Дональд Трамп Ираныг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Дональд Трамп Ираныг сүрдүүлэв

Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээ авч эхэллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт /2017.10.13/ Ираны асуудлаар хийсэн мэдэгдэлдээ тус улсыг “Хуурамч дэглэмтэй” хэмээн цоллож, терроризмыг өөгшүүлэн санхүүжүүлдэг гэж буруутгажээ. Мөн Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх асуудлыг ярина гэж мэдэгдсэн байна.

Иран болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн, дээр нь Германыг багтаасан долоон улс 2015 онд Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай түүхэн хэлэлцээр байгуулсан. Харин Трамп Тегеран энэ хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй байна гэж үзэж байгаа юм. Хэрэв Иран хэлэлцээрийн зүйл заалтуудыг зөрчвөл дэлхийн улсорнууд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ эргүүлэн сэргээх тухай асуудал сөхөгдөх учиртай. Харин олон улсын ажиглагчид Ираныг дээрх хэлэлцээрийг бүрэн дүүрэн дагаж мөрдөж байгаа гэж тэмдэглэж байна. 

Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай хэлэлцээрийг Иран дагаж мөрдөж байгааг батлан АНУ-ын ерөнхийлөгч 90 хоног тутамд мэдээлэл хийх ёстой. Трамп өнгөрсөн хугацаанд хоёр удаа батлан мэдэгдсэн, харин ням гаригт /2017.10.15/ дуусгавар болох ээлжит 90 хоногийн мэдэгдлээ өчигдөр хийхдээ Ираныг буруутгасан байна.

Ингэснээр АНУ-ын Конгресс дээрх хэлэлцээрээс АНУ татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх эсэхийг 60 хоногийн дотор шийдвэрлэх юм.

Иран болон Британи, АНУ, ОХУ, Франц, Герман ба Хятадын гарын үсэг зурж, байгуулсан хэлэлцээрээс АНУ бүхэлдээ татгалзаж болзошгүй гэж зарим шинжээчид таамаглаж байна. 

Трамп эхний ээлжинд Иран хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа гэдгийг нотлон мэдэгдэхээс татгалзаж, “бөмбөг”-ийг Конгресс руу дамжуулсан. Хэрэв Конгресс ерөнхийлөгчийн хүссэн шийдвэрийг гаргахгүй тохиолдолд энэ хэлэлцээрийг цуцална гэдгээ Трамп тодорхой мэдэгдсэн юм.

“Конгресс болон бусад холбоотнуудтайгаа тодорхой шийдэлд хүрч чадахгүй бол энэ хэлэлцээрийг зогсооно. Бидний хамтын ажиллагааг миний бие ерөнхийлөгчийн хувиар хэзээ ч цуцалж чадна” гэж Трамп Цагаан ордны индрээс мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн дээрх мэдэгдлийн хариуд Ираны ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгдэл хийхдээ “АНУ олон улсын тавцанд хэзээ хэзээнээс илүү ганцаардмал, тусгаарлагдсан байгаа. Ийм үед АНУ цөмийн хэлэлцээрийг өөрчлөх боломжгүй. Бидний эрхийг дээдэлж, ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, бид энэ цөмийн хэлэлцээрээс ашиг шим хүртэж байгаа цагт Иран улс хэлэлцээрийг хүндэтгэн, бүрэн дагаж мөрдөх болно” гэв. Мөн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкия Амано “Иран улс хэлэлцээрийг даган мөрдөж байгаа” гэж батлан мэдэгдсэн байна.

Европын лидерүүд Трампын дээрх мэдэгдэлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг гаргаж ирэх нь тогтвортой, бат бөх байдлыг үгүй хийж, Ойрхи Дорнодод дахин цөмийн зэвсэгтэй холбоотой мухардмал нөхцөл байдал үүсгэж болзошгүй гэж сэрэмжилж буйгаа илэрхийлжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж