Цэргийн алба хаагчийг ажлын байраар хангана | News.MN

Цэргийн алба хаагчийг ажлын байраар хангана

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Цэргийн алба хаагчийг ажлын байраар хангана

Үдийн хоолны оронд ходоодоо хуурч, хэтрүүлж уусан үедээ шар тайлах гэж, ханиад хүрмэгц идвэл амархан эдгэрдэг хэмээн хүртдэг бэлэн гоймон тийм ч сайн хүнс биш гэдгийг уг нь монголчууд мэддэг.

Нийслэлийн хэмжээнд 1500 хүн цэргийн дүйцүүлэх албыг хаагаад байна

Энэ сарын 20-22-ны хооронд улс даяар цэрэг татлага эхэлнэ. Гэхдээ цэрэг татлагын журам өмнөхөөсөө өөрчлөгдсөн бөгөөд энэ нь шинээр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуультай холбоотой юм. Энэ талаар нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатараас тодрууллаа.

-Цэрэг татлагад мөрдөх шинэ хуультай болсон. Зохицуулалтад ямар өөрчлөлт орсон бэ?

-Монгол Улсын Цэргийн алба хаагчийн тухай хууль 2016 оны есдүгээр сарын 1-нд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль гэж хоёр тусдаа эрх зүйн баримтыг шинээр баталсан. Харин цэрэг татлага Цэргийн албаны тухай хуулиар зохицуулагддаг болсон. Өмнө нь жилд нэг удаа цэргийн албанд татаж, өөрийн биеэр хаалгадаг байсан бол одоо хавар, намар хоёр удаа цэрэг татлага болж байна.

-Зөрчлийн тухай хууль батлагдсанаар торгуулийн хэмжээнд өөрчлөлт орсон уу?

-Шинэ хуультай болсноор заавал цэрэг татлагад ирэх ёстой гэсэн ойлголт байхгүй. Учир нь өнөөдөр иргэдийн амьдарч буй орчин, нөхцөл байдал өөр байгаа учраас хатуу шаардлага тавихаа больсон юм. Харин санаатайгаар цэрэг татлагаас зайлсхийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Иймээс санаатай юу, үгүй юу гэдгийг шинэ хуулиар зохицуулж, иргэдэд илүү боломж олгож байгааг ойлгох хэрэгтэй.

-Энэ жил цэргийн албанд хэчнээн хүн татагдаж байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд цэргийн албанд татагдаж буй эрчүүдийн тоо нэмэгдсэн. Энэ нь улс орны эдийн засгийн байдалтай холбоотой юм. Гэхдээ одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1500 хүн цэргийн дүйцүүлэх албыг нийт 980 сая төгрөг төлж хаагаад байна. Харин оюутан цэрэгт нэг удаа мянган оюутныг сургадаг. Ерөнхийдөө хилийн болон зэвсэгт хүчний анги байгууллагад цэргийн алба хаах залуучуудын тоог жил бүр бүрдүүлээд авч байгаа.

-Цэргийн алба хаасны дараа заавал ажлын байраар хангуулах болж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ. Цэргийн албаны тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7.5-д зааснаар ажлын байрыг хуульчилж өгсөн. Уг хуулиар цэргийн алба хаасан хүнийг халагдаад ирэхэд нь заавал ажлын байраар хангах ёстой болж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуульд цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд авахгүй гэсэн заалтыг ч оруулсан. Энэ бол 1990 оны зургадугаар сарын 8-наас хойш төрсөн залуучуудад хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэг ёсондоо төрөөс хязгаарлалт бий болгосон ч тодорхой боломжуудыг олгож байгаа юм. Тиймээс цэргээс халагдаад ирсэн хүмүүст зориулж ажлын байрны өдөрлөг зохион байгуулдаг болохоор тогтоод байна.

-Дүрэм, журамд өөрчлөлт орж, хэд хэдэн сонголттой болгосон юм уу?

-Шинэ дүрэм журамтай болсноор иргэдэд хэд хэдэн сонголтыг бий болгосон. Тухайлбал, нэг жилийн хугацаатай өөрийн биеэр алба хаах, 18-25 насны залуучууд өөрсдийн хүсэлтээр цэргийн дүйцүүлэх алба буюу хил хамгаалах байгууллагад, гамшиг ослын үед болон хүмүүнлэгийн чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ. Мөн 26 нас хүрсэн бол цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаах боломжтой.

Гэрээт цэргийн албанд 18- 29 насны Монгол Улсын иргэн зэвсэгт хүчинд цэргийн алба хаана. Энэ бол нэг ёсондоо ажлын байр юм. Гэрээгээр цэргийн алба хаавал төрийн тусгай алба хаагчийн шатлалын зэрэглэлийн дагуу цалин авч үүрэг гүйцэтгэдэг. Цалингийн 20 хувийг бэлнээр олгодог бол үлдсэнийг нь хуримтлал болгоод хоёр жилийн дараа өгдөг. Үүнээс гадна их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны хоёрдугаар хагаст сурч буй 18 нас хүрсэн залуучууд оюутан цэрэгт хамрагдана гэсэн цэргийн алба хаах таван хэлбэрээс сонгох боломжтой болж байгаа юм.

  • Цэргийн албаны тухай хуулиар цэргийн алба хаасан хүнийг заавал ажлын байраар хангана.
  • Цэрэг татлагад ирж буй залуучуудаас хаана, ямар ангид цэргийн алба хаах талаар саналыг нь асуудаг болсон.
  • Таван төрлийн сонголтоос аль нэгийг нь сонгож заавал цэргийн алба хаах шаардлагатай.

-Өмнө нь хаана алба хаахыг цаанаас нь хуваарилдаг байсан. Одоо хэвээр үргэлжилж байгаа юу?

-Цэрэг татлагад ирж буй залуучуудаас хаана, ямар ангид цэргийн алба хаах вэ гэж санал хүсэлтийг нь асуудаг болсон. Ингээд уг саналынх нь дагуу цэргийн ангиудын хуваарийг үндэслэн шийдвэрлэдэг. Өнгөрсөн хугацаанд иргэд хүүхдээ хаана хуваарилагдсаныг мэдэх боломжгүй байсан бол одоо том дэлгэцээр хэн хаана, ямар цэргийн ангид алба хааж байгааг дэлгэрэнгүй харах боломжтой.

-Цэргийн зарлан авсан ч эрүүл мэнд болон бусад шалтгаанаар тэнцэхгүй байх тохиолдол хэр их байна?

-2015 онд нийт хамрагдаж байгаа иргэдийн 29.8 хувь, 2016 онд 27.3, 2017 онд 26.1 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байгаа. Ялангуяа мэс ажилбар, чих хамар хоолойн өвчлөл болон нүдний хараа муудаж байгаа нь суурьшлын бүсэд элбэг тохиолдох болсон. Тиймээс шинэ хуультай болсноор цэрэгт татагдаж буй 18-25 насны залуучуудын өвчлөлд илүү анхаарал хандуулж, урьдчилан шинжилгээ хийдэг болсон.

Засгийн газрын журмаар зохицуулагдсан тайван цагт цэргийн алба хаах буюу нэг мөсөн хаах өвчлөлийн код гэж бий. Иймээс Цэргийн албаны тухай хуульд албанаас чөлөөлөх гэсэн заалтын дагуу хэсэг хугацаанд чөлөөлдөг. Хэрэв цэрэг татлагад ороод эрүүл мэндээр чөлөөлөгдвөл тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагад эмчлүүлэх үүргийг ч хүлээж байна. Гэхдээ эдгээр хүмүүст тэнцээгүй ч гэсэн өөр хэлбэрээр цэргийн алба хаах боломж бий.

-Цэргийн алба хаах хүсэлтэй ч ар гэрийн гачигдлаас болоод чөлөөлөгдөх хүсэлтэй хүмүүс хэр их байна?

-Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүн нь бие давхар, сургуулийн өмнөх насны хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй бол чөлөөлнө. Энэ бол нэг мөсөн чөлөөлөх биш 26 нас хүртэл нь жил бүрийн цэрэг татлагаас чөлөөлнө гэсэн үг. Харин үүний дараа мөнгөн дүнгээр, эсвэл өөр хэлбэрээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөө өөрсдөө шийдвэрлэх юм.

-Цэргийн алба хаагчийн гэр бүлийг асран хамгаалах үүрэг хүлээдэг болсон гэдэг үнэн үү?

-Цэргийн алба хааж буй залуучуудын гэр бүлийг нийгмийн халамжид байна гэдгийг хуульд заагаад өгчихсөн. Тиймээс бид жилд нэг удаа 20-25 сая төгрөгийн буцалтгүй тусламж, түлээ, нүүрсний хөнгөлөлтийг үзүүлж байна. Дашрамд хэлэхэд цэргийн алба хаасан иргэдийг ажлын байраар хангах өдөрлөгийг энэ ням гарагт зохион байгуулах гэж байна. Дүүрэг болгоны ажил олгогчид ажлын байрыг танилцуулдаг болсон.

Эх сурвалж: ‘засгийн газрын мэдээ’ сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж