Си Жинпиний баруун гар

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Си Жинпиний баруун гар

Си Жинпиний баруун гар

Ван Цишан, Си Жинпин нар

Хятадын Коммунист намын XIX их хурал эхлэх дөхөж, элдэв таамаг цуурхал газар авч байна. Намын их хурал энэ сарын 18-нд эхлэх юм. Хурлаар Си Жинпиний хоёр дахь бүрэн эрхийг зөвшөөрөх тухай хэлэлцэнэ. Мөн нам залуучуудаар цус сэлбэж өндөр албан тушаалын халаа, сэлгээ хийгдэх төлөвтэй. Тэгвэл Хятадын дарга Си Жинпин нас өндөр болсон “өөрийн баруун гар” Ван Цишаныг дэргэдээ авч үлдэхийг хичээж байгаа тухай шум таржээ. Ирэх онд 70 насыг зооглох Ван Цишан нь авлигын эсрэг тэмцэлд гол үүрэг гүйцэтгэж буй эрхэм аж. Гэвч тэрбээр энэ онд 69 насыг зооглож, тэтгэвэрт гарах болжээ. Тэгвэл 64 настай Си Жинпин эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Хятадын өндөр албан тушаалтнуудын тэтгэвэрт гарах насыг 70 болгож сунгаж магадгүй гэнэ.

Таамаг

Ван Цишан

Ван Цишан нь бусдын анхаарал татахуйц өндөр албан тушаал хашдаггүй боловч Хятадын хүчирхэг улстөрчдийн нэгд тооцогдож байна. Хятадын дарга Си Жинпиний дотны найз, хамаатан, хуучин туслах зэрэг нийт 16 хүний 12 нь Ван Цишан энэ удаад нэлээд өндөр албан тушаалд очих нь гарцаагүй гэдгийг баталжээ. Тэрбээр нь Хятадын Коммунист намын бодлого боловсруулах байнгын хорооны долоон гишүүний нэг юм. Тус хорооны гурван гишүүний таамгаар Ван Цишан Хятадын үндэсний аюулгүй байдлын комиссын хоёр дэд даргын нэгд томилогдох өндөр магадлалтай байна. Цаашлаад Си Жинпин даргын суудлаа хадгалж үлдвэл Ван Цишан Коммунист намын дэд дарга ч болох боломжтой гэнэ. Өөр нэг сценари яригдаж байгаа нь Ван Цишан Хятадын одоогийн ерөнхий сайд Ли Көцяныг сэлгэж магадгүй гэнэ. Ямартай ч Ван Цишаны дараагийн албан тушаал Хятадын эдийн засгийн төлөвлөлтөд нөлөөлөхүйц эрх мэдэлтэй байхыг ажиглагчид хэлж байна. Хятадад сүүлийн жилүүдэд төрийн эзэмшлийн компани, аж ахуй нэгжүүдийн ашигтай ажиллагаа буурч, өрөнд идэгдэх болсны эсрэг Ван Цишан шиг туршлагатай хүн хэрэгтэй байгаа аж. Тэрбээр өмнө нь Хятадын эдийн засгийн хорооны дэд захирлаар ажиллаж байхдаа 2008 оны олон улсын санхүүгийн хямралыг даван туулахад багагүй үүрэг гүйцэтгэжээ. Мөн Хятадын Төв банкны дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай. 

Ван Цишан нь Хятадын авлигын эсрэг тэмцлийг гардан гүйцэтгэж буй Хятадын Сахилгын төв хорооны Үндэсний Хяналт, шалгалтын комиссын даргаар ажиллаж байна. Гэхдээ түүнийг энэ албан тушаалд хэвээр үлдээх нь алсдаа авлигын эсрэг Си Жинпиний гэхээс илүү Ван Цишаны бодлого болж хувирах эрсдэлтэй гэж үзжээ. 

Бэлтгэл

Өнгөрсөн зуны турш эзгүй байсан Ван Цишан намын хурал дөхсөн сүүлийн сард гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах зэргээр идэвхийлэх болжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Сингапурын ерөнхий сайд, Камбожийн ерөнхий сайдын орлогч нарыг Бээжинд хүлээн авч уулзсан бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын зөвлөх асан Стив Баннонтой нууцаар уулзсан аж. 

Гуо Вэнгуй

2013 онд байгуулагдсан Үндэсний Хяналт, шалгалтын комиссын дарга Ван Цишан өнгөрсөн хугацаанп 1.34 сая хүнийг авлигын хэрэгт шалгаж, олон арван өндөр албан тушаалтныг торны цаана суулгасан юм. Тухайлбал, Чунчин хотын намын дарга Бо Силай, УТТ-ны байнгын хорооны гишүүн Жоу Юнкань, цэргийн төв комиссын дэд дарга, генерал Гуо Босюн, Ху Жинтаогийн зөвлөх асан Лин Зихуа нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахуулийн хэргээр шоронд хорьсон. Харин тэд Хятадын дараагийн удирдагчийн суудалд очих өндөр магадлалтай, өсөж яваа улстөрчид байв. Өнгөрсөн хугацаанд авлигын хэрэгт ороогдон албан тушаалаа алдаж, хөрөнгөө хураалгаж, шоронд хоригдсон улс төр, бизнес, цэрэг армийн албан тушаалтнуудыг цогцоор нь харвал Ван Цишан өөрийн болон Си даргын өрсөлдөгчдийг нам дарсан аж. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр Ван Цишан өөрөө тэтгэвэртээ гарахыг хүсч байж ч магадгүй гэнэ. Ван Цишан тэтгэвэртээ гарснаар оргодол тэрбумтан Гуо Вэнгуйн хувьд ялалт болох аж. Нью-Йоркод үл хөдлөхийн бизнес эрхэлдэг Гуо Вэнгуй нь 2014 онд Коммунист нам болон Ван Цишан, түүний гэр бүлийн авлигын хэргийг Твиттер сүлжээгээр жиргэж байв. Үүний дараа түүнийг авлигын хэрэгт буруутгаж, Хятадын засгийн газраас эрэн сурвалжлах хүсэлтийг олон улсын “Interpol” агентлагт өгчээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж