Нууц кодоо улирал тутамд солиорой

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Нууц кодоо улирал тутамд солиорой

Нийслэлд тоосжилт гамш­гийн хэмжээнд хүрсэн гэдгийг олон хүн хэлдэг.

Бусдын фэйсбүүкийг хакердан тэдний өмнөөс мөнгө зээлдэг залилангийн гэмт хэрэг өнгөрсөн наймдугаар сараас хойш гаарах болсныг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас  тодотгов. Тиймээс иргэд фэйсбүүк ашиглахдаа нууц кодоо төрсөн он сар өдөр, утасны дугаар зэрэг хайгаад олоход амархан дугаараар хийхгүй байх. Мөн аль нэг найзын чинь хаягаас мөнгө зээлэхийг хүсч, өөр нэрийн дансанд шилжүүлэхийг гуйсан зурвас ирвэл заавал тухайн хаягийн эзэнтэй утсаар холбогдон шалгаж байж мөнгө шилжүүлэхийг анхаарууллаа.

Сүүлийн нэг сарын хугацаанд 10 иргэний фэйсбүүкийг хакердаж, тэдний өмнөөс бусдаас их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд цагдаагийнхан хавтаст хэрэг нээж, дөрвөн этгээдийг саатуулан бусдыг нь эрэн сурвалжилж буй юм. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр төрсөн өдөр нь тохиосон иргэн Э-ийн фэйс хаягийг хакердан дөрвөн найзаас нь нийт 520 мянган төгрөгийг зээлж залилжээ.  Хэрэг ажлын цаг дуусах үеэр буюу баасан гаригийн 18.00 цагийн орчимд болсон юм. Гэмт этгээд “Иргэн Э-ийн өмнөөс өнөөдөр найзынх нь төрсөн өдөр. Баярлах гэсэн мөнгө дутаад байна, туслаарай” гэсэн зурвасыг оюутны ангийн найзууд руу нь явуулсан байжээ.  н.Уранбилэгийн нэр дээрх Хаан банкны дансанд мөнгөө шилжүүлэхийг хүссэн байв. Мөн нэг найзаас нь 80 мянган төгрөгийг аваад, иргэн Э-гийн өмнөөс түүнийг найзын жагсаалтаасаа хассан байжээ.

Фэйсбүүк хаягийг нь ашиглаж залилан хийсэн үйлдэл 30 минутын дотор болоод өнгөрснийг иргэн Э хэлэв. Тэрбээр тэр даруйдаа Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст хандан буруутай этгээдийг олж өгөхийг хүсчээ. Ингээд хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн ч, одоог хүртэл гэмт этгээдийг олоогүй, хохирогчийг дуудаж нэг удаа ч мэдүүлэг аваагүй аж. Мөн залилан хийсэн этгээдийн мөнгө шилжүүлж авсан н.Уранбилэг гэх нэртэй дансны тухай мэдээллийг авахыг хүсэхэд Хаан банкны зүгээс  “Хувийн хүний нууц. Хэрэв цагдаатай хамт ирвэл өгч болох журамтай” хэмээн тайлбарлаж, хүсэлтийг нь биелүүлэхээс татгалзжээ.

Өөр нэг баримтыг дурдвал, иргэн Б-гийн фэйсбүүкийг  мөн л хакердан найзууд руу нь ‘Хүүхдийн бие өвдөөд байна. Яаралтай эмнэлэг явах шаардлагатай байна. Уранбилэг гэх хаан банкны данс руу мөнгө шилжүүлэх боломж байна уу?” гэсэн зурвасыг хэд хэдэн хүн рүү явуулжээ. Энэ тухай хохирогчийн эгч “Яаралтай мөнгө хэрэгтэй байна, хамгийн ойрхон АТМ-ээсээ 700 мянган төгрөг шилжүүлээч.  Маргааш би банкныхаа мөнгийг төлөх ёстой гэхэд нь би  ‘Одоо 200 мянгыг нь, үлдсэн 500 мянгыг нь өглөө өгье’  гээд шилжүүлсэн.  Удалгүй над руу дүү видео дуудлага хийгээд би танаас ямар нэгэн мөнгө зээлье гээгүй, та залилуулсан байна  гэсэн. Тэгээд бид цагдаад гомдол гаргасан” хэмээн ярив.  

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн

 

Монгол Улс 870 мянган фэйсбүүк хэрэглэгчтэй. Тэдгээрээс 600 мянга нь долоо хоногт хоёроос доошгүй удаа фэйсбүүктээ нэвтрэн ордог идэвхтэй хүмүүс аж. Гэхдээ монголчууд фэйсбүүкийг зөв хэрэглэдэггүй. Өөрийнхөө хувийн мэдээлэл, өдөр тутамдаа хаагуур явж, юу хийдгээ нэг бүрчлэн тайлагнадаг. Энэ нь хакеруудын өгөөш болдог байна.

 Үүнээс гадна ямар тохиолдолд таны фэйсбүүк хаягийн нууц кодыг гэмт этгээдүүд амархан эвддэг вэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн онцолж байна. Түүний хэлснээр, иргэд өөрийнхөө утасны дугаар, төрсөн он, сараар нууц кодоо хийх нь хакеруудад кодоо шууд хэлсэнтэй адил. Мөн хакерууд энд дарж мэдээлэл авна уу гэсэн цонх буюу ‘хортой код’-ыг фэйсбүүкт түгээж, нэвтэрч орсон хүмүүсийн мэдээллийг нь хуулж авдаг байна. Тиймээс улирал тутам фэйсбүүкийнхээ нууц дугаарыг шинэчилж, элдэв нэмэлт цонх руу дарахгүй байх нь эрсдлээс хамгаалах арга гэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж