Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан оролцож, Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг уншиж танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэц нь Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалтуудыг авч хэлэлцээд 60 настай иргэн хүүхэд үрчилж авахад Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохгүй хэмээн дүгнэлтээ гаргасан аж. Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцсон олонх гишүүн Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг эсэргүүцэж, асуудалд нухацтай хандахыг сануулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Нас өндөр гарсан эмээ, өвөө ач зээгээ үрчилж аваад нас барсныхаа дараа тэжээгчээ алдсаны тэтгэвэр авахуулах сонирхолтой байдгаа илэрхийлдэг. Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хүлээж авах юм бол халамжийн тогтолцоог хавтгайруулах тал руу нь явуулж болзошгүй. Харин бүтэн өнчин үлдсэн ач, зээгээ  эмээ, өвөө нь үрчилж авах тохиолдолд насны хязгаар заахгүй байж болох юм” гэлээ.
Эцэст нь гишүүд Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж