Төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллагуудын мэдээллийн технологийн ажилтнуудын практик ур чадварыг үнэлэх “Топсит” шалгалтыг энэ сарын 10-аас эхлэн зохион байгуулж эхэлжээ. Шалгалт өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж буй юм байна.
Төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуй нэгж нь мэргэжлийн шаардлага хангаагүй мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг, ашиглаж буй програм, тоног төхөөрөмжүүд нь нэгдсэн уялдаагүй байдаг зэрэг нь ажлын бүтээмжийг бууруулдаг байна. Иймээс энэ удаагийн шалгалт нь мэдээллийн технологийн ажилтнуудад суурь стандарт тогтоох, төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн мэдээлэл, технологийн үйл ажиллагаа харилцан уялдаатай, нэгдсэн стандарттай болоход суурь болж өгөхөөрөө ач холбогдолтой аж.
Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирлын тайлбарлаж буйгаар төрийн байгууллагуудын нэг шалгуур бол мэдээллийн технологи, инноваци, бүтээмж хэрэглээ байдаг аж. Өндөр хөгжилтэй орнууд мэдлэг, чадварыг нэг төвшинд өсгөж байхын тулд төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээрээ энэхүү шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Иймээс тус парк нь зөвхөн шалгалтаар хязгаарлахгүй олон улсад ашиглагддаг идэвхижүүлэлт, сургалтуудыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, үйлдвэрийн газруудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажээ.
Цаашид шалгалтыг Мэдээлэл, технологийн үндэсний паркаас жилд 2 удаа зохион байгуулах юм байна.
Г.ХОРОЛ