"Жеймс Бондын найз бүсгүй болохыг мөрөөддөг"

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

"Жеймс Бондын найз бүсгүй болохыг мөрөөддөг"

Шоронд хоригдож буй сэтгүүлчдийн тоогоор Турк улс дэлхийд тэргүүлж байна хэмээн Нью-Йоркт төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдэгдлээ.

Жүжигчин А.Туяатай ярилцлаа. Тэрбээр хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшнаасаа гарч, чөлөөт уран бүтээлч болоод байгаа билээ. Залуу уран бүтээлч маань хувийнхаа амьдралд илүү анхаарч, өөр зүйлд өөрийгөө сорихыг хүсчээ. Мөн хувийн бизнестэй болоод амжсан гэдгээ ч дуулгасан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Тун удахгүй “Single lady`s 3” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Өмнө нь нэг, хоёрдугаар ангийг үзэгчдэд хүргэж байсан шүү дээ. Хэр догдолж байна вэ?

-Юуны өмнө “NEWS” агентлагийн уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монголдоо анх удаа нэг, хоёр, гурван ангитай “Single lady`s” уран сайхны киног хийж, үзэгчдэдээ хүргэх гэж байна. Мэдээж догдлолгүй яахав. Над шиг догдолж буй олон бүсгүйчүүд байгаа байх. Бид өнгөрсөн зун киноны зураг авалтыг хийхээр бараг 6000 км аялж, ажлаа хийнгээ эх орныхоо байгалийн үзэсгэлэнг үзлээ. 

-Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонг харуулсан энэ кинонд тоглох саналыг анх хэрхэн хүлээж авч байв?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө анх жүжигчин Г.Ундармаа эгч маань над руу утсаар залгасан. Тэгээд надад “Эмэгтэйчүүдийн тухай кино хийнэ. Ганц бие гурван бүсгүйн тухай” гээд кино зохиолыг ярихад маш их таалагдсан. Бараг үйл явдал нь шууд нүдэнд харагдаад л эхэлсэн. Би “Single lady`s” кинонд тоглох саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Энэ кино бол миний ажилласан сайхан бүтээлүүдийн нэг. 

Миний хувьд энэ кинонд ганц бие ээжийн дүрд тоглодог. Энэ дүрээрээ маш олон ээжүүдийг төлөөлж буй учраас судалгаа хийх хэрэгтэй болсон. Би өөрөө ээж хүн болоогүй байгаа.  Тийм учраас нэлээд судалж, ярилцсаны үр дүнд тоглосон. Ямар нэгэн уран бүтээл дээр ажиллахад амархан дүр гэж байхгүй. Харин надад хэр ойр, хол дүр гэж л бий. Сараагийн дүр бол надаас маш хол дүр байсан. Ээж хүн хэрнээ маш гэнэн цайлган, адал явдалд дуртай бүсгүй шүү дээ.  

-Ганц бие бүсгүйчүүдийн амьдрал цааш хэрхэн өрнөх бол?

-“Single lady`s” киноны маань гол дүрийн бүсгүйчүүд ганц бие хэвээрээ адал явдал үргэлжилнэ. Одоохондоо киноныхоо талаар илүү ихийг ярьмааргүй байна. 

-Жүжигчин А.Туяа ихэвчлэн тайз, дэлгэцийн бүтээлд тачаангуй, секси эмэгтэйн дүрд тоглодог. Харин “Амьдралд нулимсанд дургүй” киноны Юмжирын дүр тэс өөр шүү дээ?

-Юмжирын дүр бол миний тоглосон дүрүүдээс тэс өөр л дөө. Найруулагч маань хүртэл гол дүрээ сонгохдоо “Харагдах байдал, зан характерын хувьд эсрэг хүнийг сонгосон. Чиний хувьд маш том эрсдэл хүлээж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд би зохиолтойгоо танилцаад эмэгтэй хүний амьдралд тохиолддог л асуудал юм байна гэдгийг ойлгосон. Одоогийн нийгэмд тийм амьдралтай маш олон эмэгтэйчүүд байдаг. Эргээд бодохоор энэ дүрдээ огт харамсдаггүй. Бас эсрэг дүр дээр ажиллахад сайхан санагдсан. 

-Тэгвэл тоглохыг хүсдэг дүр гэвэл?

-Би түүхэн кинонд тоглох юмсан гэж боддоггүй. Харин Жеймс Бондын найз бүсгүйн дүрд тоглохыг мөрөөддөг. Өөрөөр хэлбэл адал явдалт уран сайхны кинонд эрэлхэг бүсгүйн дүрд тоглох хүсэлтэй./инээв/

-Танд эротик дүрийн санал ирвэл хүлээн авах уу?

-Би монголын “Playboy” сэтгүүлд зураг авахуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ бүр бүтэн нүцгэн зураг авахуулаагүй. Энэ бас л миний зоригтой алхмуудын маань нэг л дээ. Түүнээс хойш янз бүрийн кинонд нүцгэн тоглох санал ирсэн. Харин би хүлээж авдаггүй. Хүмүүс намайг “нүцгэллээ” л гэдэг. Яг миний нүцгэлсэн зураг хаана харсныг асуумаар байна. Надад нүцгэлсэн киноны хэсэг ч байхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ шар хэвлэлийнхэн хүмүүсийг татахын тулд ингэж бичсээр л байдаг. Мэдээж гоё сайхан залуу насаараа гангарахын тулд зураг авахуулалгүй яахав. Тэрийг хүндрүүлээд ойлгоод байх шаардлагагүй байх. Манайхан гадны оддыг хараад үүн шиг болох юм сан гэж боддог шүү дээ. Тэгсэн хэрнээ монголдоо байгаа нэгнийгээ ингэж ярьж байгаа нь надад таалагддаггүй. Магадгүй хэдэн жилийн дараа хүмүүсийн хандлага өөрчлөгдөх байх. 

-Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Надад магтаалаас илүү шүүмжлэл нь дээр. Хамгийн гол нь хүнийг араар нь бус нүдэн дээр үнэнийг хэлсэн нь хамаагүй амар. Би өөрөө ч нээлттэй харилцааг эрхэмлэдэг. Би наанаа магтаж сууснаа буруу харахаар муулдаг хүнд дургүй. Шүүмжлэлийг хүлээж авна.

-Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшн оюутан байхаасаа ажиллаж эхэлсэн гэсэн. Чухам яагаад хошин урлагт хөл тавьсан талаар ярихгүй юу?

-Жүжигчин болох хүсэлтэй залуус тайз, дэлгэцийн аль нэг уран бүтээлчийг харж, шүтэж явдаг шүү дээ. Миний хувьд ч гэсэн адилхан. Анх Соёл урлагийн их сургуульд ороод шалгалт өгч тэнцээд, Ж. Лхамхүү багшийн ангид орсон. Оюутан байхдаа хошин урлаг, драмын театрын жүжиг, кино театрт кино их үзнэ. Би Гавьяат жүжигчин И.Одончимэг, Х.Баттулга /Аглуу/ ахтайгаа нэг тайзнаа гарах гэсэн хүсэл мөрөөдөлтэй болж, тоглолтыг нь үзэх их дуртай байлаа. Тэгээд л надад аз завшаан олдож, тэр том айлын жүжигчнээр ажиллах болсон. Миний өнөөдрийн сурсан бүхий л зүйл “Х-ТҮЦ” продакшны ах эгч нартай минь салшгүй холбоотой. 

-Одоо чөлөөт уран бүтээлч болсон уу. Яагаад “Х-ТҮЦ” продакшнаас гарсныг сонирхож болох уу?

-Би одоо чөлөөт уран бүтээлч. Хүнтэй муудалцаад л ажлаасаа гарсан юм байхгүй. Би өөрийгөө өөр зүйлд туршиж үзэж, чөлөөт цагтай баймаар санагдсан. Хошин урлагийн жүжигчид нэг тоглолтоос нөгөө тоглолтын бэлтгэл гээд цаг наргүй ажилладаг. Баяр ёслолоор ч гэсэн завгүй байдаг нь уран бүтээлч хүний онцлог л доо. Гэхдээ хувийн амьдралдаа илүү анхаарч, өөр зүйл хийж үзэхээр удаан бодсоны эцэст  продакшнаасаа гарсан даа. 

-Хошин урлагаас гараад кино урлагт өөрийгөө сорихоор шийдэв үү?

-Ерөнхийдөө надад уран сайхны кинонд тоглох санал маш их ирдэг. Миний хувьд жилдээ нэг юм уу хоёр чанартай уран бүтээлд тоглохыг боддог. Бусад үед нь өөрийнхөө хийж чадах ажлаа хийгээд явж байя гэж боддог. Одоо өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэж байна. Яг үнэндээ кино, рекламны санал бүрт тоглохыг хүсдэггүй. 

-Таныг хувийн бизнестэй болсон гэх юм?

-Би өөрийн хувийн бизнесээ хийж байгаа. Гэхдээ юу гэдэг нь одоохондоо нууц. Цаг нь болохоор хүмүүс мэдэх байх. 

-Хувийн амьдралдаа илүү анхаарах болсон гэлээ. Найз залуутай болсон гэж ойлгож болох уу?

-Хувийн амьдралаа мэдээж бодолгүй яахав. Найз залуу бий. Ер нь хүний амьдралыг төлөвлөж болдоггүй юм шиг санагддаг. Ганц хүний хүслээр болдог зүйл гэж юу байхав. Бүх зүйлийг цаг тохироо бүрдвэл гэр бүлтэй болно шүү дээ. 

-Зарим хүмүүс таныг царайлаг, нуруулаг бүсгүй яагаад загварын ертөнцөд хөл тавиагүй юм бол гэдэг. Бага байхдаа “Үнсгэлжин” наадамд оролцож байсан гэсэн?

-Намайг дунд сургуульд сурч байхдаа Урлах эрдэм дээд сургуульд суралцаж байсан эгч маань надад “Үнсгэлжин” наадамд оролцох санал тавьсан. Надад “Загвар өмсөх үү” гэдэг санал их ирж байсан. Гэхдээ надад загвар өмсөх сонирхол байгаагүй юм. 

Одоо ч моделиор ажиллах, янз бүрийн миссийн тэмцээнд хамтран ажиллах санал ирдэг. Өөрийнхөө чадах хэмжээнд оролцохыг боддог. Өнгөрсөн жил манай улсад зохион байгуулсан ‘Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор дэлхийн 60 орны мисс Монголд ирсэн. Энэ тэмцээнийг зохион байгуулах багт хамтран ажилласан. 

-Уран бүтээлч хүн олны нүдэнд ил амьдардаг учраас өөртөө анхаарах шаардлагатай байдаг. Жүжигчин А.Туяагийн хувьд өөртөө хэр цаг зориулдаг бол?

-Эмэгтэй хүн бүрт биеийн жин том асуудал байдаг. Би биеийн жингээ барих гэж хоолоо сойдоггүй. Миний хувьд энийг идвэл хэдэн грамм таргална, турна гэдгийг сайн мэднэ. Тийм учраас хоолоо сойхгүйгээр тохируулж хооллодог. Мөн амьдралыг илүү гэгээлгээр харахыг хичээдэг.  Гэхдээ хүний амьдрал болсон хойш үргэлж инээгээд явна гэж юу байхав. Аль болох өөрөөсөө гэрэлтсэн байхыг хүсдэг. 

Хувцаслалтын хувьд хэтэрхий гялалзсан хувцас, чимэглэл авдаггүй. Бараг бугуйн цагнаас өөр чимэглэл хэрэглэдэггүй. Аль болох энгийн, өөрт эвтэйхэн цэвэр хувцасладаг. 

-Цаашдаа ямар уран бүтээл дээр ажиллах бол?

-Удахгүй энэ сарын 18-нд “Single lady`s” кино маань нийслэлд нээлтээ хийгээд,  орон нутгаар явна. Миний хувьд өвлийн улиралд киноны уран бүтээлд оролцох бодолгүй байдаг. Манай киночид ч гэсэн өвөлд уран бүтээл хийгээд байдаггүй шүү дээ. Харин дараа жилээс өөрийн бодсон нэг киноны ажилд орно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж