Хотоос өгсөн боломж: Оршин суугаа газрын ӨМЧЛӨЛ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Хотоос өгсөн боломж: Оршин суугаа газрын ӨМЧЛӨЛ

Монгол Улс 2014 оны долдугаар сарын 31-нээс тоон системд шилжих гэж буйтай холбогдуулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа электрон бараа имтпортлон борлуулагч компанийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа.

ГАЗАРТАЙ НИЙСЛЭЛЧҮҮД
 

Сонгогдсон цагаасаа хойш багагүй баалуулж байсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд газартай холбоотой маргаанд хэрхэн хандаж, асуудлыг яаж шийдэж буйг бодитоор харан  тоймлолоо.


Багачууд тоглох талбайгүй, аюулгүй алхах газаргүй болсон нь саяхан. Дөрвөн уулын дундаа багшралдах дуртай хотынхон эцэг хуульдаа заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ баллуурдан зай засвар болгондоо барилга барьсаар. Ялангуяа улсынх нь ирээдүй болсон хүүхдүүдээ үл ойшоож тэдний гэр, сургууль, цэцэрлэгийнх нь гаднах нийтийн эзэмшлийн буюу гүйж, наадах талбайг нь томчууд хууль бусаар булаадагт дасаад уджээ. Хууль бус энэ тогтолцоог халж, орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамж нэг жилийн өмнө гарсан билээ. Үүний дагуу өмнө нь хууль зөрчиж олгосон газар олголт, барилгын зөвшөөрлийг хүчингүй болгохоос гадна явган замуудыг тагласан хашаа бүрийг буулган зарим орон сууцны хорооллын орц, гарцыг нээсэн юм. Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэцэг зочид буудлын зүүн талд үйлчилгээний зориулалтаар 1000 мКв газрыг иргэн О-д хууль зөрчиж эзэмшүүлсэн байсныг илрүүлж, зөвшөөрлийг нь цуцалжээ. Учир нь тус газар нь 16 дугаар байрны ногоон байгууламж байсан юм.
  • Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо 24 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд хууль зөрчин барилгын сууриа тавьж эхэлсэн компанийн зөвшөөрлийг хүчингүй болгов. Учир нь, оршин суугчид эсэргүүцэж, барилгын ажлаа зогсоохыг төсөл хэрэгжүүлэгч компаниас удаа дараа шаардсан боловч барилгын ажил зогсолгүй, тоглоомын талбай, чийрэгжүүлэх хэрэгслүүдийг нураан, барилгын үндсэн суурийн ажлаа хийж гүйцэтгэсэн байжээ. Үүссэн нөхцөл байдалтай хотын дарга С.Батболд танилцаж, барилгын ажлыг зогсоож, эвдэж, сүйтгэсэн тоглоомын талбайг дахин сэргээхийг төсөл хэрэгжүүлсэн компанид даалгасан.
     

Мөн газар олгохыг хориглоод зогсохгүй нийтийн эзэмшлийн талбай бүрийг ногооруулж, хүүхдийн тоглох, хөгшчүүдийн нарлах талбайг тохижуулах, жолооч нарын машинаа тавих зогсоолыг нэмэх зорилт тавьжээ. Тухайн үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн удирдлагуудад иргэдийн зүгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол их ирдэг. Нэг өглөө босоход хорооллын дунд газар ухаад, бизнесийн зориулалттай барилга барьдаг, нэг өглөө сэрэхэд цэцэрлэг, сургуулийн хашаан дотор газар ухдаг байдлыг зогсоож өгөөч гэсэн хүсэлт ирж байна. Бид НИТХ-аар “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр батлуулсан. Иргэдийн аз жаргалтай амьдралын үндэс нь эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах явдал. Энэ эрхийг баталгаажуулах үүднээс нийслэлийн Засаг даргын хувьд шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлээд нийслэлийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайд бизнесийн зориулалтаар барилга барих ажлыг зогсоож байна. Дахиж миний гарын үсэгтэй нэг ч ийм шийдвэр гарахгүй. Харин орон сууцны хороолол дундах талбайд зөвхөн нийтийн зориулалттай автомашины зогсоол барьж болно. Ингэхдээ газар доор 2-3 давхар зогсоол барьж, дээр нь ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулахыг зөвшөөрнө” гэж мэдэгдэж байв.

Захирамжийн хоёр дахь хэсэгт сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт нэмж газар олгохыг хориглохоор заасан. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн газар дотор газар олгохоор бол зөвхөн тухайн сургууль, цэцэрлэгийг өргөтгөж, суудлын тоо, орны тоог нэмэх зорилготой бол олгох аж.
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.БАТБОЛД

 

 ОРШИН СУУГАА ГАЗРАА ӨМЧЛӨХ БОЛОМЖИЙГ ИРГЭДЭД ОЛГОВ
 

Цахим газар өмчлөлийг зогсоосон ч, оршин суугаа газраа хэрхэн өөрийн болгохоо мэдэхгүй яваа иргэдэд газраа өмчлөх боломжийг нийслэлийн Газрын албанаас олгож, гурван сарын аяныг зарласан. Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарыг иргэдийн өмчлөлд шилжүүлэх судалгааг нийслэлийнхэн хийжээ. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366,
  • Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13,
  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251,
  • Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269,
  • Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209,
  • Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар буюу дээрх хаягд оршин суугаа иргэд газартай болох эрхээ эдэлж байна.

Эхлээд газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингээд холбогдох баримт бичгийг нь цуглуулж, иргэдээр гарын үсгийг нь зуруулан баталгаажуулж асуудлыг газар дээр нь шийдэж байна. Нийслэлийн Газрын албанаас нийт 79985 нэгж талбарт зөвшөөрөлгүй оршин суугаа гэр хорооллын иргэдэд газрыг нь өмчлүүлнэ гэсэн судалгааг гаргажээ. Хэдийгээр эхний гурван сарын аянаар 3442 нэгж талбарыг нь өмчлүүлэх ч, 2018 ондоо багтаж үлдсэн 76543 нэгж талбарыг  одоо амьдарч буй иргэдэд нь өмчлүүлэх аж.
 


 

УБТЗ-Д 15 ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

 

67 жил маргаантай явсан Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын газрыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд есдүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, баталгаажуулжээ.

  • Улаанбаатар төмөр замын удирдах газар,
  • Вокзал,
  • Соёлын ордон,
  • Тээврийн дээд сургууль,
  • Зүтгүүрийн депо,
  • “Ган зам” зочид буудал,
  • Улаанбаатар төмөр замын “Улаанбаатар худалдааны төв”,
  • Гал унтраах анги,
  • Улаанбаатар төмөр замын Ногоон зоорь,
  • Авто тээвэр үйлчилгээний төв,
  • Улаанбаатар төмөр замын эмнэлэг зэрэг 11 байршилд газар эзэмших 15 гэрчилгээ олгов.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Монголын Засгийн газар Улаанбаатар төмөр замын объектын газрыг баталгаажуулах үүрэг хүлээжээ. Гэтэл 67 жилийн турш УБТЗ-ын удирдах газраас авхуулаад бусад объектын газар баталгаажаагүй, эзэмших гэрчилгээгүй байсан аж. Ингээд С.Батболд дарга захирамж гаргаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоожээ. Хотын дарга УБТЗ-ыг Монгол Улсад төдийгүй Улаанбаатар хотын эдийн засаг, хөгжилд дэмтэй байдгийг онцолсон. Тиймээс төмөр замчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах тал дээр онцгойлон анхаарч ажиллахаар шийдэж, газрын асуудлыг нь цэгцэлсэн байна. Цаашид нийслэл төмөр замын бүс рүү шахаж олгосон газрын гэрчилгээг эргэн нягталж, нэг тийш нь шийдэх аж.  

Д.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж