Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Канад Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад улсын Төрийн албаны комисс хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ удаагийн айлчлалаар Санамж бичгийн хүрээнд цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг эцэслэн боловсруулах зорилт тавьж байна.
Зочид Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам болон гишүүдтэй уулзлаа. Энэ уулзалт хоёр талын хамтын ажиллагааны хүрээний дөрөв дэх албан ёсны уулзалт юм.
Уулзалтын үеэр Канад, Монголын төрийн албаныхны бүрэн эрх, чиг үүрэгт харьцуулсан судалгаа хийж, цаашид төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд хоёр тал хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Түүнчлэн төрийн албаны мерит зарчмын тогтолцоог бүрдүүлэх, төрийн албаны томилгоог улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, төрийн албанд анх орох, удирдах албанд ажиллуулах иргэний сонгон шалгаруулалтын арга зүй, түүнд тавигдах шалгуур үзүүлэлт, ёс зүйн хэм хэмжээ зэрэг асуудлаар Монголын Төрийн албаны зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Канадынхтай харьцуулан, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодит нөхцөлийг бүрдүүлэх тухай ярилцав.
1908 онд байгуулагдсан, 100 гаруй жилийн түүхтэй, Сайн засаглалыг дэмжих чиглэлээр туршлага хуримтлуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Канад улсын Төрийн албаны төв комисс нь улс төрөөс ангид, мерит зарчимд суурилсан холбооны төрийн албыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Канадын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын зарим гишүүд болон албаны бусад хүмүүстэй уулзах юм. Айлчлал энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.