С.Эрдэнэ: МАН-ынхан хамгийн увайгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: МАН-ынхан хамгийн увайгүй

Хошин урлагийн “Х-Түц” продакшны жүжигчин, алаг нүдэн И.Одончимэг буюу Одноо тайзнаас дэлгэц рүү, тэр дундаа телевизийн хөтлөгч болсон билээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхий сайд танхимдаа ажиллах сайд нараа сонголоо. Бүрэлдэхүүн өмнөх танхимаас сайжирсан уу?

Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг л бүх хууччуулаа сайдаар тавих болсон байна лээ. Засгийн газартаа багтаа гэж хууччуул нь шантаажилсан юм байлгүй. Уг нь бол шинэ Засгийн газар бүрдүүлнэ гэж яриад баахан оволзсон.

Хоёр талтай л юм. Нийгэм, эдийн засаг хүндрэлтэй үед хууччуул нь ороод ажиллахад туршлага, зангараг бол хэрэгтэй.

Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулснаас хойш бүтэн хоёр сар шахам монгол төрийн ажил цалгардлаа. Өвлийн бэлтгэл хангахаас эхлээд өчнөөн ажил байна. Өр авлагыг барагдуулах цаг ч  хаяанд ирлээ. Хурдхан л танхимаа батлуулаад ажилдаа шуурхайлах хэрэгтэй байна.

-Бүх сайдаа парламентаас сонголоо?

Давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж, шоу хийж ирсэн улс төрийн хүчин бол МАН. Давхар дээл өмсчихсөн, маск зүүчихсэн Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийгээд л… “Ардчилсан намынхан давхар дээлтэй сайд томиллоо” гээд л улстөржсөн. Тэр үеийн Ардчилсан намын Засгийн газрын сайд нарын 50 хувь давхар дээлтэй байсан. Гэтэл одоо 100 хувь давхар дээлтэй орж ирлээ. “Давхар дээлтэй сайд шиг муу муухай юм байхгүй” гээд ухуулж байсан хүмүүс өнөөдөр давхар дээл өмсчихсөн зогсож байгаа нь хамгийн увайгүй.

Улстөрчийн хувьд ёс суртахуун гэж байна уу. Би гайхаж байна.

-Өнгөрсөн долоо хоногийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцсон. Энэ тухай сануулж болоогүй юм уу?

Ерөнхий сайдад чөлөөтэй ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэж үзэж, асуудал тавиагүй.

Нэгэнтээ олон түмний итгэл хүлээсэн хойно нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй үед улс орноо өр зээлээс гаргаад, үлдэж байгаа 2 жил гаруйн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хангаж яваасай гэдэг үүднээс л асуудалд хандсан.

60 тэрбумын гэх хэрэг, тагнасан чагнасан гэх асуудал дээр шуурхай ажиллаасай гэж бодож дэмжсэн. Түүнээс бид сөрөг хүчнийхээ үүргийг умартаад ч юм уу, ямар нэг яриа тохироо хийгээд ч юм уу, албан тушаал наймаалцаад ч юм уу, асуудлыг тэгж авч үзээгүй. Монгол төрийн ажил тасралтгүй зөв яваасай, Монгол төрийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой гэдэг талаас нь харж хандсан.

-Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах болж байна. Дэмжих үү?

Дэд сайд нар нь ажил хийдэг юм уу, твиттер, фейсбүүкээр л нэг жиргэсэн хүмүүс байх юм.

Сошиал дахь залуучууд, хүүхдүүдтэй хэрүүл хийгээд л, төр засгийн бодлогын гол чухал асуудлыг дэлгэж задлаад л сууж байх юм.Ажлын ачаалал ихтэй гэж үзээд л дэд сайд тавьсан болов уу гэж боддог. Гэтэл юун ажлын ачаалал өдөр, шөнөгүй сошиалд хэрэлдэцгээж байна. Хүн  доромжлоод, хүн рүү янз бүрийн үг шидээд, яасан ч завтай юм. Твитерчин дэд сайд хэрэгтэй юм уу?.

-Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад дэд сайдтай байсан?

-Хамтарч Засгийн газар байгуулсан нөхцөлд Шадар сайд болон дэд сайдын орон тоо байдаг. Яагаад гэвэл эвсэлд байгаа намууд бие биедээ хяналт тавих, хамтын ажиллагаагаа хар сэргүй явуулахын тулд Шадар сайд, дэд сайд томилдог.

Эвслийн Засгийн газарт багтсан намууд нь сэлгэж дэд сайдаа тавьдаг. Нэг ёсны Ерөнхий сайд нь Ардчилсан намынх байлаа гэхэд МАХН-аас Шадар сайд тавих ч гэдэг юм уу. Ингэснээрээ харилцан хамтарч ажиллах нөхцөл бололцоогоо бүрдүүлдэг. Ийм л бүтэц. Энэ Засгийн газар бол эвслийн Засгийн газар биш. Гэтэл үргэлжлүүлээд дэд сайд ажиллуулна гэж байгаа бол шаардлагатай л юм байлгүй дээ.

-Тагнасан чагнасан асуудлыг мухарлаасай гэж та хэллээ. Гэтэл Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцээд таг чиг болсон. Нууцлах асуудал мөн үү. Олон нийтийн хувьд хэн нь, хэнийгээ тагнаж, чагначихсан юм бэ гэдгийг мэдэхийг хүсэж байгаа?

-Энэ асуудлын гол цөмд нь байгаа хүн Засгийн газрын тэргүүн болсон. Өөрөө асуудлын гогцоог тайлаасай. Үнэн мөнийг тогтооход жинтэй нэмэр оруулаасай. Үнэн мөнийг тогтооход дээр, дороос ямар нэг дарамт шахалтгүй байгаасай гэж бодсоны үүднээс түүнийг бид Ерөнхий сайд болохыг дэмжсэн.
 

-Авлигатай тэмцэх газар “У.Хүрэлсүх өөрөө тагнаж чагнах ажлыг зохион байгуулсан” гэсэн мэдээллийг олон нийтэд цацсан?

-Авлигатай тэмцэх газар чинь өөрөө зарим хэргийг сүйд болгоод зарладаг атлаа зарим хэргийг хав дардаг. Яг үнэндээ Авлигатай тэмцэх газар авлигатайгаа, авлигачидтайгаа тэмцэж чадаж байна уу, улс төрийн захиалгаар, улс төрийн зорилгоор хандаад байна уу, хуулийн хүрээнд хандаад байна уу гэдгийг шалгаж тогтоох цаг болсон шүү.

-Ерөнхий сайд бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ардчилсан намын бодлого “Алагчлалгүй бүх хүүхдэд мөнгө олгох ёстой” гэж үздэг. Шаардлага тавих уу?

Бид шаардлагаа тавина. Хүүхдийн мөнгө олгох боломж бүрэн байгаа. Төсвийн тодотголд Ж.Эрдэнэбатын танхим 807 тэрбум төгрөгийн концессын эрхийг сайд нарт өгсөн. Дээр нь 400 гаруй тэрбумыг сайд нарынхаа багцад нэмсэн. Тэрнийхээ оронд удирдлагын төвшин дэх хэрэглээгээ багасгаад, дэд сайд нарын орон тоог цомхотговол хүүхдийн мөнгө өгөх эх үүсвэр босоод л ирнэ.

Сэтгэл, хүсэл байхгүй бол аливаа юм явдаггүй. Ардчилсан намын автортой асуудал гэж ойлгоод байх шиг байгаа юм. Үгүй шүү дээ.

Монголын нэг сая гаруй хүүхдийн хувь заяа бол аль нэг улс төрийн намаас үл хамаарах ёстой.

Хүүхэд бол улс орны эрх ашиг. Ирээдүй болсон хүүхдүүдээсээ таван цаас харамлаж байгаа нь өөрөө зохимжтой биш. Тартагтаа тулчихсан бол хаслаа гэж ойлгож болох. Гэтэл эдийн засгийн гадаад орчин маш таатай байгаа. МАН-ыг Засаг барих үед эдийн засгийн гадаад орчин маш таатай таардаг. Ардчилсан намыг Засаг авахаар эдийн засгийн гадаад орчин унадаг. Өнгөрсөн дөрвөн жилд бүх юмны үнэ уначихсан байсан. Нэг тонн нүүрс 20 ам.доллар болж унасан. Одоо тэгтэл 1 тонн нүүрс коксжих нүүрс 100 гаруй ам.доллар. Олон улсын зах зээл дээр 200 ам.доллар хүрч байна. Зөв ажиллах юм бол асар их боломжууд байна.

-Шинэ Засгийн газрын нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого юу байгаасай гэж та зөвлөх вэ?

-Монгол Улс өөрийнхөө үүцэнд эзэн болмоор байна, эзэн болох цаг нь ирсэн. Айлаар бол хэн дуртай нь гаднаас орж ирээд авдрыг нь уудлаад үнэтэй цайтайг нь аваад гарч байхад гэрийн эзэн дуугүй хараад сууж байгаатай адил боллоо. Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, тэр бүү хэл “Эрдэнэт” үйлдвэрээ ч хянаж чадахгүй байна. Худлаа үнэн нь мэдэгдэхгүй яриа явдаг. Монголын гаалиар “Эрдэнэт”-ийн 10 вагон зэсийн баяжмал гарлаа гээд бичигдсэн байтал Хятадын гааль дээр 20 вагон гарлаа гэж бичигдсэн гээд л… Ямар учир шалтгаан байна. Тодорхой хувь хэмжээг тодорхой хүмүүст өгдөг гээд яригддаг.

Оюутолгойгоос хэчнээн тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд гаргаж байгаа юм. Алт, мөнгө зэс гээд үнэт металлууд хэчнээн хэмжээгээр гарч байгаа юм. Хэдэн төгрөгөөр борлуулагдаж, хэдийгээ Монголд тайлагнаж, хэдэн төгрөгийн татвар ногдуулж байгаа юм гэдгийг нарийн тооцдог болох хэрэгтэй. Шалгах юм бол “но”-той юм их гарна шүү.

Оюутолгой төслөөс хэдхэн гэр бүл, гадныхан хагартлаа баяжиж байна. Төсөвт хэдэн төгрөг оруулчихаад, байхгүй юм оруулчихсан юм шиг ярьцгааж байна.

Монголд төлж байгаа татварын орлого нь олж байгаа ашгийнх нь өчүүхэн хувь.

Бодоод үз дээ, Оюутолгойн бүсэд монгол хүн нэвтрэх эрхгүй. Юун энгийн иргэн байтугай, УИХ-ын гишүүн ч нэвтэрдэггүй. Чанга дэглэмтэй. Өөрийнхөө үүцийг ухуулж байж, өрөнд ороод яваад байх юм уу. Тийм учраас ядаж стратегийн ордууд дээр тавих хяналтаа чангатгаж, авах ёстой татвараа авдаг болох ёстой. Би гадаадынхныг, хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуул гэж хэлээгүй шүү. Одоо л хяналт тавьж, хууль дүрмээ мөрдүүлэхгүй бол цаг алдана. Сошиалд өөрсдийн бичээч нартай. Уул уурхайн асуудлаар шударга шаардлага тавьсан хүн рүү дайрдаг. Янз бүрээр нь хэлдэг. Манай зарим нэртэй нийтлэлч хүртэл хамгаалж байна шүү. Үхэн хатан хамгаалдаг. Би бодит үнэнийг хэлнэ, цаашдаа ч хэлнэ. Энэний төлөө тэмцэнэ. Аль ч нам Засгийн эрх барьж байсан стратегийн орд дээр дээд зэргийн хяналт тавих ёстой. Хяналтыг 100 хувь тавьж чаддаг эдийн засгийн эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө явна. Олон улсын валютын сангийн өмнө Засгийн газар хадаг барьж, сөхөрч суух цаг нь биш. Янз бүрийн тулгалтыг хүлээж авч болохгүй. Монгол өөрийнхөө үүцэнд эзэн болоод хянаж чадах юм бол Монголд юу л байна, мөнгө л байна.

-Багш нар цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байна. Эдийн засгийн боломж бий юу?

-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж ярьдаг. Багш, эмч нарын цалин бага уу гэвэл бага. Сөрөг хүчний намын даргын хувьд “Цалинг нь нэмэх боломж байгаа, нэм” гээд улс төр хийгээд яваад байж болно л доо. Гэхдээ бодит үнэнийг бодитоор нь гаргаж тавих ёстой.

Яг өнөөдөр нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй үед Засгийн газарт цалинг огцом нэмэх чадал байхгүй. Нэмэх ёстой юу гэвэл нэмэх ёстой. Нэмэхдээ тодорхой үе шаттайгаар нэмж, багш, эмч нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой. МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт ч энэ асуудал байгаа. Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ. Цалингийн доод хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинг хангах хэмжээнд хүргэнэ гээд амлалтаа өгчихсөн. Багш, эмч нарын цалин нэмэх шаардлагыг дэмжиж байгаа, гэхдээ хязгааргүй огцом нэмэх боломжгүй.

Багш, эмч нарын хувьд боломжит хувилбарыг гаргаж, Засгийн газартай хэлэлцээрт орох ёстой. Хэдий хугацаанд, ямар үе шаттайгаар цалинг нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгийг хоёр талаасаа суугаад ойлголцох нь илүү үр дүнд хүрнэ л гэж бодож байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж