Тээвэрчид өвлийн бэлтгэлээ базаажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Тээвэрчид өвлийн бэлтгэлээ базаажээ

Тээвэрчид өвлийн бэлтгэлээ базаажээ

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг “Сүхбаатарын талбай”-д амжилттай зохион байгуулагдлаа. 

Өдөрлөгийг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ-ын захирал н.Дашдорж үг хэлсэн бөгөөд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллага оролцож өвлийн бэлтгэл ажлаа танилцууллаа. 

Тус өдөрлөгийн үеэр: 

  • Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэх, зөвлөгөө өгөх
  • Техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө, зааварчилгаа өгөх
  • Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
  • Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн талаар мэдээ, мэдээлэл өгөх
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
  • Тээврийн хэрэгслийн даатгал хийх 
  • Тээврийн хэрэгслийн татварын үйл ажиллагаа явуулах, мэдээлэл өгөх
  • Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
  • Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
  • 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх
  • Хот хоорондын зорчигч тээвэрлэлтэд явдаг автобусыг танилцуулах зэрэг автотээвэртэй холбоотой үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.
  • Мөн тээвэрчид болон иргэдийн дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж азтан тодруулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. 

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  1. Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 22 аж ахуйн нэгж байгууллагын 372 тээврийн хэрэгслийг шалгалаа. Үүнээс 90%-аас дээш хувьтай 7, 90-80% -тай 14, 80-78% дүгнэгдсэн 1 аж ахуйн нэгж байгууллага байна. 
  2. Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 930 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна.
  3. “Хууль бус тээвэрлэлттэй тэмцье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран орон нутгийн пост, чиглэлүүдэд 24 цагийн шугам замын хяналт шалгалт явууллаа. Мөн Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн улсын хэмжээнд хийсэн шугам замын хяналт шалгалтаар 93465 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 4836 тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох арга хэмжээ авч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажилласан.

СТАТИСТИК МЭДЭЭ

Нэг. Техникийн хяналтын үзлэг

Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалтын хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд МУ-ын засгийн газраас тогтоогдсон хэрэгцээ, түүнд тавигдах шаардлага, техникийн зохицуулалтыг үндэслэн тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан тохирлын үнэлгээний тодорхой үйл ажиллагааг техникийн хяналтын үзлэгийн суурин болон явуулын 50 төвөөр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулж байна.

2017 оны 10-р дугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд нийт 480163 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд 250501, орон нутгийн хэмжээнд 229662 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийгээд байна.

Хоёр. Тээврийн хэрэгслийн бүртгэл: 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 69139 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ, улсын дугаар олгосноос нийслэлд 56453, орон нутагт 12686 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлээс 2,502 тээврийн хэрэгслийн хасалт хийж, 3,498 тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгосон байна.

Эх сурвалж: АТҮТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж