Нисэхийн замд явуулын хурд хянагч тавина

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Нисэхийн замд явуулын хурд хянагч тавина

Энэ удаагийн орон нутгийн сонгууль олон зүйлээр онцлогтой болох төлөвтэй байна.

Байрнаасаа зам гарахаар алхаж явсан 57 настай эрэгтэйг  “Тоёота приус-20” маркийн машин мөргөж, аминд нь хүрсэн хэрэг дөрөв хоногийн өмнө  нисэхийн замд гарсан юм. Оройн 20.00 цагийн орчимд гарсан энэ осол  “Буянт-Ухаа I” хорооллын 701 дүгээр байрны урд замд болжээ. 

“Буянт-Ухаа I” хорооллын машин орж гардаг хаалганы харалдаа автобусны буудал нь байдаг.  Тиймээс иргэд гарцгүй газраар замаар гарахаар гүйдэг. Нөгөө талаас нисэхийн замд жолооч нар хурд хэтрүүлэн явдаг. Энэ нь зам тээврийн осол гарах хамгийн том шалтгаан болжээ.

Тиймээс Хан-Уул дүүргийн удирдлагууд, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн II хэлтэстэйгээ хамтран тус замд хоёр хурд сааруулагч, явуулын хурд хэмжигч тавьж, хоёр урсгалтай зам хооронд хайс татахаар болсноо өнөөдөр /2017.10.13/  мэдэгдлээ.

Харин орц, гарцыг цэгцлэх ажлыг “Буянт-Ухаа I” хорооллын СӨХ-үүд хийх гэнэ. Хурд сааруулагч,  хамгаалалтын хайс тавихад шаардагдах хөрөнгийг Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гаргах аж.

Энэ талаар тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн “Хурд хэтрүүлснээс болж осол аваар их гарч, хүний амь эрсдэж байна. Тиймээс бид аюулгүй байдлыг нь хангаж шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ, замын тохижилтыг хийх нь зөв. Нисэхийн замд уг нь хурд сааруулагч тавих хориотой. Гэхдээ иргэд олноороо амиа алдаж буй учир хурд сааруулагч, хурд хэмжигч тавихаас өөр арга алга” гэв.  

‘Эхлээд явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаж, замтай зэрэгцэн орших “Буянт-Ухаа I” хорооллын орц гарцыг цэгцэлбэл, осол буурна’ гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан хэллээ. Мөн тус замд алсаас хянах явуулын хурд хэмжигч тавьснаар жолооч нар хурд хэтрүүлэхээ болих байх гэсэн юм.
 

ХУД-ийн ЗЦХ-ийн дарга Г.БЯМБАДОРЖ

Цаашид 14 метрийн өргөнтэй  хоёр урсгалын дөрвөн эгнээтэй замыг дагасан гэрэлтүүлгийн асуудлыг нэмж шийдэх шаардлага тулгарчээ.

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Г.Бямбадоржийн хэлснээр,  тус замын зөвхөн урд хэсэгт гэрэл тавьсан гэнэ. Учир нь, ‘Буянт-Ухаа I’ хороолол хашаагаа төв замд тулгаж барьснаас болж замын хойд хэсэгт гэрэлтүүлэг тавьж чадаагүй байна. Улмаар Яармагаас-Нисэх чиглэлийн урсгалын зам гэрэлтүүлэггүйгээс үзэгдэх орчин нь муу, осол гарах эрсдэл өндөр болжээ.  

Сүүлийн гурван жилд нисэх яармагийн замд 44 хүн машинд мөргүүлж нас барсан. 2017 он гарсаар таван хүн зам дээр амиа алдсаны гурав нь “Буянт-Ухаа I” хорооллын урд замыг хөндлөн гарч явсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж