“Аз хур’ номын их дэлгүүрээс есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний хооронд 72 цагийн турш зохион байгуулсан 72 хувийн хямдралтай худалдаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтаар ‘Аз хур’ болон ‘Мөнхийн үсэг’ компаниас хямдралтай худалдааны үед үнийн дүн зөрүүтэй гэх дөрвөн төрлийн номын талаар тайлбар, тодруулга, тушаал, шийдвэр зэргийг шалгасан байна.
Үнийн дүн зөрүүтэй буюу хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа ном нь ‘Хаан төрийн нууц’ /хатуу, зөөлөн хавтастай/, ‘Хатан төрийн нууц’ /хатуу, зөөлөн хавтастай/, ‘Хар судар’, ‘Цагаан соёот’, ‘Хүүхдийн 100 баримт цуврал’ зэрэг номууд байсан юм. Эдгээр ном нь 50, 72 хувиар хямдарсан байжээ.
Улмаар шалгалтын үеэр цуглуулсан баримтаас харахад хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэх үндэслэлгүй гэж ШӨХТГ үзсэн байна. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг зөрчөөгүй болохыг тогтоожээ.
Харин номын хавтаснаас үүдэлтэй хэвлэлийн алдааг хэрэглэгчдэд мэдэгдээгүй, залруулга хийгээгүй асуудалд хэвлэлийн алдаатай номын талаар залруулга хийж, хэрэглэгчдэд мэдээлэхийг дээрх компаниудад үүрэг болгожээ.
Ш.ОЧ