“Эгшиглэнт чимээ” дэлхийд гарсан уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

“Эгшиглэнт чимээ” дэлхийд гарсан уу?

“Эгшиглэнт чимээ” дэлхийд гарсан уу?

“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагч, 100 сая төгрөгийн эзэд “Эгшиглэнт чимээ” хамтлаг.  Авьяаслаг багшийн адтай шавь нар мод, чулуу, төмөр, шил, барилгын материалаар ‘хөгжимдөн’ Монголын үзэгчдийг байлдан дагуулж байснаас хойш хоёр жил өнгөрчээ. Байгаль өөрөө хөгжимчин. Түүний ая эгшгийг бидэнд ‘дамжуулан’ хүргэсэн өхөөрдөм бяцхан жаалууд өдийд хаана юу хийж яваа бол. Хамтдаа хөгжимдсөөр яваа болов уу. Аль эсвэл даль жигүүрээ дэлгэн нисээ болов уу. Ингээд хамтлагийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жамъяанхорол гуайтай утсаар холбогдлоо.


-Та сайхан намаржиж байна уу. Би ‘News’ агентлагаас ярьж байна. Танай хамтлагийнхан сайн уу, та багшийнхаа ажлыг хийж байгаа юу?

-Сайн. Сайхан намаржиж байна. Би Дархан хотдоо багшийнхаа ажлыг хийж байгаа. Одоо сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт эхлэхээр гавьяаныхаа амралтыг авна даа. 

-“Эгшиглэнт чимээ” хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу. Одоо хэчнээн хүүхэдтэй ажиллаж байна вэ?

-Манай хамтлаг одоо  45-уулаа болсон. “Авьяаслаг монголчууд” шоунд 35 хүүхдийн бүрэлдэхүүнтэй анх орсон. Жил ирэх тусам л хамтлаг маань улам өргөжсөөр байна. 

-Хамтлагийнхаа уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач. Та хэд дэлхийд хөл тавив уу?

-Хамтлагийнхан маань одоогоор ганц нэг шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Монголын томоохон хөгжмийн зохиолчид болох Н.Жанцанноров, Б.Шарав нарын сор уран бүтээлээс олон түмэнд хүргэх зорилготой байгаа. Бид шоуны дараагаар олон газар очиж, тоглолт хийсэн. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Эгшиглэнт чимээ” хамтлаг анхны бие даасан тоглолтоо “UB palace”-ын концертын их танхимд хийсэн шүү дээ.

-“Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан том болсон байх. Хамгийн бага нь хэддүгээр ангид сурч байгаа бол?

-Хүүхдүүд маань том болсон. Хамтлагийн хамгийн бага гишүүн нь гуравдугаар ангид сурч байна. Хамгийн том нь есдүгээр ангид суралцдаг. Өмнө нь манай хамтлагаас төрөн гарсан 10 гаруй хөгжимчин, дуу хөгжмийн багш мэргэжилтэй залуус бий. “Авьяаслаг монголчууд” шоуны дараа олон эцэг, эх манай хамтлагт хүүхдээ оруулахаар дагуулж ирсэн. 

-Таныг 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж урласан гэж дуулсан. Сүүлд шинээр хөгжим хийв үү?

-Би “Авьяаслаг монголчууд” шоунаас хойш 50 төрлийн 700 орчим хөгтэй болсон шүү дээ. Шинээр олон хөгжим хийсэн. 

-Шоунаас хожсон 100 сая төгрөгөө хэрхэн зарцуулав. Тухайн үедээ хамтлагийн хүүхдүүдэд хадгаламж нээлгэсэн гэж байсан? 

-Хүмүүс дандаа мөнгө, төгрөг асуух юм.  Миний хувьд хамтлагийнхаа хүүхдүүдийг 18 нас хүрэхэд 50, 50 сая төгрөгтэй болгохоор ‘Голомт’ банкинд хадгаламж нээсэн. Зарим эцэг, эхчүүд өдөртөө, сарын дараагаас амьдралын шаардлагаар авсан ч тохиолдол бий. Хүүхэд бүрийн амьдрал харилцан адилгүй шүү дээ. 

-Танд хувь хүн 60 сая төгрөг өгнө гэж хэвлэлээр шуугиж байсан. Тэр хүн 60 сая төгрөг өгсөн үү?

-Тэр худлаа мэдээлэл байсан. Монголын ард түмэн 60 сая төгрөг авсан гэж худлаа мэдээлэл бичиж, олон нийтэд тараасан. Тухайн үедээ миний нэрээр нэр төрөө өсгөөд л чимээгүй болсон. Тэр бол худлаа мэдээлэл шүү. Надад 60 сая төгрөг өгөөгүй.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж