Ийм сэхээтнүүдтэй болчих гэж!

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Ийм сэхээтнүүдтэй болчих гэж!

Монгол Улсад орчин цагийн хэвлэлийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болох ажээ.

Багш, эмч, дуучин, жүжигчид цалингаа нэмүүлэхийн тулд Олон улсын валютын сан/ОУВС/-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн гадаа жагсаал зохион байгуулахаар болжээ.  Монгол Улсын нүүрийг ингэж түлэх тийм бага цалин тэд авдаг уу гэвэл үгүй. Тэднээс бага цалингаар амьдарч байгаа хүмүүс Монголд цөөнгүй. Тэгээд ч тэр бага цалингаар гомдоллон, гомдоллон ажиллах шаардлага байхгүй, сонголт үргэлж тэдэнд байгаа. Тэднийг хэн ч хүчээр багш, эмч, дуучин, жүжигчин болгочихоогүй юм шүү дээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмээсэй гэж хүн болгон хүсдэг нь үнэн.  Гэхдээ багш, эмч нарын шаардаж байгаа шиг  цалинг  шууд нэмчих боломж манай төсөвт алга.

Багш, эмч, соёл урлагийнхан өөрсдийгөө Монголын сэхээтнүүд гэж тодорхойлдог. Гэтэл Монголын сэхээтнүүд эдийн засгийн энгийн ойлголт муутай байна гэдэг ичмээр биш гэж үү. 

ОУВС-гийн гадаа “Цалин нэм” гээд лоозон бариад жагслаа гээд ОУВС-гийнхан ‘за, бууж өглөө’ гэх үү. ОУВС, Засгийн газрын хооронд байгуулсан гэрээг жагсаал хийгээд өөрчилнө гэж бодож байгаа бол эндүүрэл. Манай улстөрчид шиг өчигдөр нэгийг амлаад, өнөөдөр нөгөөг мартдаг хүмүүс тэд биш. Гэрээ хэлэлцээ бол гэрээ хэлэлцээ. 

Ардчилсан нийгмийн иргэд эрхээ хамгаалуулахын тулд жагсаж, цуглаж болох ч олон улсын байгууллага руу давшилж байгаа нь үнэхээр харамсалтай. Зээлгүй хүн Монголд байхгүй. Тэгээд ч хувийн хэвшилд багш, эмчээс бага цалинтай хүн олон.

Үе, үеийн Засгийн газрын бодлогын алдаа, эрдэс баялгийн үнийн уналт гээд олон хүчин зүйлээс шалтгаалж, Монголын эдийн засаг хүндэрсэн. Дефольт зарлахгүйн тулд Ж.Эрдэнэбатын танхим ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж, санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан.

Хөтөлбөрт хамрагдсаны үр шим эхнээсээ гарч эдийн засагт өсөлт гарч буй ч багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх боломж үнэндээ алга байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх  учирлаж буй.  Ирэх оноос 30 хувиар цалинг нэмнэ гээд байхад 1.6 сая болго гэж муйхарлах нь арай л бас хэтрээд байна. Яг үнэндээ тэднийг ур чадвараар нь цалинжуулдаг болбол хэд нь өнөөдөр голоод байгаа цалингаа бүтнээр авах бол…  Шаардлага тавьсных нь хариуд төр ч бас тэдэнд шаардлага тавих ёстой.

Жүжигчдийн хувьд Монголд хамгийн өндөр орлоготой хүмүүс. Сурталчилгаа, кинонд тоглоод хувийн хэвшилд ажиллаж байгаа талхчны авдаг цалинг хэд нугалдаг гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. 

Монгол ядуу байлаа гээд  сэхээтнүүд нь боловсролгүй мэт аашлах нь Монголыг муу дээр муухай харагдуулах болно. Цалингаа нэм гэж  хашгирахаасаа өмнө  томоохон төслүүдээ хөдөлгө, төмөр замаа барь, төсвийн орлогыг нэмэгдүүл гэсэн шаардлага тавих ёстой. Төсвийн орлого нэмэгдвэл, багш эмч нарын цалинг өсгөх боломж бий болно. 

Толгой хагаравч малгайн дотроо, олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг байдаг. Дотооддоо шийдэх ёстой асуудлыг ОУВС-д тохож, муйхарлах хэрэггүй. Тэднийг бид гуйснаас тэд биднийг гуйгаагүй шүү. 

Ийм сэхээтнүүдтэй болчих гэж…

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж