Хоёр нас дөрвөн сартай бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэвэл уншигч та итгэх үү? Хүн итгэмгүй, жигшмээр муухай үйлдэл Монгол Улсад гарчээ.
Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, “Гүүд Нэйборс” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний судалгааг 2016 онд хийжээ. Долоон дүүрэг, найман аймгийн нийт 4264 хүүхэд хамрагдсан судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.7 хувь буюу найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөгөө хэлжээ.
Хүүхдийг хүчирхийлэгч ихэвчлэн ураг төрлийнхөн нь байдгийг мэргэжилтнүүд ярьдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 57.1 хувь нь ураг төрөл, хамаатан садандаа хүчирхийлүүлсэн гэдгээ нуугаагүй аж. Харин хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 60 хувь нь хохирогчийн гэрт, 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 11.4 хувь нь айлд, 2.8 хувь нь машинд үйлдсэн болохыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж буй.
Улсын Ерөнхий прокурорын газраас ХЭҮК-д ирүүлсэн тайланд 2015-2016 онд улсын хэмжээнд 17 нас хүртэлх 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртснийг онцолсон байв. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлддэг. Харамсалтай нь, эдгээр тоонууд хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо. Үүнээс цаана хэчнээн хүүхэд бэлгийн дарамтад өртөж, бие сэтгэлээрээ хохирч буйг тоолж, тодорхойлсон нарийвчилсан судалгаа Монголд алга.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртдөг. Тэдгээрийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна гэжээ. Дэлхий нийтийг цочроосон бэлгийн хүчирхийлэл Монгол Улсад ч жилээс жилд нэмэгдэж байгаад ХЭҮК-ынхон санаа зовниж суугаагаа ярьж байна.
Баримт дурьдвал,
Бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулжээ. Гэтэл тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлсэн байсныг хэзээ хойно олж мэджээ.Охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч энэ тухай мэдээгүй, хөөрхий охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Бэлгийн хүчирхийлэгч нь нөхрийнх нь дагавар хүү байсныг мэдсэн ээж нь тэр даруйдаа цагдаад мэдэгдсэн байдаг. Харамсалтай нь, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд эцэг нь охины ээж рүү дайрч, ална, сална айлгаж, сүрдүүлж байгаад ‘гомдолгүй’ гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Охины ээж нөхрөөсөө салбал амьдарч чадахгүй гэдэг шалтгаанаар хэргийг хааж өгөхийг цагдаагаас хүссэн байна.
36 настай нэгэн эрэгтэй, 13 настай өөрийн төрсөн дүүгээ байнгын бэлгийн дарамталд оруулсныг хуулийнхан тогтоожээ. Тэрбээр дүүгээ гэртээ ганцаараа үеийг ашиглаж эсвэл хөдөө хээр аваачиж хүчирхийлдэг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Ингээд шүүх хэргийг хянан хэлэлцээд, хүчирхийлэгчийг чанга дэглэмтэй хорих ангид таван жил хорих ял оноосон байна.
2012 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан талаар иргэн Н нэг жилийн өмнө ХЭҮК-т ханджээ. Тэрбээр уг гэмт хэргийг гурван шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд үнэн бодитойгоор шийдвэрлээгүй, хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлүүлэх шийдвэр гаргаагүй гэсэн гомдол тавьсан байна. Хэргийн хохирогч дөрвөн хүүхдийн гуравт нь 10 сая төгрөг, харин түүний хүү А-д таван сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй аж. Хүчирхийлэлд өртсөн гэх хүүгийн эцэг ХЭҮК-т хандсан гомдолдоо “Хүү маань ирээдүйгээ гэсэн итгэл үнэмшил, нэр хүнд, үнэт зүйлсээ алдаж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирч, байнгын стресс, цочрол, айдастай байж, сэтгэцийн эмгэгтэй болсон. Манай гэр бүлийн бусад гишүүд ч бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эдийн засгаараа давхар хохирсоор байна. Тийм учраас төр үүргээ ухамсарлаж, хохирсон хүүхдэд сэтгэл зүйн тусламжийг цогцоор нь үзүүлэх, нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх шинэ хандлагыг төлөвшүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна’ гэжээ.
ХДХВ-ЫН ХАЛДВАРААР 15 НАСТАЙ ХОЁР ХҮҮХЭД ӨВЧИЛЖЭЭ
Хүүхдүүд нь бэлгийн хүчирхийлэлд өртөх, байнгын бэлгийн дарамтад орох, өвсөр насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс онцоллоо. Тухайлбал 2017 оны нэгдүгээр сардр бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 226 тохиолдлын 12 нь 15-19 насныхан байна. Үүнээс 15 настай хоёр хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ.
Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд 20 хүртэлх насны 18 мянга 168 эмэгтэй үр хөндүүлсэн гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас ХЭҮК-т ирүүлжээ. Хүүхдүүд бэлгийн замын халдвар авч, насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх болсон нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох явдал муу байгаатай холбоотой гэж ХЭҮК дүгнэсэн байна.