Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өчигдөр УИХ-д бичиг илгээлээ.
Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.10.13/ хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ гишүүнд дэвшүүлсэн Р.Бурмаагийн нэрийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.
ҮХЦ-ийн гишүүн Д.Наранчимэгийн цэцийн гишүүн байх хугацаа дуусгавар болсон тул УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгохоор Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшүүлсэн. Өнгөрсөн Мягмар гаригт /2017.10.10/ Байнгын хороо хуралдсан боловч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.
Завсарлагын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа эгүүлэн татсан тул Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ.
Т.НОМИН