Гадаадын мэргэжилтнүүд монгол киноны тухай юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Гадаадын мэргэжилтнүүд монгол киноны тухай юу хэлэв?

Гишүүний бие, гэр, албан тасалгаа, машин зэрэг халдашгүй дархан эрхтэй гэдэг хуулийн заалт түүгээр зөрчигдсөн гэж гишүүн үзжээ.

“Улаанбаатар” олон улсын есдүгээр кино наадам энэ сарын 10-наас 15-ны өдрийн хооронд болж байгаа билээ. Уг наадмын хүрээнд олон улсын мэргэжилтнүүд кино бүтээх туршлага болон хамтран ажиллах боломжийн талаар өнөөдөр /2017.10.12/ Анкоре төвд  хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр олон улсын кино наадмын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдтэй цөөн хором ярилцлаа. Гадаадын киноны мэргэжилтнүүд монголын уламжлалт ахуйг харуулсан киноноос илүү дэлхий нийтэд тулгамдаж буй сэдвээр уран бүтээл хийвэл олон улсын кино наадмуудад өрсөлдөх боломжтой гэдгийг ч хэлж байсан юм.

“Пирамид интернэйшнл” агентлагийн маркетенгийн менежер Илариа Гомараска

Монголын уламжлалт амьдралыг харуулахаас гадна дэлхий нийтийн сэдэвтэй кино хийх нь чухал

-Энэ удаагийн  “Улаанбаатар” олон улсын кино наадамд олон улсын кино түгээлтийн компанийн төлөөллөөр оролцож байна. Манай “Пирамид интернэйшнл” компанийн хувьд олон улсад кино түгээхээс гадна кино наадмуудад танилцуулдаг. Миний илтгэлээс кино наадмуудад өөрийн бүтээлээ өгөх ямар боломж байна вэ, хэрхэн сонгогддог вэ, кино түгээлтийг хэрхэн хийдэг тухай ойлгож болно. 

Манай компанийн каталогит одоохондоо монгол кино бүтээл байхгүй. Би энэ удаагийн “Улаанбаатар” кино наадамд оролцож, олон кино болон телевизийн продюсеруудтай танилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр ирсэн. Ингэснээр монголын киног олон улсад гаргахаас гадна европын маш олон бүтээлийг монголд танилцуулах боломжтой юм. Монголын кино урлаг дэлхийд танигдаагүй учраас шинэлэг байна. Гэхдээ монголын уламжлалт нөхцөл байдлыг харуулахаас гадна дэлхий нийтийн нийгмийн сэдэвтэйгээ холбогдох нь маш чухал. 

Бусаны олон улсын хүүхэд, залуучуудын кино наадмын дарга Ким Сан Хва

“Чингисийн хүүхдүүд” киног наадамдаа урих бодолтой байна

-Солонгос улсын хүүхдүүд болон дэлхий даяар амьдарч буй хүүхдүүдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусад орны соёлтой танилцаад, хамтдаа уран бүтээл хийх боломжийг Бусаны олон улсын хүүхэд, залуучуудын кино наадам олгодог. Хүүхэд бүр эрх тэгш хөгжих эрхтэй. 

Би монголын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзсэн. Тэгээд монголын хүүхдүүд хэрхэн амьдарч, ямар ахуйд өсөж байгааг хараад маш их сэтгэл хөдөлсөн. Энэ киног өөрийнхөө кино наадамд урьж, эх орныхоо хойч үед танилцуулах хүсэлтэй байгаа. Өнгөрсөн жил монголоос хоёр охин ирж, хамтдаа кино хийж байсан. Монгол хүүхдүүдийн амьдралыг харуулсан киног наадамдаа үзүүлэх бодолтой байна. 

Каннын олон улсын кино наадмын найруулагчийн бүтээлийн хэсгийн захирал Энн Дэлсет

Каннын наадамд монгол киног оролцуулах боломжийг судлахаар ирсэн

-Би Монголд анх удаа ирж, “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож байна. Би киног хэрхэн шалгаруулдаг талаар туршлагаасаа хуваалцлаа. Мөн монголын уран бүтээлчдийн бүтээлийг үзээд ямар киног Каннын олон улсын наадамд оролцуулах боломж байна вэ гэдгийг судлахаар ирсэн. Маргаашаас эхлэн монгол кино хөтөлбөртэй танилцах учраас боломжийг хараахан хэлж мэдэхгүй байна. Өмнө нь би Фрибурын олон улсын кино наадамд ажилладаг байхдаа монголын “Шар нохойн орон” киног танилцуулж байсан. Өөр монголын кино үзэж байгаагүй.

А.Сүрэн 

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж