“Утаанаас салах ганц шийдэл нь суурьшлын шинэ бүс” гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

“Утаанаас салах ганц шийдэл нь суурьшлын шинэ бүс” гэв

“Утаанаас салах ганц шийдэл нь суурьшлын шинэ бүс” гэв

Засаг даргын Тамгын газар, Хууль сахиулахын  их сургуультай хамтран эрдэмтэн багш судлаачид, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор “Агаар  орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2017.10.12/ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын хурлын зааланд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Хууль сахиулахын их сургууль /ХСИС/-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид оролцож байгаа юм.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дуу хоолойг сонсох, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөв санхүүг, судалгааны байгууллагууд нэгтгэх,  нэгдсэн судалгааны баг бүрдэж шинжлэх ухааны болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хамтран  хэрэгжүүлэх, мөн  утааг бууруулахад хувь нэмрээ оруулахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршино хэмээн хурлын үеэр онцолсон юм.  Хэлэлцүүлэгт агаарын болон хөрс, усны  бохирдлын хүрээнд илтгэл тавигдсан.

“Энэхүү илтгэлүүдээс харахад  агаарын бохирдлын судалгаа хөрс уснаас илүү  сайн судлагдсан байна. Цаашид хөрс, усны  судалгааг нарийн хийж тэдгээрийн  хоорондын уялдаа холбоог нэгтгэсэн сайн судалгаатай гарын товхимолтой  болох хэрэгтэй”  гэж Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Х.Галымбек хэлж байв. Мөн Агаарын чанарын хяналтын хэлтсээс амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд  стандартын шаардлагад нийцсэн байгаль орчинд ээлтэй эко халаагуураар хангах, эсвэл агаар бага бохирдуулдаг сайжруулсан түлшээр хангах эрх байдаг бөгөөд тус эрхийн хүрээнд 1600 орчим айл өрхийг сайжруулсан түлшээр хангахаар болжээ.

Гамшиг судлалын төвийн дарга доктор хошууч Н.Батсайхан “Төрөөс утааг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг ч ямар ч үр дүнгүй байна. Утаанаас салах ганц шийдэл нь суурьшлын  шинэ  бүсийг бий болгох. Гэр хороололд 280 мянган өрх байна гэдэг нь 280 мянган яндан байна л  гэсэн үг шүү дээ. Тэдгээрийг шинэ суурьшлын  бүсэд шилжүүлж, чөлөөлөгдсөн газарт дэд бүтэц хөгжүүлэх хэрэгтэй” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт  техник технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, био түлш зэргийг оруулж ирдэг болон зохион бүтээсэн компаниудын үзэсгэлэн гарсан байв.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж