Энэ ертөнцийн хамгийн гайхамшигтай түүхүүд эзэнгүй арал, төөрч будилсан урт холын аянд бүтдэг юм шиг санагддаг. Агуу Хомерын “Одиссей”, Даниэл Дифогийн “Робинзон Крузо”, Жонатон Свифтийн “Гулливерийн аялал” гээд хүүхэд насны минь хүсэл мөрөөдөлд амьдарч асан дүрүүдийг мөнхөлсөн “шидэт үлгэр”-үүд цөм урт холын адал явдалт аянаас эхэлдэг.
Канадын зохиолч Янн Мартелын “Пигийн амьдрал” роман мөн л зовлон зүдгүүртэй, хүнд аяллын талаар танд хүүрнэнэ. Сөрж гарахаас өөр нөхцөлгүй энэхүү адал аяллын турш уншигч 270 гаруй хоног Пи хүү болон Бенгалын бартай хамт нэг завин дээр өлсөж ундаасан, зовж шаналж, айн ширвээдэж явахдаа хүний амьдралын талаарх олон зүйлийг эргэцүүлэх шаардлагатай тулгарна.
Дэлхий дахинаа дөчин хэлэнд орчуулагдаж, 10 сая хувь борлогдсон ‘Пигийн амьдрал’ романы талаар та сонсож байсан нь лавтай. Үгүй дээ л, энэхүү зохиолоор Хятадын нэрт найруулагч Ан Лигийн бүтээсэн “Пигийн амьдрал” киног үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл орчин үеийн утга зохиолын төлөөлөл болсон гайхалтай бүтээлийг эх хэлнээ албан ёсны эрхийн дагуу “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй байна.
Амьдралыг далай хэмээн сэтгэвээс бид их усны аясаар хөвж яваа бяцхан завьтай аялагчид юм. Дарвуулаа босгож, сэлүүрээ агсаж бие сэтгэлийг хатамжлан бэлдлээ ч далайн шуурга дэгдэж, хүчит давалгаа эрчилвээс мяндсан утсаар нэхсэн дарвуул босгож, мянган гараар зэрэг сэлүүрдээд ч усны хүслээр болох буюу. Хувь тавилан, жам ёсны өмнө бид үргэлж ийм золгүй, толгой бөхгөр, харц дорд орших ёстой юм гэж үү?
Хүн төрөлхтний мөнхийн шаналлын эх болсон энэ асуултад дэлхийн шинэ үеийн утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг Янн Мартел дээрх зохиолоороо өөрийн зүгээс хариулт өгсөн нь энэ. Түүний эл ном дэлхийн олон сая уншигчдад амьдрах итгэл, хувь тавилангийн өөдөөс сөрөн зогсох их хүч хайрласан гэдэг. “Пигийн амьдрал” бол бодит түүхийг уран сайхнаар сүлж, цэцэн ухааныг егөө наргианаар сүлжиж, инээд нулимсны давс хужрыг тааруулан, эмгэнэл, аз эзийн ир мохоог ташлуулан бүтээсэн сайн инжааны шилдэг бүтээл. Зохиолын турш өрнөх сэтгэл хөвсөлзүүлсэн адал явдал, амьтан, бурхан шашны талаарх танин мэдэхүйн тайлбар дунд уншигч зохиолчийн хаа нэгтээ урласан нягт нарийн ширээсийг олж харах гэж чамгүй хичээх хэрэгтэй болно. Тиймээс ч уншигчдын ихэнх нь “Пигийн амьдрал”-ыг адал явдалт романд хамааруулж үзэх хандлагатай байдаг.
Зохиол эхлэхэд өгүүлэгч хүүхэд насныхаа дурсамжийг нэхэн өгүүлнэ. Пондичерри хэмээх жижигхэн хот дахь амьтны хүрээлэн, амьтдын ааш аяг, хүний оролцоотойгоор эвдэж боломгүй байгалийн хуулийн талаар хүүрнэнэ. Хоёр дахь хэсэгт шашны итгэл үнэмшил, шашин бүрийн итгэл бишрэлийн нууц гээд хүний оршихуйн хамгийн чухал асуултуудад нэгт хариулт өгөхөөр хайж эхэлдэг. Харин гуравдугаар хэсэг хөлөг онгоц нь сүйрч, Бенгалын бартай хамт завин дээр хаягдсан Пи хүүгийн эргэцүүлэмж байдлаар бичигджээ. Үнэн хэрэгтээ энэхүү романыг адал явдал гэсэн эл дол үгээр хучаад орхивол дэндүү хөнгөн хуумгай хэрэг болно. Учир нь, Янн Мартел гол дүрийнхээ сэтгэл зовнил, баяр хөөр, шаналан гуниг, өлсөж ундаасалд хүртэл ханьсаж, Пигийн дуу хоолойгоор дамжуулан философиддог.
Тухайлбал, захгүй их далайд хоёр зуу гаруй хоног аялахдаа Пи “Зарим хүмүүс санаа алдах төдийхнөөр амьдралд бууж өгдөг. Зарим нь сөрж тэмцдэг боловч төдөлгүй буугаад өгчихдөг. Харин үлдсэн хэсэг (над мэтийн улс) нь хэзээ ч бууж өгдөггүй. Тэд тэмцээд л, тэмцээд л, тэмцээд л байдаг. Хэчнээн их юм золиосолж, хэчнээн ихийг алдсан ч бууж өгөхгүй, бүр ялах найдваргүй байхад ч хүртэл тэмцсээр л байдаг. Эцсээ хүртэл тэмцэнэ. Эр зоригтойдоо биш, аливааг зөнгөөр нь орхиж чаддаггүй харам сэтгэлийн л илрэл. Угтаа бол амьдралаас хагацахгүй гэж мугуйдлан зүтгэж буй хэрэг шүү дээ” хэмээн амьдралын сорилтод бууж өгдөггүй гүжирмэг зангийн талаар эргэцүүлсэн нь бий. Энэ мэтийн зохиолын үйл явдлыг зангидан эргэцүүлсэн, уншигчийг үйл явдалд тулгуурлан амьдрал, хүний оршихуйн талаар эргэцүүлэхэд хүргэдэг нь эл романы хамгийн өвөрмөц чанар. Уран зохиолын зарим шүүмжлэгчийн үзэхээр романы философилог, эргэцүүлэлт чанар зохиолчийн философич мэргэжилтэй холбоотой ажээ.
Испани-Канадын зохиолч Янн Мартел бол орчин үеийн уран зохиолын гол өнгө, нутаг нэгт Маргерет Этвүүд, Элис Мүнро нарынхаа хойч үе, өнөө цагийн содон зохиолчдын нэг. Дипломат албанд ажилладаг эцэг эхээ даган олон оронд амьдарсан Янн Мартел 27 нас хүрч, зохиолч болохоор шийдэх хүртлээ зогсоолын зохицуулагч, модны үйлдвэрийн ажилчин, аяга таваг угаагч, Франц дахь Канадын элчин сайдын яаманд хамгаалагч хүртэл хийж, Иран, Турк, Энэтхэгээр аялаад амжжээ.
Канадад хоёр ч романаа хэвлүүлээд бүтэлгүйтсэнийхээ дараа Энэтхэг рүү аялж, бөглүү тосгонд дараагийнхаа номыг бичихээр шийдээд мөн л амжилт олсонгүй. Тэрхүү гутруухан төгсгөлийн дараа Янн Энэтхэгийн өмнөд хэсэг Тамилнадын эрэг дээрх Пондичерри хэмээх жижигхэн хот руу явж, тэнд “Пигийн амьдрал” романыхаа үйл явдлын сэжүүрийг барьж авчээ. Хожим нь зохиолынхоо жинхэнэ бие баатартай уулзсанаар Янн Мартелыг уран зохиолд таниулсан “Пигийн амьдрал” роман бичигдсэн түүхтэй. Зохиолчийн хэлснээр “Угтаа уран зохиол гэдэг чинь урвуулж хөрвүүлсэн амьдралын түүх” юм бол энэ хамгийн гайхалтай түүхүүдийн нэг. Бодит байдалд зүй нь нийцэхгүй мэт адал явдал, аймшигт сүйрэл, сэтгэл чийглэх аврал хайр мөн хүн байгалийн харилцаа, шашин, ганцаардлын тухай философийн эргэцүүллээр шигтгэн мэтгэсэн зохиол билээ.
Холбоотой мэдээ