Долоо хоногийн онцлох нийтлэлүүд

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэлүүд

Долоо хоногийн онцлох нийтлэлүүд

31 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ?

-Гуч дахь Ерөнхий сайд гурван жил тэсч чадах уу?-

Олон ургальч нийгэмд хөрвөн өөрчлөгдснөөс хойш Монгол Ардын (Хувьсгалт) нам анх удаа өөрсдийн босгосон засгаа түлхэн унагалаа. 2016 оны парламентын сонгуулийн дүнд бий болсон үнэмлэхүй олонхи буюу УИХ дахь 65-ын бүлгийн томилсон Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газар ердөө жил гаруйхны дараа огцорч, огцорсон засагт Шадар сайдын албыг хашиж явсан У.Хүрэлсүх шинэ засгаа эмхлэн байгуулах эрхийг өнгөрсөн долоо хоногт парламентаас авлаа.

Аравдугаар сарын 4-ний өдөр УИХ-аас томилогдсон 30 дахь Ерөнхий сайд хэмээн тоологдож буй У.Хүрэлсүх кабинетаа 14 хоногийн дотор бүрдүүлэх хуулийн заалттай. Өнгөрсөн Баасан гаригт /2017.10.06/ сайдуудынхаа нэрийг өргөн мэдүүлж магадгүй гэсэн шуум тарсан ч тийм зүйл болсонгүй. 65-ын бүлгийнхээ өнгөрсөн жил байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг парламент дахь гишүүдийнх нь тал нь огцруулсан бөгөөд энэ нь тус намын хувьд парламент дотроосоо өөрийн засгийн унагасан анхны тохиолдол юм. У.Хүрэлсүхийг томилогдох өдрийн чуулганы хуралдаанд огцруулагч гишүүд л оролцож дэмжих товчлуураа дарсан.

Дэлгэрэнгүй


ГИШҮҮД ТӨСӨВТ ДУРГҮЙ, ЭРХ МЭДЭЛД ДУРТАЙ

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долоо хоногт 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийхэд ердөө есхөн гишүүн хуралдаа суусан юм.  Харин Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах чуулганы хуралдааны ирц 90 гаруй хувьтай,  Б.Наранхүү, Д.Тэрбишдавга, О.Баасанхүү  нараас бусад 73 гишүүн оролцсон билээ. Засаг огцруулах, сайд томилох чуулганы хуралдааны танхим дүүрэн, бусад үед арав хүрэхгүй гишүүн хуулийн төсөл ярьж, хууль баталдаг болоод удаж байна.

УИХ-ын гишүүдийн үндсэн гол үүрэг нь засаг огцруулах, томилох биш, хууль батлах явдал. Гэвч, хувийн эрх ашигтай нь холбоогүй л бол хууль хэлэлцэх, батлах процесст оролцдог гишүүд цөөрсөөр, ердөө есхөн гишүүн улсын төсөв ярилцаж байна гээд бод доо.

Гишүүд ажилдаа ирэх, байх нь үнэндээ баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэгтээ адилхан болсон. Үүрэгт ажлаа хийхгүй, тэнцэхгүй байлаа ч парламентын гишүүдтэй хэн ч хариуцлага ярихгүй. Засгийн сайдууд шиг огцруулахын зовлонгүй учраас парламентын гишүүдийн дунд хууль батлах үндсэн үүргээ мэддэг, ойлгодог, хийдэг хүн ер нь цөөн дөө.

Дэлгэрэнгүй


ХОТЫН ДАРГЫН НЭГ ЖИЛ

Нийслэл Улаанбаатар хотын 378 жилийн ой тун удахгүй тохионо.  Аравдугаар сарын 29-ний өдөр тохиох “Нийслэлийн өдөр”-ийн босгон дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэдэг жишиг бий. 

Улаанбаатар хотын 32 дахь дарга С.Батболд болоод түүний багийнхны өнгөрч буй нэг жилийн турш бүтээсэн туурвисныг энэ удаад онцолж байна.

ХҮНД, СУРТАЛ АВЛИГЫН ЭСРЭГ ХИЙСЭН АЖЛУУД

Хүмүүсийг хамгийн ихээр залхааж, төрийн албаны нэр хүндийг унагаад зогсохгүй, төр засагт итгэх итгэлийг үгүй болгодог хүнд суртал, авлигын эсрэг ажиллана гэдгээ хотын удирдлагууд анх ажил авахдаа л амлаж байсан. Амлалтаа аажим, аажмаар биелүүлж эхэлснийг доорх хэдхэн жишээгээр харуулъя.

ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ТӨРИЙН АЛБА

Цагаан сарын өмнөхөн үеэс Сүхбаатарын талбай  өдөр тутам завгүй өнждөг болсныг та анзаарсан уу. Нийслэлийн харъяа алба, агентлагуудаас эхлээд улсын хэмжээний томоохон газрууд, яам тамгынхан ажлаа тайлагнаж, “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохиож заншив. Хэдийгээр цоо шинэ зүйл биш ч тууштай, дэс дараалалтайгаар зохион байгуулсан өдөрлөгийн үеэр олон иргэн тулгамдсан асуудлаа шийдэж, зарим нь шийдэх арга замаа олсон гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа “Нээлттэй ажлын байр” өдөрлөг /2017.02.02/ зарласан.

Дэлгэрэнгүй


НҮЦГЭН ЭРИЙН СҮРДҮҮЛГЭЭС НИЙТИЙН ЭРХ НЭГДҮГЭЭРТ

Гар дээрээс зарахгүй бараа алга. Тамхи, бохь, ундаа, ус, савласан цай, кофе ширхэглэн худалдаж эхэлсэн наймаачид өдгөө жимс жимсгэнэ, печень чихэр,  оймс, дотуур хувцас хүртэл гар дээрээс худалдаалж байна. Зарж, ашиг олж  болох бүхнийг гар дээрээс наймаалах болжээ. Чанарын баталгаагүй хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг, тав тухгүй орчинд наймаалсаар Хархорин захын гадна талд болон III, IV хороололд зам дагуу бүхэл бүтэн зах үүсэн бий болсныг саяхан татан буулгасан. Улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүйгээр ашиг олохын дээр орчныг хог хаягдлаар бохирдуулдаг гар дээрх наймааг зогсоосон нь зөвөөс зөв шийдвэр гэж би хувьдаа харж байна.

Алийн болгон бид гудамжнаас хооллож, ундаалж, олон сар жилээр онгож гандсан хувцсаар гоёх ёстой вэ. Гар дээрх наймаанд хэн баталгаа өгөх вэ. Хэнээс ч зөвшөөрөл аваагүй, хэн гэдгийг нь ч танихгүй хүнээс худалдаа хийснээс болж найман настай охиноо алдсан нэгэн гэр бүлийн уй гуниг арилаагүй байна. Төв аймгийн Батсүмбэрээс ирсэн гэр бүлийнхэн энэ оны дөрөвдүгээр сард хүүхдүүдээ хотоор зугаалуулаад буцахдаа Нарантуулаас чанасан өндөг авч өгсөн нь хөөрхий охиных нь аминд хүрчихнэ гэж хэн санах билээ.  Гэтэл тэдний гунигт түүх давтагдахгүй гэх баталгаа алга.

Дэлгэрэнгүй


У.ХҮРЭЛСҮХ НИЙГМИЙН ЗАХИАЛГА МӨН ҮҮ?

-Нийгэм шилдэг удирдагчийг хайж байгаа. Тэр нь У.Хүрэлсүх лав биш. Яагаад гэвэл түүнд танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдэл алга-

Таван жил тутамд болдог Хятадын коммунист намын XIX дүгээр Их хурал энэ сарын 18-нд Бээжин хотноо эхэлнэ. Коммунист намын Их хурал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Учир нь, Хятадын лидер Си Жинпинийн хоёр дахь бүрэн эрхийг сунгахаас гадна Улс төрийн товчооны байнгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэчлэгдэнэ гэсэн мэдээллийг дэлхийн хэвлэлүүд цацах болсон.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай, гол импортлогч улсын хувьд Хятадын удирдагчийн Их хурал дээрээ тавих илтгэл,  ирэх таван жилд баримтлах бодлого нь олон оронд чухал байх нь ойлгомжтой. Тиймээс Хятадын коммунист намын Их хурлыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид Бээжин хотод цугларч байгаа бөгөөд дэлхийн улс төр, эдийн засгийн шинжээчид  энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

Үүнээс яг нэг сарын дараа Хятадын мөнхийн хөрш жижиг буурай эдийн засагтай Монголын эрх баригч намын Их хурал  болно. Монгол Ардын нам М.Энхболдын залгамжлагчийг тодруулна. Дэлхий нийтийн анхаарлыг тэгтлээ татахгүй ч гэлээ  Монголдоо л улс төрийн халуун сэдэв болсон. МАН нь Монголын ууган нам, улстөрийн хамгийн том институци гэдгээрээ шинэ даргаас  нь манай улс төрийн бодлого хаашаа эргэх нь хамаарах нь мэдээж.

Дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж