МХЕГ-ын өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та лифтэнд суухаас айдаг уу?
-Азаар манайх таван давхар байшинд амьдардаг. Гэхдээ юуг нь нуух вэ, ес, 12 давхарын айл руу орохдоо айдаг. Яагаад гэхээр би сууж байгаа цахилгаан шатныхаа юу нь болохоо байсан, яасныг нь мэднэ. Одоо чиний өмнө нэг их цамц, зангиатай хүн сууж байгаа болохоос хяналт шалгалтын үед бол хувцсаа солиод тос, тоосондоо хутгалдана шүү дээ. Лифтүүд болохоо байсан талаар манайхан тоодоггүй болохоор иргэд айхгүй байгаа юм.
-Өнгөрсөн жилийн энэ үед лифтүүдээр шалгалт хийж, анхаарахгүй бол болохгүй дүгнэлтүүд гарч байсан?
-Тиймээ. Шалгалтаар ихэнх лифтийн ашиглалтын хугацаа дууссан гэж мэдээлж байсан. Яг өнөөдрийн байдлаар 270 лифт оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна. Харамсалтай нь үүнийг бүгдийг нь зогсоогоод сольчихож чадахгүй болохоор эхний ээлжинд унах аюултай 22-ыг нь акталсан. Одоо бол энэ 22 лифтийг сольсон л доо. Ер нь улсын хэмжээнд 700 лифт солих хэрэгтэй байна. Өмнө нь жилд арван лифт л сольдог байлаа. 700 лифтийг жилд арав, арваар солино гэхээр 70 жил болно. Харин өнгөрсөн жил хийсэн шалгалтаас шалтгаалж жилд 100 лифт солихоор болсон. Ингэснээр долоон жилийн дараа нийслэлчүүд лифтний зовлонгүй болно.
-Долоон жил гэдэг ч бас урт хугацаа байна. Яагаад шууд нэг дор шийдчихэж болдоггүй юм бэ?
-Зөв л дөө. Энэхүү 700 лифтийг солиход 29 орчим тэрбум төгрөг болж байна лээ. Утаа зэрэг шал дэмий зүйл мөнгө гарздаж байхаар иргэдээ яаж осолдуулахгүй зорчуулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна.
-Өнгөрсөн жилийн шалгалтыг оросууд ирж хийсэн гэсэн. Бусдын тусламжгүйгээр, мэргэжлийн хяналтын байгуулга дангаараа хийчихэж чаддаггүй юм уу?
-Энэ их түвэгтэй. Лифт бол өргөх механизмд багтдаг. Өргөх механизм гэхээр кран, өргөгч гээд олон зүйл орно л доо. Лифт бол манай ажлын 20-хон хувь. Тэгээд ийм их ажил хариуцдаг мөртлөө МХЕГ дээр ганцхан байцаагч байна. Тэр нь би. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хоёр. Ингээд л боллоо. Тэгэхээр бид хяналт, шалгалтаа хийхэд хүн хүчээр дутаж байна. Би энэ талаар удирдлагуудадаа удаа дараа хэлж үзсэн. Хүлээж аваагүй. Харин одоо шинэ даргатай боллоо. Би дахиад л энэ асуудлаа өвөртлөөд орно.
Өнгөрсөн жилийн шалгалтаар зарим лифтүүдийн ашиглалтыг хязгаарлаж, актлахад иргэдээс “Манай хамгийн хурдан лифтийг зогсоочихлоо” гэх утгатай гомдол олон иржээ. Харин мэргэжилтнүүдийн ярьж буйгаар гэнэтхэн гацахгүй, зогсохгүй, хурд өндөртэй болчихсон лифтүүд хамгийн аюултай байдаг аж. Учир нь манайд лифтийг зориулалтаар нь засахгүй, дурын нэг механикч дуудаад ухаж, төнхүүлдэг болохоор нөгөөдүүл нь аюулгүйн хамаг хэрэглэлүүдийг нь тайлаад авчихдаг байна. Учир зүйг нь сайн ололгүйгээр “монголчилдог” ийм байдлаас болж хэзээ мөдгүй унаж мэдэх лифтүүд олшроод байгаа аж. Яг энэ байдал Баянзүрх дүүргийн 18, 38, 14, 15 дугаар байраар очиж үзэхэд мэдэгдсэн. Тухайлбал, 14 дүгээр байрны оршин суугчид гэхэд лифтүүддээ хэзээ ч санаа зовинож байгаагүй мэтээр ярих аж. Тэднийхээр “манай лифт гацдаггүй, тог тасардаггүй болохоор айх юм байхгүй” гэнэ. Харин лифт бол нарийн техник гэдэг утгаараа хурдад нь бага зэрэг өөрчлөлт орох эсвэл хөдөлгөөнд нь удаашрал мэдрэгдвэл өөрөө зогсчихдог техник юм билээ.
Мөн Чингэлтэй дүүргийн дөрөв, долдугаар хорооны хэд хэдэн байраар явж үзлээ. Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны хуучин байруудын лифт нэлээд мууджээ. Тухайлбал, “Зар мэдээ” сонины 12 давхар байр гэхэд лифт нь гурваас илүү хүн сууж болохгүй гэсэн бичиг хадчихаж. Уг нь даац нь 5-6 хүнийг аваад явчих чадалтай байтал байнга эвдэрдэгээс болж ийнхүү арга хэмжээ авчээ. Байрныхны хэлж буйгаар байнга л ажиллахгүй зогсчихсон байдаг аж. Мөн засварчин дуудахаар ирэхгүй бүтэн өдөр өнгөрөх нь энгийн үзэгдэл гэнэ. Байнгын эвдрэлээс болж “Лифтэнд гурваас илүү хүн суухыг хориглоно” гэж бичихээс аргагүйд хүрчээ. Ийм байдлаар жил бүр шинэчилдэг 100 лифт Чингэлтэй, Баянзүрх дүүргийн орон сууцуудыг тойроод байдаг бололтой.
Зохиогчийн эрх: