Иргэншил хоорондын дайн Афганистанаас эхэлсэн

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Иргэншил хоорондын дайн Афганистанаас эхэлсэн

Монгол төрийн Түүхийн музейд “Тэнгэрлэг Чингис хаан” нэртэй үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Олон улсын харилцааны түүхч судлаачийн хувьд уншигчдад нэгэн түүх сөхье. Тэр түүх ихийг хэлнэ. Эдүгээ ISIL-ийн эсрэг нэг эвсэл, Йемен дэх шийтүүдийн эсрэг бас нэг эвсэл, Сирид ОХУ тэргүүлсэн өөр нэг эвсэлд бүрэлдэж, тулалдаж эхэлсэн үед тэр түүхийг сөхөж байна. Тэгэнгээ энэ бол иргэншил хоорондын дайн гэдгийг баталъя.

1991 оны эхэн, Персийн булангийн дайн өрнөж байх зуур уг дайныг Марроккийн судлаач Maхди Эльманжра гэгч “La premiere guerre civilisationelle” гэж нэрлэжээ. Иргэншил хоорондын дайн гэж тэрээр дэлхийд анхлан зориглон дуугарсан нь тэр байв. Харин үнэн чанартаа энэ дайн хоёр дахь нь байлаа. Эхнийх нь 1979-1988 онд өрнөсөн Зөвлөлт- Афганистаны дайн байсан юм. Аль аль нь нэг улс нөгөөгөө довтолсноор эхэлж иргэншлийн дайны хэмжээнд хүртлээ томорчээ. Дээрхи хоёр дайн хоёул өөр өөр иргэншлийн бүлгүүдийн хоорондын хуваагдлын шугамын дагуухи дайны эрин үе рүү шилжсэн нь тэр байлаа.

Афганы дайн сателлит дагуул дэглэмээ тогтоох гэсэн Зөвлөлт Холбоот Улсын санаархлаас үүдэлтэй юм. Энэ дайн АНУ-ын зүгээс шийдвэртэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Зөвлөлтийн эсрэг босч тэмцсэн афган дайчдыг зохион байгуулж, санхүүжүүлэн, зэр зэвсгээр хангаж эхэлснээр “Хүйтэн дайн”-ы нэгэн хэсэг болсон юм. Америкчуудын хувьд коммунист дэглэмийн эсрэг зэвсэгт тэмцлийг дэмжих ёстой гэсэн Рейганы номлолыг Зөвлөлтийн ялагдал баталсан төдийгүй америкчууд Вьетнамд үзсэн шиг шившгийг ЗХУ мэдэрчээ. Энэ ялагдлын уршиг СССР-ийн бүх нийгэм, улс төрийн тогтолцоонд тусч, Зөвлөлтийн эзэнт гүрнийг нураахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Америк болон өрнийнхний хувьд Афганистан нь “Хүйтэн дайн”-ы төгсгөлийн нэг ёсны шийдвэрлэх ялалт байв.

Харин зөвлөлтүүдтэй тулалдаж явсан тэдгээр хүмүүсийн хувьд Афганы дайн “Хүйтэн дайн”-ы шийдвэрлэх ялалт болоогүйд өнөөгийн дэлхий дахины хямралын уг шалтгаан байх шиг. Учир нь энэ ялалт национализм, капитализм, ардчиллын аль алиных нь зарчим дээр суурилаагүй. Харин лалын ариун зарчим дээр суурилж, жихадаар эсэргүүцэл үзүүлж лалын итгэл найдвар, лалын хүч чадалдаа эрдвэл ялж болдгийн анхны томхон жишээ сургамж болж хэдэн үедээ үлджээ. Чухам Афганы дайнаас лалын ерөтөнцөд үзүүлсэн тэрхүү нөлөөг 1905 оны Орос-Японы дайнд Хаант Оросыг Япон ялсны дараа Дорно дахины ард түмэнд үзүүлсэн нөлөөтэй зүйрлэж болох мэт. АНУ “Хүйтэн дайн”-д СССР-ийг афганы дайнаар ялчихлаа гэж үзэж байсан тэр явдлыг мусульманчууд лалын ялалт гэж хүлээн авчээ.

Америк доллар, пуужингүйгээр зөвлөлтүүдийг ялж хүчрэхгүй байсан нь мэдээж. Гэвч шийдвэрлэх өөр нэг хүчин зүйл бол лалын нэгдсэн тэмцэл байсан юм. Лалын хэд хэдэн Засгийн газар, бүлэглэлүүд СССР-ийг ялах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн өрсөлдсөн нь тэдний сонирхолд яв цав нийцсэн хэрэг байв. Лалын ертөнцөөс энэ дайнд зориулсан санхүүгийн дэмжлэг голдуу Саудын Арабаас ирж байлаа. Нийт дайны туршид тэдний оруулсан хөрөнгө 3.3 тэрбум ам доллараас давж гарсан. Тэгвэл энэ зуур АНУ гурван тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Дайны туршид голдуу арабынхан зонхилсон лалын орнуудаас 25 мянган сайн дурынхан энэ дайнд оролцсон. Сайн дурынхныг Иорданд элсүүлж, Пакистаны цэргийн тагнуулын нэгдсэн төвд сурган бэлтгэж байв. Афганы дайчдыг дайтах урлагт Пакистан сургаж, бусад туслалцааг үзүүлж, эсэргүүцлийн хөдөлгөөний гадаад дахь гол бааз болж байв. Нэмж хэлэхэд Пакистан нь Америкийн мөнгийг зарцуулдаг гол субъект, итгэлтэй зуучлагч суваг байсны хувьд хуримтлагдсан мөнгөний 75 хувийг лалын фундаменталист бүлгүүдэд тодорхой зорилго, чиглэлтэйгээр зарцуулж байсан. Үүний 50 хувь нь суннитын хэт фундаменталист фракцад очжээ. Зөвлөлтүүдтэй байлдаж байсан хэдий ч дайнд оролцож байсан арабчууд өрнийнхний эсрэг зогсож байсан ба барууны хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудыг ёс суртахуунгүй, лалын шашинд хортой хэмээн буруутгаж байв. Эцсийн бүлэгт урт удаан дайны дараа зөвлөлтүүд дийлж чадаагүй гурван хүчин зүйл нь америк технологи, саудын мөнгө, лалын фанатизм байжээ.

Тэр дайны дараа лалын байгууллагуудын нэн амаргүй эвсэл бүрэлдэж үлдсэн юм. Тэд лалын бус хүчний эсрэг зогсож, исламыг дэлгэрүүлэх шийдвэр төгс байлаа. Дайны дараа тэдний мэдэлд сайтар бэлтгэгдсэн хашир дайчид, цэргийн хуаран, байлдааны сургалтын төв полигон, ар талын хангалтын бааз, хувийн болон байгууллагын харилцаан дээр үүссэн транс- исламын тагнуулын сүлжээ, ихээхэн хэмжээний байлдааны хэрэгсэл, хамгийн чухал нь одоогийн хүрсэн өндөрлөгтөө эрдэж дараагийн ялалт руугаа тэмүүлсэн бардамнал, их итгэл, сүр хүч үлдэж хоцорсон юм.

“Афганы сайн дурынхан ба тэдний шашин, улс төрийг буруутгах аргагүй. Тэд дэлхийн хоёр их гүрний нэгийг унагасан, одоо нөгөөг нь унагаах үлдлээ” хэмээн 1994 онд АНУ-ын албаны нэгэн хүн ярьж байв.

Эндээс хийх дүгнэлт: Дэлхийн бүх мусульманчууд Афганы дайныг иргэншлийн дайн гэж үзсэн явдал. Афганистанд тэд СССР-ийн эсрэг нэгэн зэрэг боссон бол 1991 оны Персийн булангийн дайн мөн л иргэншлийн дайн болж хувирсан. Учир нь лалынхан хоорондын мөргөлдөөнд өрнийнхөн зэвсгийн хүчээр хөндлөнгөөс түрэмгийлэн оролцсон, түүнийг нь өрнийнхөн олонхиороо дэмжсэн, харин эл интервенцийг даян дэлхийн мусульман шашинтнууд исламын эсрэг дайн гэж үзээд өрнийн империализмын эсрэг нэгдсэн фронтоор зогсоцгоосон.

Эхэндээ арабын болон лалын Засгийн газрууд дайнаас болж хоёр хуваагдсан. Саддам Хусейн Кувейтын хилийн халдашгүй байдлыг зөрчсөний хариуд 1990 оны наймдугаар сард Арабын улсуудын холбоо олонхийн саналаар (14 нь дэмжиж, хоёр нь татгалзаж, тав нь түтгэлзсэн буюу санал хураалтад оролцоогүй) Иракийг буруушаажээ.

Афганистан нь “Хүйтэн дайн”-ы төгсгөлийн нэг ёсны шийдвэрлэх ялалт байв

АНУ-аас зохион байгуулсан Иракийн эсрэг эвслийн байлдааны ажиллагаанд Египет, Сири хоёр нэлээд тооны цэргээр, Пакистан, Марокко, Бангладеш гурав арай цөөн тооны цэргээр оролцохоор зөвшөөрсөн ба нисэх хүчний баазуудаа эвслийн хүчинд ашиглуулахаар Турк зөвшөөрчээ. Энэ бүхний хариуд Европ руу гарах санаархлаа Турк баталгаажуулж, Саудын Арабтай ойр дотноо Пакистан, Марокко дахин баталж, Египет өрөө цуцлуулж, Сири Ливаныг авсан юм. Хэдийгээр Саудын Арабаас санхүүгийн дэмжлэг олонхи нь хүртэж байсан ч Иран, Иордан, Ливи, Мавритан, Йемен, Судан, Тунис улсын Засгийн газрууд, Палестины чөлөөлөх байгууллага, “Хамас”, Лалын аврах фронт нь Иракийг дэмжиж, өрнийнхний интервенцийг буруушаажээ. Индонези зэрэг лалын зарим орны Засгийн газрууд харилцан буулт хийхийг уриалах буюу байр сууриа илэрхийлэхээс зайлсхийж байв.

Лалын Засгийн газрууд ингэж хуваагдах зуур Араб болон лалынхны олонхи нь анхнаасаа өрнийнхний эсрэг байр суурьтай байв. Арабын ертөнц АНУ-ын эсрэг чиглэж, тэд Арабын нэгэн зоригт удирдагч (Саддам Хусейн) ертөнцийн хамгийн том хүчний эсрэг тулалдах чадвартай байгаад далдуур талархаж байв. Үнэндээ Мароккоос Хятад хүртлэх уудам нутагт сая живаа мусульманчууд Саддам Хусейны ард зогсож түүнийг лалын баатар хэмээн өргөмжлөхийн наагуур байв. Марокко, Пакистан, Иордан, Индонези болон бусад оронд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болж, өрнийнхөн, өрнийнхний гар хөл–Хаан Хассан, Беназир Бхутто, Сухарто нарыг яллаж байв. Энэтхэгийн 200 сая лал шашинтны 75 хувь нь АНУ- ыг дайн эхлүүлсэнд буруутгаж байсан бол Индонезийн 200 сая лал шашинтан бараг тэр чигээрээ Персийн булан дахь АНУ-ын цэргийн ажиллагааны эсрэг байв.

Арабчууд болон бусад мусульманчуудын хувьд Саддам Хусейн цуст дарангуйлагч гэдэгтэй санал нэгддэг байсан. Гэвч нөгөө талаар “тэр бол манайхны л цус нэгт дарангуйлагч” гэсэн бодол хосолж байв. Тэдний бодлоор Ирак Кувейт рүү 1990 онд довтолсон нь гэр бүлийн асуудал бөгөөд гэр бүлийнхээ хүрээнд л шийдэгдэх ёстой байжээ. Харин олон улсын эрх зүйн том далбаан дор цэргийн хүчээр довтолсон христосын харь шашинт тэдгээр улс бол зөвхөн өөрийн явцуу ашиг сонирхлоо хамгаалж арабчуудыг өрнийнхний хараат байлгах гэснээс цаашгүй хэмээн ихэнхи мусульманчууд ойлгож байлаа.

Арабын сэхээтнүүд Иракийн тэр үеийн дэглэмд дургүйцэж, харгислал дарангуйллыг нь зэвүүцдэг боловч Арабын ертөнцийн хамгийн том дайсан болох өрнийнхний эсрэг тэмцлийн төв нь Ирак болдог гэдгээр эргээд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Лалын биш харийн цэргүүд Саудын Арабын нутагт байрласныг дэлхийн өнцөг булан бүрт буй мусульман шашинтнууд буруушааж, ариун дагшин газрыг нь “бузарлах” болсныг нийтээрээ тэр үед эсэргүүцсэн юм. Товчхондоо бол Саддам түрэмгийлэл үйлдсэн нь буруу, өрнийнхөн интервенц хийсэн нь бүр буруу, ингэхээр Саддам өрнийнхөнтэй дайтах нь зөв бөгөөд түүнийг дэмжсэн нь тэдний бас зөв.

Эндээс хийх эцсийн дүгнэлт бол ердөө лалын ертөнц, өрнөдийн христосын ертөнцтэй хуваагдлын шугамын дагуух дайнаа эхлүүллээ. Тэр дайн хорин хэдэн жил ер тасарсангүй. Олон фронт дээр олон бүс нутаг, улс оронд явагдлаа. Эхлээд СССР -ийн орон зайд өрнөлөө. ОХУ өөрөө дотооддоо Чеченийн фронт дээр нэг, хоёрдугаар чеченийн дайнаа хийлээ. Хуучин Югославт Босни, Косовод лал-христосоороо хуваагдан ид хаваа гарган тулалдлаа. Энэтхэгийн Кашмирт лал- хиндүгээрээ үзэлцлээ. 2003 оноос Иракийн эрх чөлөө ажиллагаагаар Саддамыг авч хаялаа. Буруу номтны эсрэг боссон иракчууд өвөр хоорондоо алалдаад арван хэдэн жилийг үзэж байна. Арабын ертөнцөд 2011 онд хувьсгал дэгдэж лалын шашны ариун дайнд босоод эдүгээ хүртэл үргэлжилж байна.

Лалын шашны үнэт зүйлсээр улс төр хийн, өргөн олныг дайчилж чадна гэсэн тооцоон дээр Арабын ертөнцийн өнөөгийн хямрал мөргөлдөөн нөхцөлджээ. Далд ба гол толгойлогч нь ч тодорлоо. Тэр нь Саудын Араб юмсанж. Тэр улс лалын шашинт бусад аль ч улсаас илүү өдөр тутмын амьдрал, нийгмийн институцээрээ илэрхий лалжсан. Энэ талаар Иран, Судан хоёр л түүнд дөхөж очно. Дэлхийгээр нэг тархсан лалын байгууллагуудыг Саудын Араб санхүүжүүлдэг. Тэгвэл Саддамын эсрэг, Талибаны эсрэг, эдүгээ ISIL-ийн эсрэг өрнөдийнхний тэр эвслийг дэлхий дээрх лалын ямар ч улс, хөдөлгөөн ил дэмжээгүй. Харин бүгд нэгэн дуугаар өрнийнхний хөндлөнгийн оролцоог эсэргүүцэн зэвүүцэж байна.

1991 онд Иракийг гэсгээх тэрхүү дайнаар иргэншил хоорондын дайн эхэлсэн бөгөөд тэр дайн сэтгэхүйн төлөвшлөө бүрэн олж тогтоосон юм. “Лалын шашнаа хамгаалах” гэдэг нь тэр дайны ариун үүрэг хэмээн баттай тогтжээ. Тэр үед л Египет, Сири, Иордан, Пакистан, Малайз, Афганистан, Суданы болоод газар газрын лалын фундаменталист бүлгүүд уг дайныг буруушааж, “Загалмайтнууд ба Сионистууд” дөрөө харшуулан “Лалын ертөнц, түүний иргэншлийн эсрэг” дайн өдөөлөө хэмээн давшилж байсансан.

1990 оны намар Мекка дахь Лалын коллежийн захирал Сафар аль-Хавали гэгчийн хийсэн мэдэгдэл бий. “Энэ бол Иракийн эсрэг бүх дэлхий дайтаж байгаа хэрэг биш. Харин өрнийнхөн лалын эсрэг дайтаж байгаа хэрэг. Ирак дахь Баас намынхан бол манай зуурдын дайсан, харин Ром бол ертөнцийн төгсгөл хүртлэх бидний дайсан байх болно” гэжээ. Түүний бичлэг бүхий хуурцаг эдүгээ ч арабын орнуудын номын зах зээлд эрэлт ихтэй.

Саддам өрнийнхөнтэй дайтах нь зөв бөгөөд түүнийг дэмжсэн нь тэдний бас зөв

Ерөнхийлөгч Буш тэр үед АНУ- ын нэрийн өмнөөс “Бурхан”-аас тусламж гуйж аминчилсан нь арабчуудын хувьд “Энэ бол шашны дайн мөн” гэсэн бодлыг нь бүр дэвэргэж өгсөн ба “VII зууны үеийн лалын өмнөх улсуудын шунахай увайгүй дайн, хожмын загалмайтнуудын аян дайны” тухай Бушийн ярьсныг тэр үед мушгин гуйвуулж арьсны үзлийн илрэл хэмээн дэвэргэж байв. Тиймдээ ч энэ дайн нь өрнийнхөн ба сионистуудын хуйвалдаанаар өдөөсөн загалмайтны аян дайн, хариуд нь жихадын дайн зарлах хэрэгтэй гэдгийг нь зөвтгөхөөр шалтаг болжээ. Ирак руу халдсан бус хэдэн биенээ үзэж чаддаггүй дайсагналцаж явсан арабын секуларистууд, үндсэрхэг үзэлтэнүүд, хэт тулгуур фундаменталист гэхчлэн бүх бүлгүүд ийнхүү эвлэрчээ.

Бушийн “Бурхан” гэж ярьсныг өлгөн авсан ертөнцийн эрээвэр хураавар лалын фанатууд эвлэлдэн нэгдээд эдүгээ ч аюулт хорт хүчин болоод дэлхийг түгшээх ажгуу.

Эх сурвалж: ‘засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж