Цагаантны дарга улаантны талын Михайл өвөөг “Тэр завьтай хүмүүс наашаа гараад ир!” гэхэд хариуд нь “Энэ улсыг гол гаргачхаад буцаад гараад ирье ээ!” гэв. Яг үнэндээ Михайл гуай буцаж ирэхгүй, хуурч байгаа юм. Үүнийг мэдсэн цагаантны дарга хөөрхий өвөөг буудаж, бурхан болгодог билээ. 1966 онд Удвал, Дожоодорж нар “Үер” хэмээх энэ киног зохиож байхдаа Михайлаар хэлүүлсэн “гол гаргах” гэдэг энэ үг монголчуудын дунд хуурахыг хэлдэг нэгэн өвөрмөц хэллэг болж, хэдэн арван жилийг өнгөрөөнө гэж лав мэдээгүй. Бид энэ мэтээр этгээд үг хэллэг гэх нэгэн төрлийг үүсгэдэг. Ийм үг хэллэгийн зарим нэг жишээг дурдъя.
Архи гэхэд л бүрээ, гарий, гожин, гозгор, торгон дээлт, хоргой дээлт, хаан, хар ус, цагаан долгор, шилэн бүрээ, шилтэй цэнхэр, юм, шовгор гээд цаг үе, нийгэм төрийн байдлаас хамаарсан элдвийн этгээд нэртэй. Цаашлаад том бага, сул чанга, хэн хаанаас авчирч, хаана “учрыг нь олж”, ямар хэрэг явдал болсноороо үгийн сан нь улам арвижна. Жишээлбэл, 330 граммын бүрээг Багабандийн бүрээ гэдэг байжээ. Олон Багабандийн бүрээ үлээвэл жингүйдэж нэг мэдэхэд хадмынд оччихсон буюу гүнгэрваанд сууж байж мэднэ. Өөрөөр хэлбэл эрүүлжүүлэхэд өглөөг угтана гэсэн үг. Мэдээж гүнгэрваанд гүрвэл болж байхад аналгин, амь тариа гээд этгээд сонин олон нэртэй шар тайлах юм шиг хэрэгтэй юм байхгүй. Яаж ийж байгаад гүнгэрваанаасаа гараад гэртээ очход аав ээж, ах эгч, эхнэр нь бөбөөчин, гөрөөчин, лапаатаг, согтуу толгой гээд элдвийн нэр хоч өгнө дөө
Нийлж цугласан залуусын хэн нэг нь найз нараа дайлж “шил архи гаргадаг.” Энэ гурван үгийн товчлолоос “шаг” гэдэг этгээд сонин үг үүссэн. Картын барааны үед оногдсон ганц гожгор дээрээ хэд гурван төгрөг нэмээд зарахыг шаглах гэж байсан бол өнөөдөр илүү үнээр зарж байгаа бүх юмыг “шагийн үнэ”-ээр өгөх, авах гэж ярьдаг болжээ.
Хэр чадалгүй ч доороо хэдэн хүнд томроод сууж байгаа “будааны хүүхдүүд” дээр албан тушаалаас нь буулгаж, тэнгэр харуулж, намнах десант байнга л буудаг. Гэнэт ер бусаар дарга болж “хаданд гарсан” ширээ сандлын өвчтөнүүд ингэж десантын халдлагад өртөн шүхэрдэж, албан тушаалаасаа бууж, лааз өшиглөнө.
Энэ мэтээр шалгалт шүүлгийн үеэр олон багшид ганцаараа асуугдахыг араатны дунд ганцаараа, бүтэлгүйтэхийг Зэлтэрийн гацаанд байх, Их Хурлын гишүүн бусдын өмнөөс кноп дарахыг төгөлдөр хуур тоглох, гэрээс пин хүртэл өшиглөн хөөхийг амбаардах гэсэн этгээд үйл үгийн энгийн жишээ олон.
Этгээд үг сонсоход содон, ярилцахад наргиатай нь ч үнэн л дээ. Гэвч талаас багагүй хувь нь доромж утгатай байхын зэрэгцээ монгол хэлний хэлзүйг гажсан, үгийн утга, найруулгыг алдуулсан байдаг.
Аагтай цай алжаал тайлдаг
Аятай үг сэтгэл татдаг
“Егөөтэй 99 тайлбар” номын “Гагарин мэдвэл уурлана даа!” өгүүллийн хэсгээс