Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах үнэмлэхүй жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-12-нд Мароккод болно. Шагналын сан өндөртэйгөөрөө анхаарал татаж буй энэхүү тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх юм.
Шагналын сан – 500.000 евро
- Алтан медаль: 100.000 x 1 = 100.000
- Мөнгөн медаль: 50.000 x 1 = 50.000
- Хүрэл медаль: 25.000 x 2 = 50.000
- 5-р байр: 10.000 x 2 = 20.000
- 7-р байр: 5.000 x 2 = 10.000
- Шилдэг 16-д үлдвэл: 2.500 x 8 = 20.000
Монголын хүнд жингийн тамирчдаас олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн, Л.Отгонбаатар нар барилдахаар мэдүүлэг өгчээ.
Грекийн жүдогийн домог, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Илиас Илиадис зодог тайлсан ч үнэмлэхүй жинд барилдахаар мэдүүлсэн байна. Мэдээж Францын Тедди Ринер, Голландын Рой Мейер, Оросын Александр Михаилин, Чехийн Лукаш Крпалек, Гүржийн Варлам Липартелиани, Гурам Тушишвили нарын олон алдарт жүдочид хүнд жингийн Дэлхийн аваргын төлөө хүч үзнэ.
Б.ЭНХ