“Нийгэм хөгжиж, иргэд баян чинээлэг амьдрах цаг хугацаа удахгүй ирнэ” хэмээн цай уух зуур хуучлах дайны хэлбэрдэх тэдний гар, хөл хийгээд ханаж цадахгүй сэтгэлийн үзүүрт итгэл найдвараа золиосолж буй монголчуудын найдвар хэдий болтол тэдний төлөө гэрэлтэх нь ойлгомжгүй хэрэг. Нэг ёсондоо Монголын улс төрийн түүхийн эс ширхэг мэт бичигдсээр байх улстөрч хоорондын зөрчил, тэдний эрх ашгийн галзуу гэмээр “тулалдаан” цаашид ч үргэлжлэх нь тодорхой. Энэ түүхийн нэг хэсэг нь яах аргагүй “Элсний 13” гэгч хуучнаар МАХН, одоогийн Монгол Ардын нам доторх бохир улс төрийн эздийн аймшигт хонзогнол юм. Тэдний ам бүл тухайн үед Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Л.Одончимэд, Д.Одбаяр, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Ч.Авдай, Р.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байсан.
Тэд анхлан 2007 оны эхнээс улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, “М.Энхболдтой Засгийн газар Монголыг хорлоно” гэх нь холгүй мэдэгдлийг нийгэмд өдөөсөн байдаг. Энэ үед “Элсний 13”-ын төлөөлөгчид “Биднийг зөв юм ярьж байна гээд дэмжихийн оронд улам л дарж байна. Сонин хэвлэлүүд эхлээд биднийг дэмжиж байсан. Гэтэл мөнгө өгөөд тэдний эсрэг ажиллуулж эхэлсэн. Биднийг өмөөрсөн ганц, хоёр сонин гарч ирэхээр намын бүлгийн хурал дээр биднийг загнаад байдаг болчихсон. Бидэнтэй дуу хоолой нэгдэж болдоггүй юм шиг. Заавал биднийг дарж байх ёстой юм шиг ийм муухай үзэгдэл манай намд бий болсон байна. Тэгэхээр үнэний төлөө тэмцэх ёстой болж байна. Зөвхөн намаа сонгуульд ялуулахын төлөө, сайдуудыг тавихын төлөө, Ерөнхий сайдыг “кноп”-дохын төлөө бид УИХ-д сонгогдоогүй. Засгийн газрын үйл ажиллагаа, хэсэг бүлэг хүний үйл ажиллагааг дагах ёстой гэж ажиллах юм бол бид сонгуульд ялаад яах юм бэ. Нийгмээ ингэж унагаад яах юм бэ. Тиймээс нам нь намаараа байж, төр нь төрөөрөө байж, хүчтэй төвлөрсөн төрийн төлөө явах цаг болсон. Төр ингэж сульдаж болохгүй. Яг энэ мөчид МАХН Монголын төрийг унагачихсан байгаа. Манай Монголын төр зөвхөн найз нөхөд, хэдхэн бүлэглэл, авгай хүүхэд, хамаатан садангийн төр болсон байна. Үүнийг болиулахын төлөө ажиллах ёстой. Бид харсаар байж зүгээр сууж чадахгүй” хэмээн ярьж байж.
Тэр ч бүү хэл тухайн үед М.Энхболдод хариуцлага тооцохын тулд байгуулагдсан “Элсний 13” гэгч бүлэглэлийн нэг идэвхтэй гишүүн болох УИХ-ын гишүүн Д.Арвин “М.Энхболд олон хүнээр тоглож байгаа шүү дээ. Тэр хүн намын хагарлыг Ерөнхийлөгч рүү чихдэг. М.Энхболдын гар, хөл бологсод “Нам доторх хагарлыг Н.Энхбаяр эхлүүлсэн” гэж ярьдаг. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа кабинетын зарчмаар л ажилласан” гэсэн мэдэгдлийг хийж байсан. Мөн тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв” гэдэг мэдэгдлийг ч ил тодоор хийсэн удаатай.
Тэгвэл мөнөөх “Элсний 13” гэгчид М.Энхболдын Засгийн газрын танхимд багтаж, сайдын алба хашсан ч даах ёстой хариуцлагаа дааж чадаагүй экс сайд нар багтсан байсан нь учиртай. Д.Одбаяр, Л.Одончимэд тэргүүтэй экс сайдуудын хувьд улс төрийн цэвэр орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн мэлзэж байсан ч цаад шалтгаан нь албан тушаалынх нь суудлыг хамгаалж чадаагүй Ерөнхий сайдад гомдол мэдүүлсэн хэрэг байлаа.
Д.Одбаяр сайд гэхэд тухайн үед МИ-8-ын осол болон хадгаламж, зээлийн хоршооны хямралын улмаас албанаасаа буусан ч “Цаг нь болохоор би их зүйл ярина” гэдэг дарамталсан үгтэйгээр албаа өгсөн. Л.Одончимэд сайдын хувьд өөрийн хүсэлтээр албаа өгсөн ч “Улс төрийн шударга бус тулгалтаас үүдэж ажлаа өгөхөөс өөр аргагүй боллоо” гэсэн гоморхлыг УИХ-ын чуулганы индрээс хэлсэн. Их удалгүй тэд хэнд, яах гэж, юуны төлөө гомдол хаяглаж, улс төрийн эсэргүүцлээ “Элсний 13”-ын халуун ам бүлээр өрнүүлэх болсноо ил тод зарласан юм.
Д.Тэрбишдагва гишүүн ч тэр, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албыг үргэлжлүүлэн хаших боломжгүй болсондоо бас л хатуухан үгийг харамгүй шидэж эхэлсэн түүх хэвлэлийн хуудаснаа үлдсэн байгаа.
Улмаар МАХН-ын XXV Их хурлаар тэд санасандаа хүрч, М.Энхболдыгоо намын даргаас авч шидсэн. Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх “Элсний 13”-ын ажиллагааг “Энэ бүх үйл явдлыг Н.Энхбаярын захиалгаар хийж байна. Энэ нь цаашид МАХН-ыг бутаргах асуудал болж магадгүй” хэмээн оношилж байсан. Хэдийгээр тэр бүрт нь мөнөөх “Элсний 13” биднийг Н.Энхбаяртай хамаатуулах хэрэггүй. Энэ бол МАХН-аар дамжуулж, Монголын төрийг хариуцлагатай болгохын төлөө зорьж буй алхам” хэмээн тайлбарладаг ч өнөөдрийн өнцгөөс харахад тэд Н.Энхбаярын үүргээр ажиллаж байсан гэдгээ хэзээ ч эсэргүүцэх аргагүйгээр нотлох болжээ.
Мэдээж “Элсний 13” гэгч бүлэг нь тодорхой эрх ашиг дор бутарч, нэн шинэ “Дөрвийн бүлэг” гэгчийг байгуулаад байгаа ч тэр бүхнийх нь ард Н.Энхбаяр хэмээх эрхмийн хэлж буй үг, хийж буй үйлдэл нуугдсаар байгаа. Тухайлбал, Ц.Шинэбаяр гишүүн. Хэдийгээр тэрбээр “Дөрвийн бүлэг” гэгчид хамаарахгүй байгаа ч хэлэх үг, шүүмжлэх санаа нь Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарын үгтэй үгсэн хуйвалдсан мэт таарч буй. Дээр нь Д.Тэрбишдагва гишүүн гэхэд л Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд Бага хурлын гишүүнээр нь ажиллаж буй Монгол Ардын намд тунаж үлдсэн хамгийн ойрын түнш нь. Тэрбээр Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албыг дахиж хашаагүйнхээ төлөө “Элсний 13” гэгчид нэгдэж байсан бол өдгөө зарим эх сурвалжийн хэлснээр цаг үргэлж сул гишүүн байх сонирхолгүй байгаа гэх. Улмаар “Н.Энхбаяртай уулзаагүй удаж байна. Тэр хүн бидний ард байхгүй. Намынхаа төлөө тэр санамж бичгийг гаргасан” хэмээн хэлэх ч угтаа энэ нь тэртээ 2007 онд хийж байсан мэдэгдэлтэй нь агаар нэг байгаа нь хачирхалтай хэрэг. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд хийж ирсэн улс төрийнх нь замнал дахин нэг эрх ашиг дээр огтлолцож буйн тод жишээ ч гэж хэлж болно. Тухайн үед “Элсний 13”-т сайдын албанаас буусан, өмнө нь сайд хийж байгаад М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын үед гүйцэтгэх засаглалд багтаагүй эрхмүүд нэгдэж гомдогсдын бүлэглэлийг байгуулсан шиг энэ удаагийн “4+1=5” гэсэн энэ бүлгийн гишүүдэд ч мөн л гомдол хуралдаж буй.
Улс төрд албан тушаалын томилгооноос гээгдэж үлдсэнийхээ гомдлыг шударга ёсны төлөөх гэсэн бүлэглэл байгуулж, эх оронч царайлдаг тэр л жишиг өдгөө ийн үргэлжилж байна. Ц.Даваасүрэн гишүүний шударга зан ойрмогхон хугацаанд ийм хүчтэй хөдлөөгүйг уншигчид андахгүй л байгаа байлгүй. Мэдээж Монгол Ардын намын дэргэдэх жигүүрийг удирдах үүрэг авсан гэдгээрээ бяцхан асуудлыг том улс төр болгох эрх мэдэл түүнд бий. Магадгүй анхны үүсгэн байгуулагчид шиг нь аль нэгэн агентлагийн даргаар өөрийн хүнийг шургуулж, өөрөө байнгын хорооны даргын албанаас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд буухгүй гэж бодсон бол үүн шиг эндүүрэл үгүй биз.
Дээр нь Н.Энхбаяр угшилтай Д.Тэрбишдагватай нийлсэн гээд бодохоор “Элсний 13”-ын эрх мэдэлд хүрсэн, эрх мэдлээ хадгалж үлдсэн түүхийг энэ цаг үед ч үргэлжлүүлнэ гэж бодсон бол бүр ч харамсалтай хэрэг. Б.Бат-Эрдэнэ аварга ч тэр Хууль зүйн байнгын хорооны даргын албаа өгсөн даруйдаа л “Монгол Ардын намд үлдсэн сүүлчийн шударга гишүүн нь” болчихож. Энэ бүхнээс үүдээд эхлэлийнх нь зорилгыг тээж явсан эрхэмтэй үргэлжлэлийг нь босгоно гэж бодсон бол бас л эндүүрсэн хэрэг болж мэдэх юм. Д.Тэрбишдагвын удирдсан дөрвийн бүлэг дээр Ц.Шинэбаярын ганц хүний эрх ашиг ил цагаан нэгдэж тэмцэхгүй л бол шүү дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх: