УИХ -ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон. Хуралдаан 09:50 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлсэн ч Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Шинэ Засгийн газар байгуулагдан, 2017 оны төсвийн тодотголыг үзэж, танилцах нь зүйтэй байна’ гэдэг үндэслэлээр хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ажлын хэсэг байгуулах тухай, бусад асуудал хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авав.
Ш.ОЧ