Москвагийн иргэд санаа зоволгүйгээр цоргоноос гоожиж байгаа усыг шууд ууж болно хэмээн Москва хотын Думын Экологийн зөвлөлийн дарга Зоя Зотова РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Хэдийгээр ундны ус асуудалгүй цэвэр байгаа ч Москва хотод экологийн өөр тулгамдсан асуудал их байна хэмээн тэрбээр онцолжээ. Ус хангамжийн сүлжээг шинэчлэх, ус цэвэршүүлэх шинэ технологийг нэвтрүүлэх, усны алдагдлыг бууруулах гээд олон ажил хийсний дүнд Москва хотын ундны ус дэлхийн стандартын түвшинд хүрснийг Зоя Зотова хэллээ.
Гэсэн ч агаарын бохирдол, авто машинаас агаарт хаягдаж байгаа хортой бодис, мөн том үйлдвэрүүдийн хаягдал зэрэг шийдэл хүлээсэн экологийн асуудлууд нийслэл хотод их байгаа юм. Нийслэл хотын экологийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд Москва хотын захиргаанаас тавьж буй экологийн шаардлагыг хангасан үйлдвэрүүдэд ажиллах зөвшөөрөл олгох бодлого барина гэлээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Москва хотод 400 орчим ногоон байгууламжийг барьсан байна. Үүнд, 90 цэцэрлэгт хүрээлэн, 20 гудамж байгаа юм. Мөн 128 шинэ цэцэрлэгт хүрээлэн барихаар хотын захиргаа төлөвлөж байгааг Зотова хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ