү санамж бичгийг үзэглэв.

БНСУ-н Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал, жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Нью жуулчин турс” компани хамтран “Пёнчан2018” өвлийн олимпийн аялалын бүтээгдэхүүний нээлтийг зохион байгуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж