Улс төр улам зэрлэгшиж байгаа нь үнэн

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Улс төр улам зэрлэгшиж байгаа нь үнэн

Уул уурхайн яамнаас өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-65 суудалтай МАН Ерөнхий сайдаа сөрөг хүчний дэмжлэгтэйгээр арай гэж томилсон. Энэ явдал улс төрд өмнө болж байгаагүй сонин, содон үзэгдэл болох шиг санагдсан. Энэ талаар таны бодол?

-Урьд өмнө ийм түүх байгаагүй байх аа, би лав санахгүй байна. Тохиолдлоор ч юм уу, МАН 2016 оны сонгуулиар 65 суудал авсан. 65 суудалтай олонхын галзуурал уу, “хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо” гэсэн эрх мэдлийн хэт их шунал уу, ямартай ч маш богино хугацаанд Засгийн газраа унагаж чадлаа.

Засгийн газар нь УИХ-д 34 гишүүнтэй байхдаа АН-ын байгуулсан Н.Алтанхуягийн Засгийн газраас хамаагүй богино хугацаанд ажиллалаа. Засгаа унагаад зогсохгүй байгуулахдаа хүртэл үл ойлголцлын хана босгочихоод, Ерөнхий сайдаа томилохдоо УИХ руу оруулж ирж сөрөг хүчнээрээ хагалуулж байна. Цөөнх дэмжиж байж Ерөнхий сайд томилогдлоо шүү дээ.

У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын гадна байгаа учраас Ерөнхий сайдын суудал эрсдэлтэй хэвээрээ. Ерөнхий сайд болох нь нэг л удаагийн санал хураалт. Гэтэл цаашдаа Засгийн газрынхаа бодлогыг авч явахын тулд олон санал хураалт болно. Байнга цөөнхийг царайчилж, цөөнхөд дулдуйдаж эрх барина гэж байхгүй. Эрх барина гэдэг олонхын асуудал болохоос биш цөөнхийн асуудал биш, олонхын өмнөөс цөөнх үүрэг хүлээхгүй.

-65-ын бүлэг нь өмнөх Засгийн газрыг дэмжсэн, У.Хүрэлсүхийг дэмжсэн хоёр хэсэгт хуваагдчихаад хоорондоо үзэлцээд байдаг. Үүнээс болоод Ерөнхий сайд нь Засгийн танхимаа бүрдүүлж чадахгүйд хүрэх вий гэж санаа зовж байна?

-Энэ бол ганц У.Хүрэлсүхийн биш үе үеийн Ерөнхий сайд нарын бүгдийнх нь зовлон. Учир нь, Засгийн газарт кабинетын зарчим байхгүй, УИХ доторх бүлэглэл, фракц, намуудын төлөөллийн байгууллага болоод хувирчихсан. Тийм учраас Засгийн газар огцрох, дараачийн Засгийн газрыг байгуулах тэр зайнд хамгийн их хор найруулдаг, хамгийн их ууж идэхийн дон шүглэсэн хэсэг нь амь ордог.

–Уг нь У.Хүрэлсүх өөрөө энэ байдлыг таслан зогсооно гэж амлаж гарч ирсэн шүү дээ?

-Тэгэх боломж байхгүй. Уг нь 1992 оны Үндсэн хуульд кабинетын зарчмыг дэмжсэн санаанууд бий. Ерөнхий сайд ба түүний кабинет гэж ярьдаг, 50+1 буюу Ерөнхий сайд дээр нэг сайд нэмэгдэхэд Засгийн газар шийдвэр гардаг чиглэлд явж байсан. Энэ зарчмыг бид 2004 онд үгүй хийсэн. АН, МАХН-тай хамтарч Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг байгуулахдаа “Одоо кабинетын зарчим байхгүй, харилцан хяналттай байх зарчим үйлчилнэ. Танайх Ерөнхий сайдаа томил, манайх Шадар сайдаа томилно” гээд хоёр Ерөнхий сайдтай маягтай бүтэц хийчихсэн. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад олонхоороо хуралдаж шийдвэр гаргадаг тогтолцоонд шилжсэн. Одоо бол албан ёсоор, хуулийнхаа хүрээнд Засгийн газар нь Ерөнхий сайдын кабинет биш УИХ-ын төлөөллийн байгууллага болсон. УИХ-д хэн хүчтэй, хэр олон хонь хашаандаа хашсан байна тэрнийхээ хэмжээгээр яам эзэмшиж, салбар захирч, өөрийн хүмүүсээ томилдог. Тэр томилгоо болон шийдвэрээ хянаж байхын тулд Засгийн газар олонхоороо хуралдаж, олонхоороо шийдвэр гаргадаг. Магадгүй Ерөнхий сайд ч цөөнх болж болохоор тийм систем хийчихсэн. Тийм учраас бодит байдал дээр Ерөнхий сайд, түүний танхим гэх ойлголт байхгүй. Хуулийн үүднээс тийм. Улс төрийн нөхцөл байдлаа аваад үзсэн ч ялгаагүй. 65 суудалтай намын бүлэг нь хоёр хуваагдчихаад шийдвэр гаргахын тулд сөрөг хүчнээ царайчилж байгаа нөхцөлд Ерөнхий сайд өөрөө эмзэг. Өөрийнхөө эмзэг байдлыг Засгийн газар дээрээ авчирвал Засгийн газар нь ч мөн урт наслахгүй. Үүнийг сөрөхийн тулд У.Хүрэлсүх 65-аа 33:32 гэж хуваах биш, ядахдаа 40-45 руу авчрахын тулд яриа хэлцэл, хуйвалдаан, тохироо юу гэж нэрлэсэн ч бай тэр бүхнийг хийж л таарна.

-Тиймээс л намын даргынхаа фракцтай тохироо хийж, сайд нараа 60:40-өөр хуваах болсон гэж байна уу?

-Дор хаяж 45 гишүүн Ерөнхий сайдыг найдвартай дэмжиж байх ёстой. Тэр 45-ыг бүрдүүлэхийн тулд цөөнхийг царайчлалтай биш. Намаа хагалсан парламентын гаднах улстөрч ямар ч ирээдүйгүй. Байгаа ганц боломж нь буцаад нам дээрээ түшиглэх. Тэгэхийн тулд таны хэлсэн тэр хэлцэл рүү хүссэн хүсээгүй орно.

-Уг нь бол шинэ Ерөнхий сайд маань анх гарч ирэхдээ “Бүлэглэлийн эрх ашгаар асуудал шийддэгийг таслан зогсооно” гэдэг үгийг их зоригтойгоор хэлсэн учраас олон нийт ч бас нэлээд найдлага тавьж байлаа. Гэтэл буцаад нөгөө наймаа, тохироо яваад эхлэхээр урам хугарч байна л даа?

-Өмнөх Засгийн газраа унагахдаа “Авлигын системээр бий болсон албан тушаалтнуудыг төрөөс зайлуулна” гэж хэлсэн дээ. Гэтэл 60 тэрбум бол Засгийн газрыг байгуулахад хэрэглэсэн схем биш УИХ-ыг анх байгуулахад хэрэглэсэн схем. Энэ 65 хүн 65-уулаа тэр 60 тэрбумын үр хөврөл. У.Хүрэлсүх ганцаараа УИХ-д дэвшээгүй учраас “Би гадна нь байсан” гэж хэлэх эрхтэй байх. Өөрийгөө ганцааранг нь гадна тавьчихаад нөгөө 65 луугаа нулимбал юунд ч хүрэхгүй, сууж байгаа мөчрөө хөрөөдсөнөөс ялгаагүй. Энэ 65-аа дотор нь хагалаад нэг хэсгийг нь цэвэр гэнэ үү, нөгөө хэсгийг нь бохир гэнэ үү хамаагүй. Тэглээ гээд өөр хаана улс төрийн дэмжлэг байна? Нэг талаас Ерөнхийлөгч, нөгөө талаас УИХ дахь цөөнх л байгаа биз дээ. Ерөнхийлөгч, цөөнх хоёроос дэмжлэг аваад бодлогоо явуулъя гэхэд тэр нь хэр удаан үргэлжилж, тогтохоо бодно биз дээ.

-Гэхдээ л У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохын тулд цөөнхтэй хамтарсан нь намынхных нь дургүйг хүргэсэн биш үү? Огцруулах асуудал дээр ч, Ерөнхий сайдаар томилогдохдоо ч?

-Засгийн газрыг огцруулах бол олонхын асуудал. Огцруулсных нь дараа эзэнгүй орхиж болохгүй. УИХ-д 65 суудалтай нам дотроо ойлголцохгүй байна гээд хэрэлдээд сууж байгаа бол хамгийн арчаагүй үзэгдэл. Ийм арчаагүй намыг дагаж төрийг эзэнгүйдүүлэлгүй, ядаж толгойг нь тавьж өгөөд “цаашдаа өөрсдөө учраа ол” гэж хэлэх ёс зүй цөөнхөд байна гэдэг харин ч давуу тал. МАН байсан бол магадгүй, Ерөнхий сайдыг нь томилуулахгүй байж байгаад дараагийнхаа улс төрийг хийе л гэх байсан байх.
 

-Ингэхэд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж, хамт огцорсон мөртлөө эргээд Ерөнхий сайд болсон нь хэр шударга вэ? Танхимын зарчим, хамтын хариуцлага гэж юм энэ тохиолдолд ч гэсэн хамаагүй юу?

-Би түрүүнд хэлсэн. Засгийн газрын тухай манай хууль тогтоомжоор Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах ямар ч боломж байхгүй. Засгийн газар гэдэг зүгээр л улстөрчид, бүлэглэл, фракцын төлөөлөл маягийн систем болсон. Хоорондоо эвлэж, нэгдэж ажиллах тухай биш нэг нэгнээ хянаж хярж, боломж олдвол дэгээдэж унагахад зориулагдсан систем. Та нар анзаарсан бол Засгийн газрыг гаднаас гэхээсээ илүү дотроосоо унагаж, дараагийн хүн нь эрх мэдлийг авч байгаа биз дээ. Ийм Түгжил маягийн араншинтай улстөрчид хамгийн дээр гарч ирэх бололцоог олгосон тийм л тогтолцоо оршин тогтнож байна.

-Ерөнхий сайд яагаад заавал УИХ дотроос сайд нараа томилох ёстой юм. Ядахдаа 1/3-ыг нь гаднаас томилж болдоггүй юм уу?

-Олонх дотроо хуваагдчихаад байгаа нөхцөлд УИХ-ын гаднаас сайд томилох нь бараг боломжгүй. Байгаа нөхцөл байдал нь тийм. УИХ-ын гаднаас сайд нараа томилно гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг л болно. Гаднаас авсан сайд нар нь бүгд УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь шахсан хүмүүс байсан. Өөрсдийнхөө хүмүүсийг шахчихаад дараа нь “Тэр чинь би биш, би өөрөө сайд болно” гээд дайрчихаж байгаа биз дээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ч ийм л юм болж байсан. Сая МАН-ын дарга намынхаа хурал дээр ил цагаанаар “Засгийн томилгооны 50 хувь та нарын шахааны хүмүүс шүү” гээд хэлж харагдана лээ. Энэ бол бүх үеийн Ерөнхий сайд нарын зовлон. У.Хүрэлсүх сая түрүүлж алхсан тулдаа намын бүлгээ хувааж байгаад ч болтугай АН-ын бүлгээс дэмжлэг аваад Ерөнхий сайд боллоо. Ийм алхам хийгээгүй бол У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд болохгүй, шахаачид тохирч байгаад дундын хүнийг тавьчих л байсан. Одоо харин У.Хүрэлсүх саяынх шигээ алхам хийгээд өөрийнхөөрөө зүтгэвэл унах нь илүү хурдан байх болов уу.

-Гэхдээ АН-ын бүлгээс “Гол чиг үүргийн сайд нараа УИХ дотроосоо тавиад бусдыг нь гаднаас тавиач ээ” гэдэг шаардлагыг тавьсан. АН-ын шаардлагыг хүлээж авахгүй бол У.Хүрэлсүх сайд нараа томилохдоо УИХ дээр дэмжлэг дутах биш үү?

-АН шаардаж байгаа юм биш, МАН-ын өөрийнх нь тавьж байсан шаардлагыг эргүүлж сануулж байгаа юм. Өмнөх бүрэн эрхийн хугацаанд МАН-ынхны Сүхбаатарын талбай дээр дэглэж байсан жүжгийг эргээд санах хэрэгтэй л дээ. Давхар дээл паа пүү гээд баг зүүж, нүдийг нь сохлоод “Алтанхуягийн Засгийн газар унах ёстой” гэж байсан хүмүүс бүгд өнөөдөр давхар дээл нөмрөөд сууж байгаа. Хийж чадахгүй зүйлээ амны зоргоор бүү ярьж бай л гэсэн үг. Тийм болохоор АН-ын бүлэг дэмжихгүйгээсээ илүү амыг нь асуух байх. 65 суудалтай нам есөн кнопоор дутахгүй байлгүй. Хэрэв та анзаарсан бол одоо та бид хоёрын ярианд, хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллүүд дотор ч гэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт хэн орж ирээд юу хийх гэж байгаа юм бэ гэдэг бодлогын асуудал огт байхгүй байгаа биз.

Ерөөсөө л сандал ширээ, хэн сайд, хэн дарга болох гэж байна гэдэг явган яриа л явж байна. Энэ нь өөрөө ямар ч Засгийн газрыг ирээдүйгүй болгодог.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Мэргэжлийн” гэдэг тодотголтой байсан. У.Хүрэлсүх “Ардын Засгийн газар байгуулна” гэсэн. Ялгаа байна уу? Сайд нарын нэрс тодорсныг та харсан байлгүй…

-Мэргэжлийн Засгийн газар, Ардын Засгийн газар хоёр ч нэг их бие биедээ хавираад байхаар нэр томъёо биш л дээ. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь ч тэр, сайд болох гэж байгаа хүмүүсийн дотор ч “ийм юм хийе” гээд жилийн өмнө, хоёр жилийн өмнөөс зарласан хүн алга. Ерөнхий сайд нь ч хүссэн хүсээгүй тогтвортой засаглая гэдэг тохироогоо л хийх гэж оролдож байгаа учраас тэнд нэг их бодлого шүүн хэлэлцээд суухаасаа илүү “Ядаж муу муухай харагдуулахгүй хүний нэр гарч ирээсэй” л гэж залбирч байгаа. Захиалсан тасалбар нь маш таагүй тээврийн  хэрэгслээр зорчих байтал “их сайхан аялал болно доо”  гэж хүлээх нь угаасаа тийм ухаантай үйлдэл биш. Хоёр дахь ээлжийн Засгийн газар байгуулагдахад амьд үлддэг нэг л зарчим байдаг юм, “Сайд болж үзээгүй нь бол”. Сонгуулийн дараа бол муу ч, сайн ч сонгогчдод амласан мөрийн хөтөлбөр нь Засгийн газрыг хэмждэг. Харин дараа нь гарч ирж байгаа Засгийн газарт бол сонгогчид хамаагүй, мөрийн хөтөлбөр ч хамаагүй. Эргээд санаарай. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын гишүүдийн ихэнхийнх нь амнаас “Бид сонгогчдодоо ингэж амласан шүү дээ” гэдэг үг унадаг. Дараа дараачийн сайд нар бол “Тэр ямар хамаатай юм” л гэдэг. “Сонгогчдод нэг үг хэлээ л биз, тэр ямар хамаатай юм” гэдэг сайд нар хоёр, гуравдугаар ээлжээс л төрдөг байхгүй юу.

-У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо “Хуулиас дээгүүр эрх мэдлийг үгүй хийнэ. Үүний төлөө амь насаа алдахаас айхгүй” гэж хэлсэн. Яагаад тэгсэн юм бол, тэр хүн тийм эрсдэлтэй нөхцөлд ажиллана гэж үү?

Хүн ямар орчинд байна, тэр үг хэллэгээрээ л гадагшаа гарч ярина. Тайван орчинд байгаа хүн “Би амь насаа алдахаас айхгүй байна” гэж хэлэхгүй. Нэг бол өөрөө ална, тална гэж ярьдаг, эсвэл өөрийг нь хэн нэгэн ална, тална гэдэг учраас л хүн ийм үг хэлэх байх. Ер нь бол улс төр улам бүр зэрлэгшиж байгаа нь үнэн.

-Засгийн газар хэврэг байгаа нэг шалтгаан нь намын дарга нь Ерөнхий сайд байх зарчим алдагдсанаас боллоо гэлцэж байна. У.Хүрэлсүх удаан засаглая гэвэл намын дарга болохоос өөр гарцгүй. Гэтэл тийм боломж бий болов уу?

-Монгол Улс хэрвээ парламентын засаглалтай улс байя, Засгийн газар нь  тогтвортой ажилладаг байя гэвэл хүссэн хүсээгүй намын дарга Ерөнхий сайд байх гэдэг зарчим руу явахаас аргагүй. Н.Энхбаяраас эхлээд манай намын дарга З.Энхболд, одоо МАН-ын дарга М.Энхболдоор үргэлжилж байгаа намын дарга нь УИХ-ын дарга байдаг жишгийг болих ёстой. Парламентын засаглалтай бусад оронд парламентын спикер нь намаасаа түдгэлзэх тухай ярьж байхад, манайд эсрэгээрээ. Тэнд спикер болох хүн энэ хуралдаанд олон намууд байгаа учраас хуралдааныг үр дүнтэй, зүй зохистой, хуулийн хүрээнд явуулахын тулд би намаасаа түдгэлзэх ёстой гэдэг. Харин манайд гурван давхар дээлтэй, намын даргынхаа өнцгөөр тэр хурлыг удирдах гэж оролддог. Ингэхээр парламент нь ч дампуураад, Засгийн газраа ч дампууруулж байна. Энэ гажиг соёлоос бид татгалзах ёстой, сүүлдээ бараг соёл болчих гээд байна.

Хоёрдугаарт, Хүчтэй Ерөнхий сайдтай байхын тулд Ерөнхий сайдын эрх мэдэлтэй булаацалддаг Ерөнхийлөгчийг чиг үүргийг хумих ёстой. Үүнийг Ерөнхий сайд болсон бүх хүн ярьдаг, Ерөнхий сайдаас буухаараа мартчихдаг. Ерөнхийлөгчийг бид Үндсэн хуулиар олгосон чиг үүрэг дээр нь Үндсэн хуулиар олгоогүй баахан чиг үүрэг нэмээд, хоёр дахь Ерөнхий сайд болгож хувиргасан. Тиймээс Ерөнхийлөгчийн эрх үүргийг танах ёстой. Ер нь бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндсэн хуулийн зөвшилцлийн гол механизм байх ёстой Ерөнхийлөгч яагаад эсрэгээрээ хагалан бутаргагч, талцуулж муудалцуулагч болж хувирчихаад байгаа юм гэдгийг бодох ёстой. Хэн тэнд байгаа нь сонин биш, энэ институци яагаад мангас үйлдвэрлээд байна вэ гэдгийг л олж харах нүдтэй, чадавхитай болох ёстой. Мангас үйлдвэрлэж байгаа тогтолцоогоо өөрчлөхгүй хүн өөрчлөх гэж оролдох, төрийн махны машины гар дээр өөрөө очиж суух тухай бодох л юм бол юу ч өөрчлөгдөхгүй, Үүнийг олж харж чадахгүй бол бид хүн дагаж давхисаар байгаад дахиад 20 жилийн дараа ч үүнийгээ ярьсаар л байх болно.  

-У.Хүрэлсүх яаж ийгээд танхимаа бүрдүүлж чадлаа гэхэд яг одоогийн нөхцөлд анх тавьсан зорилгоо биелүүлж чадах уу?

-Өөрийнх нь хүсэл зоригоос л шалтгаална. Огцруулна гэдгээс айхгүйгээр зөв гэж итгэж байгаа зүйлээ алхам алхмаар хийгээд явбал магадгүй олон нийтийн дэмжлэг, улс төрийн эерэг өнгө огцруулах эрсдэлээс хамгаалж өгөх боломж байхыг үгүйсгэхгүй. Эсвэл бүр саваад огцруулж ч магадгүй. Гэхдээ ямар насаараа Ерөнхий сайд хийх биш, Ерөнхий сайдын албан тушаал ямар амь, амьдрал ч биш. Ерөнхий сайдын эрх мэдлийг түшиглээд Монгол Улсад юм хийсэн гэдэг түүхийг үлдээх гэж байгаа бол зориг гаргах л хэрэгтэй. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараа би нэг л зүйлд олзуурхсан. Ямар ч байсан улс төр дэх үе солигдолт буцаж ухрахгүйгээр үргэлжилж байна гэж. Ж.Эрдэнэбат гэж залуу хүн Ерөнхий сайд байсан, У.Хүрэлсүх гэдэг залуу Ерөнхий сайд боллоо. Ямар ч байсан нөгөө хэдэн хөгшчүүд, егзөр нөхөд буцаж ирээд сандал ширээндээ ялхайтал шигдээд, ашиг сонирхлоо сагуулаад, мөнгө, бизнес бүх юмаараа сүлбэлдээд явахгүй, зүсэх газраа зүсээд, цавчих газраа цавчих хэмжээний иртэй хүн зогсч байна гэдэг бол нэг том дэвшил. Гэвч нөхцөл байдал үнэхээр хэцүү юм даа. УИХ дахь олонхын дэмжлэг ийм байгаа нөхцөлд байнга мохно.

Эх сурвалж: TV25

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж