ОХУ ба Төв Азийн орнууд

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

ОХУ ба Төв Азийн орнууд

Монголын Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засаг, хүн амын бүхий л судалгааг хэвлэмэл бүтээгдэхүүнээр гаргадаг байсан бол цаашид iPad, iPhone-оос тэрхүү мэдээллийг үзэх боломжтой болж байна.

Геополитикийн хувьд Төв Азийн бүс нутгийн орнуудад Казакстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Туркменистан таван улс төв Азид багтдаг.

Зөвлөлтийн үед Казакстаныг хэдийгээр исламын бүс нутгийн орон ч энэ бүсэд хамааруулдаггүй, газар нутгийн ихэнх хэсэг нь Орос, Сибирийн нутагтай хиллэдгээр тайлбарладаг байсан юм. Төв Азийн орнууд 3,994,300 квадрат км газар нутаг эзэлдэг. Дэлхийн хүн амын хамгийн шигүү суурьшилтай бүсэд орно. Нийтдээ 80 гаруй сая хүн амтай ч 100 гаруй үндэстэн, ястан оршин суудаг. Хамгийн олонхийг узбекчүүд эзэлдэг.

1992 оны байдлаар Төв Азийн орнуудад 11 сая орчим орос үндэстэн амьдарч байв. Зөвлөлтийн задралын дараагаар Тажикистан, Узбекистан, Киргизээс олон сая орос нутаг руугаа буцан нүүжээ.

Төв Азийн орнуудын нийслэл нэн эртний түүхтэй боловч одоогийн Ашгабад, Ташкент, Душанбе, Аламата, Бишкек дэх олон үндэстэн, ястнуудыг  үзэл бодол адилхан, нэгдмэл зорилготой, нэгэн том гэр бүлд нэгдүүлж чадсан нь чухамдаа оросын большевикуудын “гавъяа” байсан байна.

Төв Азийн таван орон бүгдээрээ ОХУ-аас ихээхэн хамааралтай байсан, одоо ч тийм байгаа юм. “ЗХУ”-ын үед хөгжлийн үзүүлэлтээрээ Казакстан, Узбекистан хоёр нь 15 Бүгд найрамдах улс дотроо эхний 4, 5, дугаар байранд, Киргиз, Тажикистан, Туркменистан гурав нь сүүлийн байр (13, 14, 15 дугаар)-нд ордог байв. Иймд Төв Азийн орон тус бүрийн тухай ярихад заавал оросын нэр, түүний улс төр, эдийн нөлөөлөл холбогдоно.

Казакстан

Казакстан улс төв Азийн орнууд дотроо хамгийн том газар нутагтай, бусад дөрвөн орны газрыг нийлүүлснээс хоёр дахин том юм. Хойд нутгаараа модтой, тал газартай, өмнөд, баруун хэсэг нь хагас элс, элсэн цөл юм. Тус улс байгалийн арвин нөөцтэй. Дотоодын компаниуд нь нүүрс, нефть, байгалийн хий, өнгөт болон хар металл олборлож, улмаар боловсруулан бүтээгдэхүүн болгодог нь тус улсын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Тус улсад маш олон үндэстэн, ястан оршин амьдардаг ч үндсэн хэсэг нь ислам, христийн шашин шүтдэг ч нийтээрээ шашинлаг улс биш гэж Н.Назарбаев энэ хавар  мэдэгдэл хийсэн билээ.

В.Путин, Н.Назарбаев хоёрын Ерөнхийлөгчийн засаглалын үед Казакстан нь Оросын хувьд хамгийн тааламжтай орны нэг гэж үздэг. Казакстан нь ОХУ-д төдийгүй, олон улсын тулгамдсан асуудлаар улс төрийн яриа хэлэлцээ (Астана, Аламата хотод) явуулахад таатай нөхцөл бүрдүүлж чаддаг. Жишээлбэл, Сирийн асуудал ч юм уу, олон улсын улс төрийн “тоглоом”-ыг зохицуулахад Казакстаны удирдагчийн өөрийн хувийн чадвар ихээхэн нөлөөлөл үзүүлдэг.

Оросын хувьд Казакстан хэрэгтэй юу гэсэн асуултад, Казакстан нь бүс нутгийн эргэн тойрны аюулгүй байдлыг хангахад Москвагийн дэмжлэг авах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувьд ч, ЕвроАзийн эдийн засгийн холбоог барьж байхад ч чухал үүрэгтэй юм. ОХУ нь Казакстаны хувьд улс төр, эдийн засгийн нэгдүгээр түнш мөн гэж Н.Назарбаев нээлттэй зарласан. Орос, Казакстаны эдийн засгийн харилцаа нь сүүлийн үед багахан хэмжээнд “хазганах” болсон шалтгаан нь зарим жил хоёр улсын бараа эргэлт ихээхэн буурсан ч ТУХН-ийн орнууд дотроо бараа эргэлт Оросын дараа 2-т орж байна. Үүний шалтгааныг мэргэжилтнүүд нефтийн үнийн савалгаа, үндэсний валютын уналттай холбодог.

Киргиз

Тус улсад ойролцоогоор 80 гаруй үндэстэн, ястан амьдарч байна. Эртний нүүдэлчдийн удам киргизүүд нийт хүн амын 75 орчим хувийг эзэлж, орос, узбек, казах, дунган, уйгур, татар, солонгос, тажик, армян, азербайжан, украин зэрэг олон үндэстэн амьдардаг. Киргизийн нутагт XIX эхээр оросууд орж ирснээр Оросын нөлөө, амьдралын түр төрх, барилгын архитектур төдийгүй шашны нөлөөлөл ч ихээхэн бий болсон.  Бишкек хот 139  жилийн түүхтэй. Хүн амын 80 гаруй хувь нь мусульман шашинтан юм.

Киргизийн байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг нь Иссык Куль нуур бөгөөд уртаараа 180 км, өргөнөөрөө 70 км, нуурын дундаж гүн нь 300 м, хамгийн гүн нь 668 м, дэлхийд гүнээрээ тавд, хэмжээгээрээ уулын нуурууд дотроо хоёрт ордог. Киргизүүд энэ нуураа Тяншань уулын хөх сувд гэж нэрлэнэ. Киргизийн Засгийн газар 2004 онд Иссык Куль нуураа үндэсний бахархал гэж зарласан. Төв Азийн бусад орнуудаас төдийгүй ОХУ болон Кавказ, Европын орнуудаас жуулчид их ирдэг. 2016 оны мэдээгээр Киргизэд нэг сая гаруй жуулчид ирсний дийлэнх нь Иссык Куль нуурыг зорин ирсэн байна. Иймд  Киргизийн Иссык Куль аялал жуулчлалын онцгой бүс болоод байгаа юм.

Киргиз улс нь Төв Азийн орнууд дотроо Узбекистанаас бусадтай нь уламжлалт сайн харилцаатай явж ирсэн байна.

Киргиз, Узбекийн хооронд газар нутгийн маргаан олон жилийн турш үргэлжилж, хил дээр байнга зөрчил маргаан үүсгэдэг байсан нь Узбекистаны шинэ Ерөнхийлөгч Ш.Мирзёевын хөрш зэргэлдээ орнуудтайгаа аядуу зөөлөн бодлого баримтлах болсноос үүдэн энэ жил хоёр улсын Засгийн газар хилийн маргаантай асуудлаа нааштайгаар шийдэв.

Киргиз нь Казакстан улстай хамгийн ойр дотно харилцаатай хөрш улс юм. Улс төрийн сайн харилцаатайн дээр эдийн засгийн хувьд олон талын дэмжлэг авч, иргэд хоорондоо визгүй зорчдог. Киргизүүд маш олноор Орос, Казакстанд очиж, “хар ажил” хийж, ар гэр лүүгээ ихээхэн хэмжээний мөнгө илгээдэг.

Тажикистан

Тажикистан улс нь Төв Азийн орнууд дотроо перс хэлтэй орон бөгөөд соёл, уламжлалын нэн эртний түүхтэй юм. Байгалийн өвөрмөц тогтоцтой, цаг агаарын хатуу ширүүн уур амьсгалтай, Памир зэрэг өндөр уул нуруудтай, ЕвроАзийг холбосон зам тээврийн уулзвар газар юм. Хүн амын ихэнх хэсэг нь нутгийн хойт Душанбе, Худжан хот орчмын тэгш талд оршин суудаг.

Таджикистан нь Киргизийн адил ОХУ-ын хөдөлмөрийн зах зээлийн нилээд хэсгийг бүрдүүлдэг. Тажикистанд ажилгүйдэл их, олон зуун хүнд ажлын байр хомс учир, жил бүр нэг сая тажик иргэд Орост очин ажиллаж байна. Хоёр тал өнгөрсөн онд хамтын ажиллагааны олон хэлэлцээрт гарын үсэг зурсны дотор цагаачлалын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, албан бус мэдээллээр 200.0 мянган тажик иргэд нэмж Орост ажиллах, өмнө нь ажиллах хугацаандаа ямар нэгэн торгууль хүлээсэн иргэдийг өршөөх, улмаар оросын хилээр орж болох нөхцөл бүрдүүлж өгчээ. Орост ажиллагсад нутагтаа жилд хоёр тэрбум ам.доллар илгээдэг. Энэ нь тус улсын ДНБ-ий гуравны нэг хувь юм. ЗХУ-ын үед цөмийн судалгааны “Аргус” хоёр реактор ажиллуулж байсныг ОХУ-ын тусламжаар сэргээж, тус улсын цөмийн эрчим хүчийг энхийн үйлсэд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Тажикийн хувьд гэнэтийнх байлаа.

Зөвлөлтийн задралын дараагаар тус улс бүхэлдээ хүнд байдалд орж, реакторын тоног төхөөрөмж хадгалагдан үлдсэнийг оросын талаас сонирхож, хамтран ажиллах болсон нь Тажикт олз болсон юм.

Ерөнхийлөгч Э.Рахмон ОХУ бол манай орны стратегийн хамгийн гол түнш гээд В.Путиныг ихэд магтаж, цөмийн эрчим хүчийг ашиглахад найдаж байна гэжээ. Энэ нь зөвхөн Тажикистаны аюулгүй байдалд төдийгүй Оросын тал нутагт ч хамаарна.

В.Путин ч Тажикистаныг найдвартай холбоотон стратегийн түнш мөн гэж хүлээн зөвшөөрөв. Үүний нотолгоо нь ОХУ-ын төрийн дээд шагнал “Александр Невский”-н одонгоор Э.Рахмоныг, Гадаад хэргийн сайдыг нь “Найрамдал” одонгоор шагнасан явдал харуулна. В.Путин би Тажикийн удирдлага шагнал гардуулах гэж очоогүй. Хамгийн чухал нь Тажик, Афганы хилийн дагуух газар нутгийг сөрөг хүчний болзошгүй аюулаас хамгаалах асуудлыг хангахад тус улс дахь Оросын цэргийн баазыг ашиглах асуудал байсан юм. ОХУ-ын нөлөө болон ЕвроАзийн эдийн засгийн холбооны хүчийг ашиглах нь тус улсад ашигтай гэдгийг ухуулах зорилго ч агуулсан бололтой. Тажикистанд бас Оросын цэргийн бааз байсаар байна. Харин ЕвроАзийн эдийн засгийн холбоонд Тажикистаныг чирч оруулах асуудал үлдэв. Душанбе өөрийн армийн зэвсэглэлийг дахин шинэчлэхэд Оросын тусламжийг хүлээж буй юм.

Оросын тусламжгүйгээр Тажик ганцаараа Афганы талаас ирэх аюулыг сөрж чадахгүй тул энэ бааз хамгийн багаар тооцоход 2042 он хүртэл тэнд байрлах ёстой. Энэ баазыг байлгах нь ОХУ-д ч ашигтай юм. Гэвч ЕвроАзийн эдийн засгийн холбоо нь тус улсын эдийн засгийн байдал хамгийн эмгэнэлтэй байдалд хүрсэн, тус улсын зүгээс идэвхтэй үйл ажиллагаа харагдахгүй байгаад тажикаас зайлсхийх болов. Энэ байдал нь ОХУ өөрийн нөлөөллийг бэхжүүлэхэд ашигтай юм. ОХУ-аас Тажикистаны сургуулийн хүүхдийн хоолонд 6,6 сая ам.доллар, сургуулийн хүүхдийн хүнсний хангалтыг хийх фермерийн аж ахуйг дэмжихэд 1,5 сая ам.долларын тусламж үзүүлжээ. ОХУ-ын их дээд сургуульд суралцах тажик залуучуудад 600 квот гаргасан. Мөн түүнчлэн тус улсад дахь орос сургуулиудыг дэмжихээ илэрхийлэв.

Узбекистан

Узбекистан улс газар нутаг нь дорны үнэт сувд болсон Самарканд, Бухара, Хива, Ташкент, Коканд зэрэг дундад зууны үеийн архитектурын дурсгалт газар олон байдаг. Узбекистан 37 сая гаруй хүн амтай ч Төв Азийн бусад оронд багагүй узбекүүд оршин суудаг. 

Узбекистан улс өмнөх Ерөнхийлөгчийн үед туйлын мухардмал байдалд байсан. Шинэ Ерөнхийлөгч Ш.Мирзиёев улс төрийн бодлогын хувьд харьцангуй зөөлөн дундаж байр суурь баримталж, эхлээд Төв Азийн орнуудтайгаа сайн хөршийн холбоо тогтоох үүднээс Казакстан улсад дараа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Москвад, наймдугаар сард Киргизэд тус тус албан ёсны айлчлал хийв.

Киргиз, Узбек хоёр нь нам дор газраар хиллэдэг боловч, эртнээс хилийн маргаантай явж ирсэн. Тусгаар тогтнож хилийн загаа тогтооход хил дагуух малчин, тариачин өрхүүдийн газар хоёр талд хуваагдсанаас үүдэлтэй. Мал нь хил давдаг. Буцааж өгдөггүй. Малын хойноос хил алхсан иргэнийг хоёр талын хилчид шууд буудаж, хүний амь байнга эрсдэх болсноос хилийн маргаан олон жил хурцадмал байдалд байсан.

Туркменистан

Туркменистан улс эртний түүхийн дурсгалт газруудын нэг өвөрмөц архитектуртай, орчин үеийн хотын загварыг тусгаар улс болсныхоо дараа бий болгосон.

Тус улс нь “хагас хаагдмал” орны тоонд ордог. Төв Азийн бусад орнуудтайгаа хэвийн харилцаатай, ялангуяа худалдаа эдийн хувьд Ираны дамжлаг тээврийн бүс нутаг болдог. Москватай нааштай хандлагууд байгаа бөгөөд аюулгүй байдлын салбарт, Туркмений байгалийн хийг экспортлох зэргээр Ашгабад Төв Азийн улсуудын харилцааны зураг, зарим жижиг хэрэгслүүдийг нийлүүлэхэд ОХУ-тай хамтран ажиллаж байна. Энэ бүс нутаг төдийгүй Ойрхи дорнодын байдал Афганистанаас шалтгаалан байнга өөрчлөгдөж байгаад Ашгабад өөрөө Москвагаас тусламж хүсэхээс аргагүй байдалд хүрэв.

Дэлхий банк, ОУВС-аас 185 улсыг хамруулсан судалгаа хийж, улс бүрийг хүн амд ногдох ДНБ, худалдан авах чадварыг нь харьцуулан гаргажээ. Дээрх судалгаагаар Киргиз 148, Тажикистан 157, хүн амд ноогдох ДНБ тус хоёр улсад 3467 ба 2982 ам.доллар байна. Казакстан 54, Туркменистан 73, Узбекистан 127 дугаар байранд оржээ. Энэ дашрамд дурдахад ОХУ 52-т, ДНБ 26109 ам.доллар байгаа нь Төв Азийн орнууд дотроос Казакстан илүү байгааг харж болно.

 Энэ хаврын Төв Азийн гурван оронд хийсэн Путины айлчлал барууны орнуудад дохио өгөв. Орос энэ бүс нутгийн аюулгүй байдалд санаа зовж, бүгдийг “шүүрч авлаа”, иймд Москватай зөвшилцөхгүйгээр урагшаа алхахгүй нь гэдгийг ойлгов бололтой. Өөрөөр барууны орныхон дээрх дохионд ямар хариулт өгөх вэ. Төв Азид АНУ-ын шинэ Засаг захиргаа ямар сонирхол илэрхийлэх вэ гэдгээс шалтгаална. Гэвч энэ бүсэд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн “гар” хараахан хүрээгүй байгаа юм.

Төв Азид орос өөрийн нөлөөгөө бэхжүүлж байгаа нь Путины хувьд олон улсын харилцаа, аюулгүй байдлыг зохицуулах явцыг гүйцэтгэсэн гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.       

Энэ бүсийн эргэн тойрны аюулгүй байдлыг хангах нь Төв Азийн орнуудын эрх ашигт төдийгүй, хөрш зэргэлдээ бусад орнуудад ч хамааралтай. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины энэ оны хоёрдугаар сарын дундуур Төв Азийн гурван улс, Казакстан, Тажикистан, Кыргызстанд хийсэн богино хугацааны ажлын айлчлал нь ОХУ-ын хувьд өөрийн ашиг сонирхлыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, улмаар Төв Азийн улсуудад хөрөнгө оруулахад гар татахгүй байгаа юм.

Г.Сумъяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж