Үзвэрийн газруудаас өлгүүр шаардъя

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Үзвэрийн газруудаас өлгүүр шаардъя

Үзвэрийн газруудаас өлгүүр шаардъя

Дуурь, драмын театрууд намар, өвлийн үзвэрийн улирлаа нээлээ. Театрт түүхэн жүжгүүд тавигдаж, сонгодог урлагийн ягаан байшин агуу “Аида” дуурь, “Хунт нуур”-аа толилуулж, үзэгчид дүүрэн байна.

Киноныхон зуны хугацаанд амжуулсан зураг авалт, эвлүүлэг, монтажаа дуусган, түрүүчээсээ үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Хошин урлагийн студи, продакшнууд ч мөн том гэсэн үзвэрийн газруудыг түрээслэн, шоу тоглолтынхоо зарыг телевизүүдээр битүү түгээж байна.

Намар, өвөл бол урлагийнхны хувьд үзэгчдийг татах, бүтээлээсээ ашиг олох хамгийн тохиромжтой улирал. Ээлжийн амралтууд дуусч, хичээл сургууль цуглаж, нэг ёсондоо бүгд хотод төвлөрдөг болохоор үзвэр, үйлчилгээний газруудын ачаалал одооноос ид нэмэгдэж байгаа.

Үзвэрийн улирал, кино ший үзээд явахаар байнга анзаарагддаг нэг том дутагдал байдаг нь гадуур хувцсаа өлгөдөггүй, өлгүүлье ч гэдэггүй зуршил. Бүр зарим үзвэрийн газарт өлгүүр ч байхгүй. Дуурь, драмын театр бол жигдэрчихсэн. Гэхдээ драмын театр дуурийг бодвол тохь тух муутай, удаан суухад сэрүүн тул үзэгчдийн зарим нь хувцсаа нууж авч орох гэдэг.

Харин хамгийн их хүн очдог, тасралтгүй шахам танхим дүүрэн үзэгчтэй байдаг кино театруудад үзвэрийн соёл гэдэг зүйл үнэхээр дутагдалтай. Өвөл бүр хэцүү. Танхим дүүрэн пөөнийсөн хүмүүс. Том том гадуур хувцсаа нэг тайлж, нэг өмсөөд л. Зарим нь бүр ороолт, малгайтайгаа сууж харагддаг. Шовойсон ноосон малгай тавьчихаад, арынхаа үзэгчдийг хүндлэх гэдэг тухай бараг боддог ч үгүй байх. Кино театрын зүгээс ч шаардлага тавьдаггүй, гадуур хувцсыг нь хүлээж авах өлгүүр ч олонхид нь байхгүй. Хүмүүс нь ч бараг дасчихсан, тоохгүй.

Уран зургийн галерей, урлангууд байна. Бас л зорьж очиж байгаа хүмүүс машинаа тавих зогсоолгүй, дотор нь ороод хувцсаа тавих өлгүүргүй. Тансаг зураг, шил толь болсон галерейн танхим руу шавхайгаа чирж, хувцсаа сугавчлаад л хүмүүс ордог.

Үзвэрийн газраас цаашилбал том дэлгүүр, супермаркетуудыг ч энд хэлж болно. Том том малл, дэлгүүрүүд нээгдэж, үнэтэй брэндүүдээр лангуугаар дүүргэж байгаа ч худалдан авагч өвлийн улиралд хувцсаа өлгүүлээд орох зай талбай бараг гаргадаггүй. Хүмүүс хувцсаа чирээд, хүүхдээ тэврээд дэлгүүр хэслээ гэхэд хэр удаа аж дээ. Монголын сервис, үйлчилгээ, үзвэрийн газрууд хүнээ боддоггүйн хамгийн наад захын дутагдлын нэг яах аргагүй л өлгүүрийн соёл. Нэг талаас үүнд үйлчилгээний байгууллагууд анхаарал хандуулдаггүй, нөгөөтэйгүүр хүмүүс ч нэг их хүсдэггүй, хүмүүжил, соёл суугаагүй байна. Уг нь үзвэр, үйлчилгээний газраар явж байгаа хүн өлгүүрт хувцсаа өгөх, тэр байтугай өлгүүргүй хувцас өмсөх нь өөрөө бүдүүлэг.

Б.БАЯСАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж